Хуурамч шатахууныг татвараар зохицуулна

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Хуурамч шатахууныг татвараар зохицуулна

Хуурамч шатахууныг татвараар зохицуулна

Шатахууны онцгой албан татвар нэмэгдэх бүрт хуурамч шатахууны асуудал сөхөгддөг гэж Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав мэдэгдсэн. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад  үгүйсгээгүй бөгөөд ажлын хэсгийн түвшинд шалгаж байгааг дуулгасан юм. Ингээд хуурамч шатахууны талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Ч.Чулуунбатаас дараах зүйлийг тодрууллаа. 


-Хуурамч шатахууныг  шалгах ажлын хэсэг оны өмнө байгуулагдсан. Ажлын хэсгээс дүгнэлт гарсан уу, энэ асуудал юу болж байгаа вэ?

-Оны өмнө Ашигт малтмал газрын тосны газар, мэргэжлийн хяналтын төлөөлөл, уул уурхайн яамтай хамтарч хуурамч шатахууны асуудлаар шалгалт явуулсан. Одоогоор нэгдсэн дүгнэлт ирээгүй байна. Үүнийг хүлээлгүйгээр манай яамнаас Газрын тосны бүтээгдэхүүний нарийвчилсан журамд өөрчлөлт оруулсан. Ингэснээр тос тосолгооны материал, литий, азотоос бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл авч импортлохоор болсон. Нөгөө талаас евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар саналаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн. Одоо Сангийн яамнаас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх ёстой. 

-Евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Гэвч бодит байдал дээр евро-5 шатахууны онцгой албан татвар нэмэгдэж, үнэ өссөн байгаа шүү дээ. Ийм нөхцөлд хэрэглээ нэмэгдэнэ гэдэг эргэлзээтэй санагдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манай яам евро-5 шатахуунаас онцгой албан татвар авах асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Ер нь Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т 90-ээс дээш доош октантай авто бензин гэж ангилдаг болохоос 80,92, 95-аас дээш гэсэн ангилал байдаггүй. Тэгэхээр авто бензиний онцгой албан татварыг нийтэд нь тэглэх ёстой байсан. 

-Хуурамч шатахууны асуудал өмнө нь гарч байсан. Ямар учраас өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй юм бэ?

-Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг тогтоосон. Түүнээс хойш завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн. Урьд нь 20,30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн орж ирсэн. Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр хууль эрх зүйн талаас зөрчилгүй болчхоод байгаа юм. Иймд Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгочих юм бол энэ төрлийн импорт хязгаарлагдана. Бид саналаа Сангийн яаманд өгчихсөн байгаа. Сангийн яам хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл одоохондоо алга. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж