Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Зориуд цоолсон хууль
Таны эргэн тойронд нү­дэнд үл ха­рагдах хуулийн торон сүл­жээ бий. Замын хөдөлгөөн зөрч­вөл торгож байгаа цагдаа, их зан гар­ган араасаа гүйлгэх хүнд сур­талтай төрийн албан хаагчид, бизнесийг чинь боо­милоод байгаа учир нь ойл­гогдохгүй элдэв журам заавар бүгд л хуульд нийцсэн байх ёстой.
Энгийнээр хэлбэл, хууль болон түүнд нийцүүлэн гар­гасан хууль тогтоомж нь төрийн зүгээс засаглалаа хэ­рэгжүүлж буй үндсэн хэлбэр мөн. Гэтэл хууль шударга бус бол иргэдийн зүй ёсны дур­гүйцлийг төрүүлж засаг төрдөө өсөрхөх, хуулийг зөр­чих зэрэг олон сөрөг үзэгдлийг дагуулдаг.

Сүүлийн үед нийгэмд бу­химдал үүсгээд байгаа нэгэн асуудал бол нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокуророос өгсөн албан бичгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хү­лээн авах боломжгүй гэж үз­сэн явдал болоод байна. Ми­ний бие өмнө нь нэгэн нийт­­лэл дээрээ “Эрдэнэтийн за­хи­рал байсан хүн яагаад заа­вал баян байх ёстой юм бэ”, “Төрийн албан хаагчдын хөрөнгө орлого нь цалинтайгаа шууд хамааралтай байх ёстой, хөрөнгөжсөн бол үүнийг шал­гахад хэцүү биш, гагцхүү са­наачлага дутаж байна” гэсэн са­нааг дэвшүүлж байлаа. Хуульч гэхээсээ илүү жирийн ир­­гэ­­дэд ч ойлгомжтой, энэ асуу­дал нэр бүхий гишүүдтэй хол­богдон босч иртэл гэнэт ийнхүү саадтай тулгарчээ.
УИХ-ын гишүүнийг гэмт хэргийн явцад, үйлдэл дээр нь эд мөрийн баримттай нь баривчилсан бол эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудлыг ярина, өөр тохиолдолд болохгүй хэмээн Д.Одбаяр тайлбарлаж, сэтгүүлчид энэ нь шударга бус байна, хэрэгжих боломжгүй хэмээн бичиж байна.
Хууль зүйн хувьд өнөөдрийн байдлаар Д.Одбаярын гарцаагүй зөв. Сэтгүүлчдийн бичиж байгаа ч үнэн. Асуудлын гол нь Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1-д байгаа юм биш. Уг хуулийн 6.9.2 хааччихсан бэ гэдэгт л байна.
Хууль гэдэг өөрөө бүлэг, зүйл, заалт, хэсэгтэй байдаг. Нэг зүйлд хэд хэдэн заалт, хэсгүүд ч байж болдог. Ингэснээрээ тухайн зохицуулж байгаа харилцаагаа бүрэн зохицуулах зорилго агуулна. Жишээ нь:

5.1.Дараах иргэдэд төрөөс тэтгэмж олгоно:
5.1.1. Төрийн албан хаагч
5.1.2. Хувийн хэвшилд ажиллагч
5.1.3. Оюутан
5.1.4. Өндөр настан
5.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
5.1.6. Ажилгүйчүүд
5.1.7. Хувиараа бизнес эрхлэгчид
5.1.8. Малчид гэсэн хуулийн зүйл байлаа гэж бодъё л доо. Гэтэл үүнээс 5.1.3, 5.1.7-г хасчихвал томоохон маргаан дэгдэнэ. Оюутны холбоо жагсаал хийж, Д.Оюунхорол гишүүн мэдэгдэл хийнэ, үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын С.Дэмбэрэл нар хоолойгоо цуцтал зурагтаар ярина. Иргэний хөдөлгөөнүүд ч лав зүгээр суухгүй. Учир нь хуулийн зүйл заалт нийгмийн гишүүдийг бүрэн хамрахгүй, хэсэг бүлгийг нь орхигдуулсан, дутуу дулимаг болсноос тэр шүү дээ. 5.1.4-ийг хасчихвал Баасан гуай лав хэн нэгэн гишүүнийг багалзуурдах ч энүүхэнд байх даа.
Хуулийн зүйл заалт гэдэг бол хэн нэгний үзэмж, үзэгний үзүүр, хэсэг зуурын сэтгэлийн хөдлөлөөр биш бодлого, нөр их судалгаагаар бүтдэг зүйл. Аливаа харилцааг зохицуулахдаа дутуу дулимаг орон зай үлдээснийг бид хуулийн цоорхой ч гэж ярьдаг. Энэ цоорхойгоор хэдийгээр хууль бус биш боловч шударга бус зүйлүүд урсдаг жамтай.
2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын тухай хуулиас эрхэм гишүүд маань дээр дурьдагдсан 6.9.1-ийн доор байсан 6.9.2-ийг нь авч хаясан байна. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн нь гэмт хэргийнхээ үйлдэл дээр, гэмт хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баригдсанаас гадна хэрвээ түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэх журамтай байж. Хэрэг болгон үйлдэл дээрээ баригдахгүй, ялангуяа албан тушаалын гэмт хэрэг бол хэзээ хойно илэрдэг жамтай тул энэ тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж асуудлыг судалсны дараа прокурор үндэслэлтэй гэж үзвэл асуудлыг УИХ-д оруулахаар зохицуулсан байжээ. Гэтэл энэхүү харилцааг зохицуулж байсан хоёр заалтын нэгийг нь хүчингүй болгосноор хуулийн цоорхой үүсэх нь тэр. Зориудаар цоолсон гэж хэлж болно.
Бүр энгийнээр авч үзвэл нэгэн эрхэм гишүүн хүн дайрч алчихаад хэргийн газраас зугтсаныг нь цагдаагийнхан илрүүлээд эрхийг нь түдгэлзүүлье гэхэд “Уучлаарай, эрхэм гишүүн хэргийн газарт үйлдэл дээрээ, эд мөрийн баримттайгаар баригдаагүй учраас эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй” гэсэн хариулт өгөхөөр байна, энэ цоорхойгоор. Дайруулсан жирийн иргэн мэт нь хэнд ч хамаагүй.
Ийм том цоорхой үүсэхэд уг хууль нь амьд амьтансан бол ёолон гинших байсан биз. Хэдхэн хуульчидтай, тэр дундаас нь Х.Тэмүүжингээс өөр хүнээс хууль ёс, сонирхлын зөрчлийн талаар үг сонсоход бэрх энэ парламентаас олон зүйл горьдолтгүй нь мэдээж ч гэсэн энэ тохиолдолд бол “Арай ч дээ” гэж хэлмээр санагдана.
Яагаад заавал шинэ жилээр, хүн болгоны баярлан хөгжих цагаар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дандаа баярын мэдээ бэлтгэн хүргэх цагаар өөрсдийгөө ийнхүү дархлаа вэ энэ Их Хурлын гишүүд. Ард түмний халаас руу гараа дүрж, албан тушаалаа ашиглан хийсэн гэм нүглээ ийм ядруухан аргаар хамгаалж үлдэх өчүүхэн бодолтонгууд насан туршдаа дархан эрхтэй явна гэж санаагүй байлтай билээ.
Одоо асуудлыг шийдэх гарц бол хуулиас хассан заалтаа буцаан оруулахаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн барих. Эсвэл 6.9-өө шинээр найруулан нэмэлт өөрчлөлт оруулах.
Хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс ийм алхам хийхгүй бол мөрдөн байцаалтын ажиллагаа урагшлахад хэцүү. Гэхдээ л манайд У.Хүрэлсүхэд ял өгсөн ч бүрэн эрх нь байгаа учраас шүүхийн танхимаас суллаад явуулж байсан, Ч.Сангарагчааг гудиггүйхэн байхад нь Ганц худаг руу ачаад явуулчихсан туршлага ч уг нь бий шүү эрхэм гишүүд ээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Дараа жилийн сонгууль болтол даанч ойрхон байна даа.

"Улс төрийн тойм" сонин


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж