"Ерөнхийлөгч явуургүй улс төр хийж байна"

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч явуургүй улс төр хийж байна"

"Ерөнхийлөгч явуургүй улс төр хийж байна"

УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр /2018.02.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын намрын чуулган ажлын 93 өдөр чуулжээ. Энэ хугацаанд бие даасан 18 хууль, 95 хуульд өөрчлөлт оруулсан бол 54 УИХ-ын тогтоол баталсан байна.

Эдгээр нь улс орон, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чухал хуулиуд болсон гэдгийг УИХ-ын дэд дарга тодотголоо.

Тухайлбал, 2018 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг 4.2 хувь хүргэх зорилт тавьсан байна. Эдийн засгийн нэг хувь өсөлтийн цаана 10 хувийн ажлын байр бий болдог гэж үздэг аж. Иймээс энэ онд 40 мянган иргэн ажилтай болох бололцоотой.

Боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 780 тэрбумын хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгаж өгсөн.  Сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт оруулдаг байдлыг 2018 оны есдүгээр сараас халж, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах бололцоог бүрдүүлнэ.

Энэ онд мөн 32 сургууль шинээр барихаар болж, хөрөнгийг суулгасан учраас улсын хэмжээнд гурван ээлжээр хичээлдэг сургууль байхгүй болно.

350 мянган ахмад настны тэтгэврийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс тус бүр 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, “Насны хишиг”-ийг сар шинийн өмнө 65-аас дээш насныханд олгох эх үүсвэрийг тус бүр төсөвт суулгаж өгсөн.

Тэтгэвэрт гарах насыг Олон улсын валютын сангийнхантай ярилцсанаар сонголттой болгосон.

Цалинтай ээж хөтөлбөрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт суулгаснаар 135 мянган ээж 50 мянган төгрөгийн тэтгэмж, гурав болон  түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал тутамд 240 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.

Мал аж ахуйн салбарт 300 мянга орчим малчид ажилладаг. Малчдын тэтгэврийн насыг насыг таван жилээр урагшлуулж, хууль баталсан нь энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр улсын хэмжээнд 13 мянга орчим малчид тэтгэвэртээ гарах эрх нь нээгджээ. Тэтгэвэрт нь шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2018 оны төсөвт баталж өгсөн байна.

Хөдөө орон нутаг дахь ажилгүйдлийг шийдвэрлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрлэл бий болгох чиглэлээр 62 тэрбум төгрөгийг мөн төсөвт суулгажээ.

Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой арга хэмжээний тогтоолыг баталсан.

Утаатай тэмцэхийн тулд шөнийн эрчим хүчний үнийг тэглэхэд зориулж хөрөнгө суулгасны зэрэгцээ, ипотекийн зээлийг бага, дунд орлоготой иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллах шаардлагатай гэж Засгийн газарт чиглэл өгчээ.

БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахад ашиглахаар болсон байна.

УИХ-ын намрын чуулганаас арилжааны банкуудыг хариуцлагажуулах хуулийг баталжээ. Энэ тухай УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ‘Өнгөрсөн хугацаанд 32 банк тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлснээс 18 нь дампуурсан. Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр хариуцаж барагдуулсан байдаг. Нийтдээ 630 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулсан. Цаашдаа арилжааны банк эрсдэлд орвол эзэд хариуцлага хүлээдэг эрх зүйн орчныг Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиар баталгаажуулж өгсөн.

УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал хөндөгдөх болсон. УИХ-ын чуулганы хуралдаанаа гишүүд тасалдаг асуудал ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх итгэлийг сулруулж байгаа. Энэ бүгдийг хязгаарлах зорилгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуулийн төсөл санаачлаад байна’ гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхийлөгч УИХ-ыг утаатай тэмцэх чиглэлээр доривтой алхам хийхгүй бол парламентыг тараах санаачилга гаргах болно гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

Үндсэн хууль зөрчсөн зүйлийг төрийн тэргүүнээсээ эхлээд ярих болсонд харамсаж байна.

Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиар ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалагч байх үүрэг хүлээдэг хүн. Гэтэл Ерөнхийлөгч өөрөө санаачилж, улс төрийн хүчинтэй хамтарч ард түмнийг турхирч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

УИХ-ыг тараах тухай асуудал нь Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллагын эрхэнд халдаж байгаа, Монголын улсын парламентат засаглалын гүйцэтгэж байгаа үүрэг, хариуцлагыг сулруулах гэсэн явуургүй, богино хугацааны улс төр хийх гэсэн үйлдэл гэж харж байна.

-УИХ-ын гишүүн С.Жавхлан хурал хийх заал Тамгын газраас хүсэхэд өгөөгүй. Тамганы тос дууссан гэх зүйлээр шалтаглаж, бие даагч гишүүнийг ялгаварласан гэдэг зүйл яригдаад байна. Үүнд хариулт өгөөч?

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон:

-УИХ-ын мэдэлд байнгын хороо болон ажлын хэсэг хуралдах дөрвөн заал бий. Нэг заал нь нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцдэг, тэр чиглэлээр тоноглогдсон. УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын Тамгын газар. Аль нэг бүлгийн Тамгын газар биш. Бие даагч нэг, МАХН-аас сонгогдсон нэг гишүүн, хоёр намын бүлэгтэй ажиллаж байна.

Бие дааж гарч ирсэн С.Жавхлан, О.Баасанхүү нарын хүсэлтийг биелүүлчих юмсан гээд 100 хувь анхаарч ажилладаг.

Тамганы тос дуусна гэж юу байх вэ.  УИХ-ын харьяаны дөрвөн заал байнгын хороо, чуулганы хуралдаанд зориулагдсан байх ёстой.

Гишүүдийн зүгээс улс төрийн үйл ажиллагаа биш УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа явуулаасай гэж бид хүсдэг.

С.Жавхлан гишүүн хүсэлт тавьсан, тухайн үед байнгын хороо, бусад хэлэлцүүлэг үйл ажиллагаатай давхацсан учраас заал гаргаж өгөх боломж байгаагүй. 

Онцлоход, үе үеийн УИХ-ын эхний гурван ээлжит чуулганы үйл ажиллагааны харьцуулсан тоон мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргажээ. Үүгээр 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 178 хууль, 2008-2012 оны УИХ 201 хууль, 2012-2016 оны УИХ 269 хууль баталсан бол энэ удаагийн УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль баталсан байна.

УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг дээрх үзүүлэлтээр харьцуулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17444 цаг, 2008-2012 оны УИХ 21354 цаг, 2012-2016 оны УИХ 17061 цаг хуралдсан бол энэ удаагийн УИХ 24895 цаг хуралджээ. Өөрөөр хэлбэл, 2016-2018 оны хугацаанд УИХ харьцангуй их ачаалалтай ажилласан статистик мэдээ гарчээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж