Л.Далмайер хошой алтан медаль хүртэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Л.Далмайер хошой алтан медаль хүртэж чадах уу?

Л.Далмайер хошой алтан медаль хүртэж чадах уу?

‘Пёнчан 2018’ олимпийн наадмын гурав дахь өдрийн сонирхолтой төрлийн нэг бол биатлоны эмэгтэй 10 км-ын хөөх уралдаан. Энэ уралдаан Улаанбаатарын цагаар 18.10-т эхэлнэ. Харин таамаглал харцгаая. 


Өмнөх “Сочи-2014” олимпийн медалийн эзэд: алт Д.Домрачева, мөнгө Т.Бергер, хүрэл Т.Грегорин

Медалийн төлөө өрсөлдөх шилдэг тамирчид: Л.Далмайер, Д.Домрачева. 

Спринт буюу ойрын зайн 7.5 км-н уралдаанд Германы Л.Далмайер өндөр амжилт үзүүлж олимпийн анхны медалиа хүртэхдээ аваргын алтан медалийг хүртлээ. Л.Далмайер бол К.Вильхельм, А.Хенкель болон М.Нойнер нарын шилдэг биатлончдын амжилтын буухиаг залгамжлан гарч ирж буй Германы шилдэг биатлончин юм. Л.Далмайер Сочигийн олимпийн наадамд бүтэлгүйтсэн ч олимпийн медаль хүртэх нь цаг хугацааны л асуудал байсан болов уу? Өнгөрсөн улирлын биатлоны Дэлхийн цомоос өөрийгөө нээн харуулаад байсан Л.Далмайер 2017 оны ДАШТ-нд хүртэж болох 5 медалиас 4-т нь алтан медаль хүртэж зөвхөн спринт төрөлд мөнгөн медаль хүртсэн. Ийм тэрээр аль хэдий нь дэлхийн зэрэглэлийн шилдэг тамирчин болж Д.Домрачева, Г.Коукалова болон К.Макарайнен нарт хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан. 

Пёнчаны олимпийн наадмын спринт уралдаанд алтан медаль хүртээд буй Герман бүсгүй Лаура энэ удаагийн хөөх буюу пасьют уралдаанд түрүүлэх магадлал хамгийн өндөр тамирчин юм. Мэдээж түүний хувьд шилдгүүдийг буулгаж авсан тул өөртөө итгэх итгэл, эрч хүч илүү өндөр байгаа болов уу? Түүнтэй медалийн төлөө өрсөлдөх учиртай байсан Д.Домрачева, Д.Вирер, К.Макарайнен, А.Кузмина болон энэ улирлын Дэлхийн цомд амжилттай уралдаж буй залуу тамирчид спринт уралдаанд тийм ч хангалттай байж чадаагүй. Хөөх буюу пасьют уралдаанд түүнтэй хамт шагналын тавцан дээр гарах магадлалтай тамирчид бол Д.Домрачева, Францын залуу тамирчин Ж.Брайзе болон А.Кузмина нар юм. Мөн энэ уралдаанд Финландын ахмад биатлонч К.Макарайнен тун сайн уралддаг. Гэвч тэр спринт уралдаанд тун хангалтгүй уралдаж 25-р байранд орсон нь түүний медалийн төлөө өрсөлдөх боломжийг бараг л үгүй болгосон. Гэхдээ бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг, тухайн үеийн аз од нь гийсэн хэн ч олимпийн аваргын алдрыг хүртэж болдог. 

Олимпийн наадмын биатлоны эмэгтэй төрлийн хувийн ганцаарчилсан уралдаануудад 1 олимпийн наадмаас 3 алтан медаль хүртсэн тамирчин ердөө ганц байдаг бол хошой алтан медаль хүртсэн 2 тамирчин байдаг. Канадын М.Бедар 1994 оны Лиллехаммерын олимпийн наадмаас 15 км-н хувийн, 7.5 км-н спринт уралдаануудад алтан медаль хүртэж байсан бол Германы М.Нойнер 2010 оны Ванкуверын олимпийн наадмаас хөөх болон масс старт уралдаанд алтан медалийг хүртэж байсан. Харин Беларусын алдарт биатлонч “биатлоны хатан хаан” Д.Домрачева Сочигийн олимпийн наадмаас 15 км-н хувийн, 10 км-н хөөх, 12.5 км-н масс старт уралдаануудад алтан медаль хүртэж байсан. Л.Далмайерын хувьд М.Бедар болон М.Нойнер нарын амжилтыг давтах боломж бий. Харин Д.Домрачевагийн адилаар нэг олимпийн наадмаас 3 алтан медалийг ганцаарчилсан уралдаанаас хүртэх боломж байгаа болов уу?

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж