Төрийн албан зөвлөлөөс зохион байгуулсан зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүн гарсан байна. Ингээд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Батбямбыг тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлжээ.
Тэгвэл одоо Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дээрх дүгнэлтээс Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга томилох асуудлыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн шийдэх юм.
Дашрамд дуулгахад оны өмнө Засгийн газрын шийдвэрээр С.Наранцогт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан юм. Тиймээс дээрх хоёр эрхэмд тохируулсан сонгон шалгаруулалтыг зарласан гэх хардлага олон нийтийн дунд байна.
—————————————————————————————————–
С.Наранцогт нь: Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус дүүргэсэн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. ШУТМТөвд ахлах инженер, Сангийн яам, БСШУЯам, Хөдөлмөрийн яамд газрын дарга зэрэг албыг хашиж байсан байна.
—————————————————————————————————–
Х.Хэрлэн нь: 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ‘Монгол Шуудан’ компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, ‘Дарханы төмөрлөгийн үйлдвэр’ ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.
Товч намтар:
- 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль
- 1985-1991 онд Политехникийн дээд сургууль
- 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч
- 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ
Ажилласан жилийн туршлага:
- 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
- 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга
- 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
- 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал
- 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга
- 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирлын албан тушаалыг хашиж байжээ.
Т.НОМИН