Баруун талдаа хүрдтэй машины гэрлийг 1650 төгрөгөөр солино

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Баруун талдаа хүрдтэй машины гэрлийг 1650 төгрөгөөр солино

Баруун талдаа хүрдтэй машины гэрлийг 1650 төгрөгөөр солино

Авто тээврийн Үндэсний Төвийн Судалгаа хөгжил, чанарын удирдлагын газрын  дарга Н.Зориг

Улсын хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 250 мянга орчим автомашин байдгаас 100 мянгынх нь гэрлийн тусгалыг энэ жилдээ багтаан солихоор төлөвлөжээ. Авто тээврийн Үндэсний Төвөөс төсөв гарган гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг хийсэн байна. Энэ талаар Авто тээврийн Үндэсний Төвийн Судалгаа хөгжил, чанарын удирдлагын газрын  дарга Н.Зоригоос  цөөн зүйлийг тодрууллаа.


-Буруу талдаа жолооны хүрдтэй машинууд  хөдөлгөөнд оролцоход ямар сөрөг үр нөлөөтэй вэ?

-Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын 53 хувь нь буруу талдаа буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байдаг. Монгол Улсын замын хөдөлгөөнийг баруун гарын дүрмээр зохицуулдаг хуультай. Энэ нь замтай ч бай, үгүй ч бай хоёр машин зөрвөл баруун гар талаа барьж явна гэсэн үг. Манай улсын замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л дүрэм журам, дэд бүтэц нь тээврийн хэрэгслүүдийг зүүн талдаа жолооны хүрдтэй байхаар тооцож хийгдсэн юм. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь мөн буруу тусдаг. Өөрөөр хэлбэл, их гэрлийн ойрын тусгал нь буруу тусдагаас эсрэг урсгалаас орж ирж буй автомашины жолоочийн нүдийг гялбуулдаг. Энэ гялбалтаас болж шөнийн цагаар янз бүрийн осол аваар гарах магадлал маш өндөр байдаг. Тиймээс манай төв буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг хэрхэн өөрчилж, зөв болгох талаар судалж үзсэний үндсэн дээр тусгай бэлдэц ашиглахаар болсон юм.

Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдэд замын хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулахаар хуульчлан тогтоосон боловч тээврийн хэрэгслүүдийн жолооны хүрдний байрлалыг тодорхой зааж өгөөгүйн улмаас уг дүрэм, журамд нийцээгүй баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэх хандлагатай болсон. Зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүйгээр замын баруун гар талыг илүү сайн гэрэлтүүлдэг техникийн шийдэлтэй байдаг. Харин баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэн, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй.

-Гэрлийн тусгалыг өөрчлөх  бэлдэцийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Галеоген ламптай авто тээврийн гэрлийн тусгалыг өөрчлөхийн тулд манай инженерүүд судалж үзээд туршилтууд хийсний үндсэн дээр тусгай бэлдэц бэлдсэн байгаа. Буруу талдаа жолооны хүрдтэй авто машины гэрлийн тусгалыг өөрчлөхдөө эхний ээлжид Монгол Улсад түгээмэл ашиглагддаг H4 маркийн галеоген ламптай тээврийн хэрэгслээс эхэлнэ. Галеоген ламптай тээврийн хэрэгслийн хувьд ижил марк загварын фараар солих зэрэг зарим аргуудыг хэрэглэх боломжтой боловч илүү тохиромжтой арга нь лампыг анхны байрлалаас тусгай бэлдэц ашиглан цагийн зүүний эсрэг 30 градус эргүүлэх арга юм. Улсын хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 260 мянга гаруй авто тээврийн 160 мянган тээврийн хэрэгсэл нь галеоген ламптай байна.Энэ ондоо багтаагаад 100 мянган галеоген ламптай авто тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгох ажлыг эхлүүлж байна. Бүх бэлдэц бэлэн байгаа.

-Галеоген ламптай авто тээврийн гэрлийг ийн зөв болгочихдог юм байж. Бусад тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг хэрхэн  зөв болгох вэ?

-Их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх НҮБ-ын техникийн зохицуулалтаар зөвшөөрсөн гурван аргуудыг ашиглан их гэрлийн ойрын тусгалыг өөрчилж болно гэж үздэг. Нэгдүгээрт  их гэрлийн линзний зарим хэсгийг халхлах наалт наах, хоёрдугаарт тусгалыг доош шилжүүлэх, мөн хэвтээ тэнхлэгийн дагуу тохируулах, гуравдугаарт их гэрлийн тэгш хэмтэй бус тусгалыг арилгах, эсвэл бууруулах аливаа арга гэх гурван арга байдаг юм. Эхний хоёр аргаар H4 маркийн галоген лампаас бусад төрлийн  ламптай  тээврийн хэрэгслийн их гэрлийн ойр тусгалыг өөрчлөхөд тохиромжтой. 

 -Тэгвэл гэрлийн тусгалыг өөрчлөх тусгай бэлдэцийг жолооч нар  хэрхэн авах вэ. Үнэ ханшийн хувьд хэд байх бол?

-Жолоочид машиныхаа гэрлийн тусгалын зөв болгон өөрчилсний дараа тусгай наалтыг авто машиныхаа цонхон дээр наана. Үүнийг хяналтын байгууллагууд хараад авто машины гэрлийн тусгалыг зөв болгож өөрчилсөн машин байна гэж шууд таних тэмдэг болж байна гэсэн үг. Авто машины гэрлийн тусгалыг өөрчлөх тусгай бэлдэц суурилуулж, таних тэмдэг болох наалт наахад нийт 1650 төгрөг болно. Нийслэлийн техник хяналтын үзлэгийн төвүүдэд ойрын гэрлийг солих ажлыг хийнэ. Замын цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар жилд 500 орчим хүн авто ослоос болж нас бардаг гэх судалгаа бий. Бидний энэхүү хийж байгаа ажил осол аваарын гаралтыг бууруулна гэж найдаж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж