Hэр дэвшигчдээс татгалзах эрх

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Hэр дэвшигчдээс татгалзах эрх

“Ардчилал гэдэг нь ард түмний, ард түмнээр удирдуулсан, ард түмний төлөө засаглал” гэж АНУ-ын ерөнхийлөгч байсан Абрам Линколин (1809-1865) хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ардчилал бидэнд “Төр бидний мастер биш бид төрийн мастер” байх боломжийг өгсөн. Гэхдээ бид төрийн мастер байж чадаж байна уу!? Монгол улсын Үндсэн хуулиар “Монгол Улсад засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэж тунхагласан нь ард түмэн өөрсдийг нь захирахаас илүүтэйгээр ард түмэнд үйлчилдэг, хамтран ажилладаг төрийг хүсэж буй илэрхийлэл юм.

Ард түмэн төрийн жинхэнэ мастер байхын тулд Үндсэн хуулиар “сонгох, сонгогдох эрх”-ийг баталгаажуулж өгсөн. Бид дээрх эрхүүдийн гол агуулга болох  “ард түмэн өөрсдийгөө хэнээр төлөөлүүлж төрийн үйл хэрэгт оролцох боломж” гэдгийг зарчмын хувьд ойлгодог боловч нэр томъёоны хувьд дээрх эрхийг Үндсэн хуульд оновчтой бус томъёолжээ. ”Сонгох эрх”-ийг  “санал өгөх эрх” гэж томъёолох зүйтэй бөгөөд “санал өгөх эрх”-ийг аливаа иргэн эдэлснээр “сонгогдох эрх” дагалдан үүсдэг ба үндсэн хуульд дээрх эрхүүдийг зэрэгцүүлэн томъёолох шаардлага байхгүй. “Санал өгөх эрх” /right to vote/ нь “сонгох эрх /right to elect/” болон “нэр дэвшигч болоод нэр дэвшигчдээс  татгалзах эрх” /right to reject candidates or right not to vote for any candidate /-үүдийн бүрдэл байх учиртай. Ард түмэн сонгуульд оролцон саналаа өгч, тэдний саналууд тодорхой нэр дэвшигчийг ялалтанд хүргэх “нэг сонгогч нэг санал” гэсэн зарчмын дагуу тоологдож багц санал болгосноор “сонгох эрх”-ийг гагцхүү эдэлж байдаг. Жишээлбэл: иргэн Бат болон Болороо нар тухайн сонгуулийн тойргийн сонгогчид бөгөөд Бат нэр дэвшигч Хуучин-хүүгийн төлөө Болороо нэр дэвшигч Шинэ-хүүгийн төлөө саналаа өгчээ гэж төсөөлье.  Сонгуулийн дүн гарахад нийт сонгогчдийн олонх нэр дэвшигч Шинэ-хүүд саналаа өгснөөр иргэн Болороо сонгох эрх эдэлж байна. Гэхдээ дан ганц иргэн Болор нэр дэршигч Шинэ-хүүг сонгох бооломжгүй ба  түүний санал нь нэр дэвшигчийг ялуулж буй багц саналын залшгүй хэсэг юм. Энэ жишээний хувьд иргэн Бат санал өгсөн нэр дэвшигч сонгогдоогүй боловч , тэрээр “санал өгөх эрх”-ээ бүрэн эдэлж чадсан гэж үзэж болно.

 Дээр хэлсэнчлэн, “санал өгөх эрх” –ийн өөртөө агуулж буй боломжийн нэг нь ард түмэнд “нэр дэвшигчдээс татгалзах эрх” буюу “ нэрсийн жагсаалт дээрх нэр дэвшигчдээс хэнийг ч үл сонгох боломж” юм. Аристоталь хэлэхдээ “ардчилсан болоод сайн засаглалын орших нэг үндэс цэвэр хүн” гэж хэлсэн байдаг. Ард түмэн сонгуульд оролцож саналаа өгөх эрхээ бүрэн эдлэх болон дараагийн жилүүдэд хэн ард түмэнд үйлчлүүлэх вэ гэдгийг шийдэхийн тулд ард түмэнд “нэр дэвшигчдээс татгалзах эрх” буюу “нэрсийн жагсаалт дээрх нэр дэвшигчдээс хэнийг ч үл сонгох” боломжийг судлан авч үзэх чухал юм. Өөрөөр хэлбэл тухайн сонгуулийн тойрог дээр нийт 2 нэр дэвшигч буюу МАН болон АН намаас тус бүр нэг нэг хүн дэвшүүлсэн гэж төсөөлье. Тухайн 2 нэр дэвшигчид тухайн сонгуулийн тойргийн ард түмний итгэлийг хүлээх чадваргүй мэт санагдахад ( нэр цэвэр бус, хээл хахууль, банк дампууруулахад нэр холбогдсон ч хуулийн хариуцлага ямар нэгэн байдлаар хүлээгээгүй байж болно) нэр дэвшигчдээс татгалзах боломжийг үлдээх боломж юм. Энэ нь ард түмэн хэнээр өөрсдийгөө төлөөлүүлж, удирдуулахаа шийдэх нэг гарц байж болох юм. Одоогийн хуулиар ард түмэн сонгогчийн хувьд дээрх жишээн дээрх шиг 2 нэр дэвшигч дэвшсэн тохиолдолд аль нэгийг дугуйлахаас гарцгүй тулгалт дунд Үндсэн хуулиар олгогдсон энэхүү эрхээ эдэлж байна. Нэгэн сэтгэгч хэлэхдээ ”би шилдэг хүний төлөө саналаа өгөхийг хүсдэг ч тэд хэзээ ч нэр дэвшдэггүй” гэж хэлсэн бөгөөд зарим сонгогчийн хувьд “хэн ч гарсан ялгаагүй” гэсэн хандлагаар санал өгөх эрхээ хэрэгжүүлдэггүй үнэн билээ. Бид “дараагийн сонгуулийг боддог” бус “дараагийн үеийг боддог” нэр дэвшигч эсвэл улс төрч бидний төлөөлөл болж хууль тогтоох байгууллагад суухыг хүсэж байгаа. Шударгаар хэлэхэд УИХ нь МАН болон АН-ын эрх ашгийг хамгаалсан УИХ гишүүдээс бүрдэж байгаа бөгөөд Монгол Улс,болон Монгол Хүний эрх ашгийг хамгаалсан УИХ гишүүн алга байна гэж болохоор байна. Тиймээс ард түмэн дээрх боломжийг эдлэх нь чухал юм. Энэтхэг болоод зарим улс орны сонгуулийн болоод холбогдох хуульд дээрх боломжийг тусгасан байдаг.

“Хэнийг ч үл сонгох” санал нь цаашдаа улс төрийн намын ерөнхий төлөвшилд нөлөөлөхөөс гадна тухайн намаас “бэлтгэгдсэн хүмүүс” нэр дэшигчдийн дийлэнх байх магадлыг нэмэгдүүлж магадгүй юм. Ер нь бид саналаа өгөх эрхээ эдлэснээр, засаглалыг сайжруулж эсвэл муутгаж байдаг. Цаашилбал, бидний санал ард түмний амьдралыг сайжруулж эсвэл дордуулж байдаг. Хэрэв бид буруу сонголт хийвэл, цөөнхөд зориулсан эсвэл ард түмний буюу олонхийн эрх ашгийг дордуулсан ганц нэг компанид зориулсан хуулиуд, жижиг эрх ашгийг хамгаалсан засаглал бий болох магадлыг нэмэгдүүлдэг. Хэрэв бид буруу сонголт хийвэл, эдийн засгийн боломжуудыг хумьж, татвар төлөгчдийн мөнгийг ядуурлыг буруулахад үл чиглэсэн эдийн засгийг үр өгөөж багатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, үр өгөөж нийтэд хүртээмжтэй байх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт зогсоно гэсэн үг. Түүнчлэн зарим салбарт төрийн зохицуулалт хэтрэх , бусад чухал салбарт төрийн зохицуулалт дутагдах,/тухайлбал шатахуун тослох материал дээр төрийн бодлого зохицуулалт үгүйлэгдэж байгаа саяханы өдрүүдийн шатахууны хомсдол харуулж байна/ тодорхой бүлэг хүмүүсийн шударга бус эдийн засаг, нийгэм, болоод улс төрийн давуу талыг хамгаалахад мөн чанар оршсон төрийн зохицуулалтууд ихэснэ гэсэн үг. Хатуухан хэлэхэд, сонгуулийн өмнөх жил Сонгуулийн тухай хуулийг  шинэчлэн батлах гэж байгаа нь нэг талдаа ард түмний Үндсэн хуулиар олгогдсон “сонгох, сонгогдох эрх”ийн өөртөө агуулж буй гүн ухаан болох “дараагийн жилүүдэд ард түмэн хэнээр өөрсдийгөө үйлчлүүлэх, ард түмний жинхэнэ төлөөлөл ард түмнийг удирдан манлайлах, ард түмнийг өнгөрч буй сонгуулийн жилд үйлчилж байсан этгээдүүдэд улс төрийн дүн тавих боломжийг гуйвуулан инженерчлэх оролдлого” гэж харж болохоор байна. Нөгөө талдаа сонгуулийн хуулийг эргэн харах нийгэм-эдийн засаг, улс төрийн болоод бусад түүхэн шаардлагууд байна. 2008 оны 7 дугаар сарын 1-ний хар өдөр буюу сонгуульд оролцсон  нам эвслүүд сонгуулийн дүнг үл хүлээн зөвшөөрөх байдал,  ядуурал ажилгүйдэл, шударга бус үзэгдлүүдтэй үл эвлэрэх бухимдлуудын хослол тэрхүү эмх замбараагүй байдлыг үүсгэсэн болов уу  гэж боддог. Энэ нь үзэгдлийн эцсийн үр дагавар “ хуульт ёс тэр дундаа хууль ноёрхох болон шударга ёсны ” зарчмууд алдагдаж, улс төрийн зөвшилцөл гэх үндсэн хуулийн бус жүжиг дэглэгдэж стандарт бус, ард түмний бус, цөөнхийн “хэт даврагчдын засаглал” /oligarchy эсвэл mobocracy эсвэл дээрх хоёр засаглалын хэлбэрийн хослол/ бий болжээ.

Тиймээс “саналаа өгөх эрх” нь ёс суртахууны өндөр ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл саналаа өгөх эрхийг хэрхэн ойлгож түүнийг эдлэх нь засаглалын “ямар, хэр хэмжээ, чанар”-ыг өөрчилж байдаг. Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох эрх” хэрэгжүүлэх, түүний баталгаа цаашилбал бидний хүрэхийг хүсэж буй тунгалаг ардчилсан нийгэм, хуулийн ноёрхол доор амьдрах хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой юм.

Нэгэн сэтгэгч “эрх гэдэг бол нэг төрлийн ёс суртахууны буюу үл харагдагч эд хогшил” гэж хэлсэн байдаг. Энэ эд хогшлыг материаллаг эд хогшлын адил бид хамгаалж тордож байх ёстой. Ард түмэн бид дээрх Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдээ ухамсарлаж, эдлэж, хамгаалж байхгүй бол Үндсэн хуулийн тодорхой нэг заалт нь юу гэж хэлснээсээ өөр утгатай юм ш дээ гэж зарим улс төрчид мэтгэж мэдэхэрээр цаг үед бид амьдарч байна. Бид 1990 оноос хойш парламентийн ардчилал хөгжүүлэхийг зорьж энэ цаг үед ямар сонгуулийн систем тохиромжтой бэ асуултанд хариулт хайсаар л байна. Мажитор эсвэл пропоциналь эсвэл холимог сонгуулийн тогтолцоо юу? Сонгууль ч болдогоороо болж сонгуулийн луйвар будлиан гарах нь газар авч эцэс сүүлдээ ард түмний цусыг асгаруулж байна.  Дээрх сонгуулийн тогтолцоонууд нь өөр өөрийн гэсэн давуу болоод сул талуудтай нь хэнд ч үнэн. Гэхдээ одоогийн УИХ хэлэлцэж буй хуулийн төсөл ерөнхийдөө МАН болон АН УИХ-д эзэлж буй суудлаа хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн санаархал явж байна.  Өөрөөр хэлбэл мажитор тогтолцоог “үхэр” пропорциналь тогтолцоог “сарлаг” гэж төсөөлөхөд тэдний дундаас “хайнаг” гарна. Хайнаг гээч амьтан харагдах байдлаараа сүрлэг ч, үр төлөө үлдээх чадваргүй амьтан билээ. Одоогийн УИХ гишүүд зөвхөн өөрсддөө ашигтай зүйлийг хийхийг бодож байна. Ашигтай зүйл дандаа зөв байдаггүй, зөв зүйл өнөөдөр биш ч маргааш ашгаа өгдөг гэдгийг бид ухамсарлах ёстой. Бид тодорхой нэг сонгуулийн тогтолцоог сайжруулаад явах зөв бөгөөд логикийн болон практикийн хувьд боломжтой “сайн үр дүн”  төгс үр дүн байх албагүй юм. Сонгуулийн маргаан будлиан болоод луйвар нь сонгуулийн тогтолцоондоо бус “сонгогдохоор улайрч буй тэр хүмүүст” байгаа гэж би үздэг. Дээрх гажгуудыг  сонгуулийн тогтоолцоог сольсноор бус “Санал өгөх эрх”-ийг  баталгаажуулж сайжруулснаар засаж чадна.  Тиймээс “нэр дэвшигчдээс татгалзах буюу нэр дэвшигчдээс хэнийг ч үл сонгох боломж”-ийг хуульчлах эсэхийг ард түмнээсээ асуугаасай гэж МАН болон АН-д уриалж байна.

“Ард түмэн амьдрахыг хүсэж байна. Гэхдээ амьдрана гэдэг хангалттай бус тэд эх орондоо сайхан амьдрахыг хүсэж байна”.

П.Сайнзориг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж