Тууз хайчилж гоё харагдъя

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Тууз хайчилж гоё харагдъя

“Хийх гэж буй ажлаа төлөв­лөнө гэдэг тухайн ажлынхаа талыг нугалсан гэсэн үг” хэ­мээх залхуу хүмүүст зориулсан үг байдаг даа. Тэр үгийг манай төрийн томчууд тархиндаа нэлээд сайн суулгаж авчээ. Хэрвээ байшин барихаар бол­бол тэднийхээр зүгээр шав тавьж, тууз хайчилчихвал бараг л сүндэрлэчихнэ. Шав тавих ёслол гэхээр мэдээж сайхан хувцас, энгэрийн тэмдэгтэй дүр зураг харагдана шүү дээ. Том том ангайж инээгээд л. Дээр нь морин хуур, уртын дуу, лам, арц, хүж гээд л энгийн хөдөлмөрчнийг илтгэх нэг ч зүйл байхгүй. Энэ нь ч сайхан биз дээ. Тийм хүндтэй ёслол дээр хир даг болсон шороотой хувцас өмссөн барилгачин зогсоож, тууз хайчлуулна гэж юу байхав дээ. Угаасаа тийм зүйл болвол зурагтаар муухай харагдана шүү дээ. Харин өөрийн карьераа өсгөх боломж хайсан хэн нэгний хувьд тууз хайчилна гэдэг байж болох зүйл. Цагаан бээлий өмсчихөөд алтан шармал хайч гартаа бариад зогсож байна гэдэг нэр хүндийн хэрэг.

Болж өгвөл ийм ажлаа мэргэжлийн компаниудад хан­даж хийлгэж байх хэрэгтэй. Шоубизнесийн хөгжилд ч тустай шүү дээ. Манайд кино, клип хийдэг гэсэн нэрийн дор ийм үйлчилгээ үзүүлдэг компани олон бий. Та хэрвээ ийм үйлчилгээ авмаар байгаа бол ямар байшин, барилгын нээлтэнд очих вэ гэж толгой өвтгөх ч шаардлага байхгүй. Шоу бизнесээр мөнгө олдог ийм компаниуд хөтлөгч охидыг ёоз ёозоор нь хувцаслаж авчирна. Дээр нь лам нарыг арц хүж, ном судартай нь ч хөлслөөд амждаг юм. Мөнгө ахиухан өгвөл өдрөөр ч салют буудуулж мэднэ шүү. Дээр нь хотын гудамжаар дүүрэн хөдөөнөөс ирсэн уртын дуу оролдогчид бий. Тэд нар техник хэрэгсэл, микрофон гээд материал го­лохгүйгээр орилж өгч чадна. Үнэ нь ч хямд. Тэгээд өнөөх ёслолынхоо нээлтэнд хэлэх үгийг сайхан хөтөлбөрт нь бэлдүүлчихэж болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй “Алга ташив” гэж хэлж онигоотов.

Яаж ч бодоод үзсэн ингэ­вэл гоё харагдана биз дээ. Дараа нь тэр барилга эсвэл гүүр, төмөр зам чинь чанартай эсэх нь танд ямарч хамаагүй. Бүр газар хөдөлөлтөд тэс­вэргүй гээд акталсан ч таны асуудал биш. Түүнээс биш хүүхдүүдэд хайртай гээд тран­шейний бацаан өвөр дээрээ суулгачихаад зурагтаар гарч байвал гоё харагдахгүй шүү.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж