Евгения Медведева, Алина Загитова нарын хэн нь илүү вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Евгения Медведева, Алина Загитова нарын хэн нь илүү вэ?

Евгения Медведева, Алина Загитова нарын хэн нь илүү вэ?

Өвлийн олимпийн хамгийн сонирхол татам төрлүүдийн нэг бол яахын аргагүй уран гулгалтын спорт, тэр дундаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл юм. 2010 он гарснаас хойш  "Мөсний хатан" хэмээн өргөмжлөгдсөн олимпийн аварга, БНСУ-ын тамирчин Ким Юна ноёрхож байсан ч 2014 онд Сочигийн олимпод ОХУ-ын Аделина Сотниковад асуудалтайгаар ялагдан, мөнгөн медаль дээр бууж, улмаар их спортоос зодог тайлсан нь энэ төрлийн өрсөлдөөнийг ширүүсгэсэн гэхэд болно.

Ялангуяа олимпод түрүүлэхээсээ өмнө  улсын аваргад байнга түрүүлдэг байсан Аделина Сотникова олон улс болон дотоодын тэмцээн уралдаанд оролцох нь багасч, түүнтэй нэгэн үе хүчтэй өрсөлддөг байсан Юлия Липницкая биеэ тоож, оддын өвчин тусч, бэлтгэл сургуулилтаа хийхээ байсан тэр үед Этери Тутберидзе дасгалжуулагч нэгэн эрдэнэсийг нээн гаргаж ирсэн нь өдгөө 18 настай, өнөө цагийн шилдэг гулгагчдын нэг, олимпийн аваргаас бусад цол хэргэмийг хүртсэн Евгения Медведева юм.

Медведева нь 2016 оны Бостоны дэлхийн аваргад 16-хан насандаа түрүүлснээс хойш 2017 оныг дуустал оролцсон бүх тэмцээндээ түрүүлж байсан ч өнгөрсөн оны аравдугаар сард Ростелком цомын тэмцээнд оролцох үедээ хөлийн сарвуугаа хугалснаар тодорхой хугацаанд тэмцээнд оролцохоо хязгаарласан юм. Энэ үеэр спорт сонирхогчдын дунд Алина Загитова гэх нэр сонсогдох болсон билээ. Татар гаралтай 2002 онд Алина Загитова үе тэнгийнхнээсээ хол тасархай гэдгээ өсвөрийн тэмцээнүүдэд харуулан өнгөрсөн жилийн 9 сараас насанд хүрэгчдийн тэмцээнд оролцохоор болж хамгийн түрүүнд "Ломбардиа Трофи"-д түрүүлэн, улмаар "Бээжингийн гран при", Парисын гран при, оны төгсгөлд Гран прид түрүүлсэн шилдгүүд оролцдог Grand prix of figure skating Final-д түрүүлэн гэнэт цойлон гарч ирсэн юм.

Таван настайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэх болсон Алина Загитов болон Евгения Медведева нар Оросын үе үеийн шилдэг уран гулгагчдыг бэлдэн гаргадаг Этери Тутберидзе, Сергей Дудаков нарын мундаг хоёр дасгалжуулагчийн удирдлага доор хамтдаа бэлтгэл сургуулилтаа базаадаг юм.

Алина нэгэн хэвлэлд "Евгения Медведева байгаа учраас би өөрийгөө улам их хурцалдаг. Дасгалжуулагч бидэнд шударга бус өрсөлдөөн хэзээ ч гаргаж болохгүй гэж захидаг" хэмээн ярилцлага өгч байжээ.

Мэргэжилтнүүд хоёрхон сарын өмнө Пёнчанд Медведеваг алт авна, Бээжингийн олимпод Алина Загитоваг түрүүлнэ хэмээн таамаглаж байсан бол саяхан Орост өндөрлөсөн Европийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэний дараа тэдний бодол өөрчлөгдсөн юм. Тэрхүү тивийн аваргад, Алина Загитова, хөлийн бэртэл нь бүрэн эдгээгүй Евгения Медведеваг ялж, алтан медаль хүртэн, Медведевагийн хоёр жил гаран ялагдаагүй байсан цувралыг зогсоосон. 

Дасгалжуулагч Этери Тутберидзе хэлэхэдээ, "Техникийн хувьд Загитова илүү гэхэдээ Медведева туршлагаар илүү аль нь ч олимпод түрүүлэх боломжтой" гэж мэдэгджээ.

Пёнчаны олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр энэ сарын 21-нд Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх бол чөлөөт үзүүлбэр 23-нд 09:00 цагаас явагдана.

Ю.ЧИНБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж