Солонгосын хойгийн хуваагдсан үндэстнийг нэг далбаан дор нэгтгэснээрээ энэ удаагийн өвлийн олимпийн XXIII наадам хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ гүйцэтгэлээ.
Өмнөд Солонгосын Пёнчан хотноо үргэлжилж буй спортын наадамд Пхеньян өргөн бүрэлдэхүүнийг илгээсэн юм. Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охин дүү Ким Ёо Жоныг илгээсэн нь хоёр орны харилцаанд том дэвшил болсныг ажиглагчид онцолж байна.
Ким Ёо Жон 1950-1953 оны дайнаас хойш Өмнөд Солонгост айлчилсан Кимийн гэр бүлийн анхны гишүүн болов. Түүнийг Хойд Солонгосын Ардын ассамблейн ерөнхийлөгч, 90 настай Ким Ён Нам дагалджээ. Ким Ёо Жон ахынхаа нуусан хөзөр болон гарч ирснээр олон улсын анхаарлыг татаж эхэллээ.
Ким Ёо Жон тэргүүтэй зарим төлөөлөгчид өвлийн олимпийн нээлтэд оролцсоныхоо дараа ням гаригт нутаг буцжээ. Тэр Өмнөд Солонгост байх гурав хоногийн хугацаанд 70 гаруй жил дайсагнасан хоёр орны харилцааг зөөллөв.
Ким Ёо Жон өвлийн олимпийн нээлтийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Японы ерөнхий сайд Шинзо Абе нараас хэдхэн метрийн зайтай суун үзжээ. Түүнийг Пхеньяныг олон улстай холбох гүүр болохыг зорьсон гэж ажиглагчид дүгнэж, Ким Жон Уны зөөлөн дипломат аргыг сайшаав.
Дэлхий дахин үйлдэл бүрийг нь ажиглаж байсан ч Ким Ёо Жон маш тайван, өөртөө итгэл төгс байж, аливаа арга хэмжээний үеэр алдаа эндэл гаргасангүй. Ахыгаа бодвол эелдэг зөөлөн төрхтэй Ким Ёо Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Пхеньянд айлчлахыг урьж, улстөрчидтэй инээмсэглэн гар барих зэргээр уриалгахан байв.
Тэрбээр Хөх ордонд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзалт хийж, өдрийн зоог барьсныхаа дараа ахынхаа хувийн нисэх онгоцоор нутаг буцжээ. Ким Ёо Жон өдрийн зоогийн үеэр хоёр орны хооронд ижил, төстэй зүйл олон байгаад гайхширснаа нуугаагүй аж. Харин Мун Жэ Ин Хойд Солонгос болон АНУ-ын хооронд яриа хэлэлцээрт зуучлах хүсэлтээ илэрхийлжээ. Өмнө нь хоёр Солонгос Ким Жон Илийн үед 2000 болон 2007 онд хоёр удаа Пхеньянд уулзалт хийж байв. Мун Жэ Иний хандлагаас харвал тэрбээр Хойд Солонгост айлчлах магадлал өндөр гэнэ. Хойд Солонгостой хамт нэг далбаан дор өвлийн олимпод оролцохын тулд Мун Жэ Ин багагүй найр тавьжээ. Тухайлбал, Хойд Солонгосын 100 гаруй хүнтэй "Моранбун" охидын хамтлагийг нутаг буцаахын тулд Сөүлийн тал олон улсын хориг арга хэмжээг зөрчин, "Манёнбун-92" гатлага онгоцоороо үйлчилжээ.
Ким Ёо Жон гэж хэн бэ?
Өдгөө 30 настай Ким Ёо Жон бол Ким Жон Илийн бага охин. Тэрбээр Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын суртал ухуулга, итгүүлэн үнэмшүүлэх газрын даргын албыг хашдаг аж. Тэрбээр ах Ким Жон Унтай тун дотно. Учир нь тэд хамтдаа Швейцарь улсад 1996-2000 оны хооронд гэр бүлээсээ тусдаа, өөр хүний нэрээр сургуульд суралцаж байв. Ким Ёо Жон эргэж ирээд Ким Ил Суны Цэргийн их сургуулийг төгсөж, дараа нь компьютерийн чиглэлээр мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр 2015 онд төрийн өндөр албан тушаалтан Чой Рён Хэгийн хүү Чой Сунтай гэрлэж, тавдугаар сард нь хүүхэд төрүүлсэн гэж Сөүлийн эх сурвалж мэдээлжээ. Харин Хойд Солонгосын тал үүнийг үгүйсгэдэг.