МАХН байгуулагдаж, намын нэгдүгээр чуулганыг зохион байгуулснаас хойш долоон жилийн дараа намын II их чуулганаа зохион байгуулав. Гэхдээ хоёр удаа зохион байгуулж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хэн нь дарга болох вэ гэдгээ “үзэв”. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд оны өмнө буюу 2017 оны арванхоёрдугаар сард намынхаа II их хурлыг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр О.Баасанхүүг намын даргаар сонгож, Улсын дээд шүүхэд хандсан. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлч буюу хоёрдугаар сарын 9, 10-ны өдөр Н.Энхбаяр МАХН-ын II их хурлыг зохион байгуулж, намын даргаараа удиран сонгогдсон. Улс төрийн намуудын жишгээр бол их хурлаа шинэ дүрмээ батлуулсан бол намын даргаа ч батлуулдаг.
Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Эрдэнэжамъяан болсон тус намын гишүүд хэвлэлийн хурал хийхдээ “О.Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш” гэсэн тайлбарыг өгч байсан. Мөн намын их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл хийх үеэрээ “МАХН бол УИХ-д нэг суудалтай нам хэвээр. Харин тэр суудалд хэн байх вэ гэдгийг бид дотооддоо шийдвэрлэнэ” гэв. Өөрөөр хэлбэл, УИХ-д МАХН нэг суудалтай нам хэвээр үлдэнэ. Харин О.Баасанхүү эргүүлэн татах эсэхээ намын дотооддоо шийднэ гэх тайлбарыг өгөв.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль үе үеийн парламентад өргөн баригдаж байсан ч хэлэлцэгдэж, батлагдсан хууль өнөөдөр байхгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхий хуулиар зохицуулсан боловч хариуцлага тооцох, эргүүлэн татах хууль өнөөдрийг хүртэл батлагдсангүй. 2006 онд баталсан УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалт байсан ч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хүчингүй болгосон. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн гурав дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түд¬гэл¬зүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул ги¬шүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эгүү¬лэн татна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд хамаарна гэсэн үг. Хуульд УИХ-ын гишүүнийг баривчлах ганцхан үндэслэл бий. УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлийн 6.9.1-д “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд баривчилж болно” гэсэн хуулийн заалт байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2013 онд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг хууль батлахаар санаачилсан талаараа танилцуулж байсан ч мөн л сураг алдарсан. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл 2015 онд өргөн барьсан боловч З.Энхболдын тэргүүлж байсан парламент батлаагүй. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дахин 2017 онд МАН-ын парламентын үед өргөн барьсан. Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхой тусгасан юм. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл сураг алдарсан.
Тэгэхээр УИХ-ын гишүүнийг шууд эргүүлэн татах үндэслэл байхгүй. Мөн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдаагүй л бол баривчлах эрх нь ч хаалттай. Саяхан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг халж, гэмт хэрэгт холбогдсон бол шалгах, прокурорын зөвшөөрөлтэй байцаалт авах эрх нь нээгдсэн шийдвэр гаргасан. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эргүүлэн татах асуудал хөндлөө гэхэд УИХ-ын гишүүдийн дэмжлэг хэрэгтэй. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын дарга Н.Энхбаяртайгаа тохиролцож чадвал намдаа ч, УИХ-даа ч үлдэнэ.
Ш.ЧИМЭГ