‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын гурав дахь өдөр буюу өнөөдрийн уралдааны сонирхолтой нэгэн төрөл бол биатлоны эрэгтэй 12,5 км-ын пасьют буюу хөөх уралдаан юм. Энэ уралдаан Улаанбаатарын цагаар 20.00-с эхэлнэ. Ингээд тэмцээний өмнөх таамаглалыг хүргэе.
Өмнөх “Сочи-2014” олимпийн медалийн эзэд: алт М.Фуркад, мөнгө О.Моравец, хүрэл Ж.Беатрикс
Медалийн төлөөх гол өрсөлдөгч тамирчид: М.Фуркад, т.Бьо, С.Шемпп, А.Пайффер.
Мэдээж хөөх буюу пасьют уралдаанд ойрын зайн спринт уралдаанд үзүүлсэн амжилт маш чухал байдаг. Учир нь тамирчид спринт уралдаанд үзүүлсэн минутын амжилтаар гараанаас цуваагаар гардаг. Иймд энэ удаагийн хөөх уралдаанд алтан медаль хүртэх хамгийн өндөр боломжтой тамирчин бол М.Фуркад болж байна.
Спринт уралдаанд хэвтээ болон босоо байрлалаас тус бүр нэг удаа бууддаг бол хөөх уралдаанд хэвтээ байрлалаас 2 удаа, босоо байрлалаас 2 удаа бууддаг тул тамирчдын хувьд тэшилт, онч мэргэн буудлага болон тэсвэр, тэвчээрийг өндөр түвшинд шаардана.
Энэ удаагийн хөөх уралдаанд шалгарсан 60 тамирчнаас М.Фуркад, Й.Бьо нарыг медалийн төлөөх гол өрсөлдөөнд нэрлэж болох ч Норвеги залуу Й.Бьо спринт уралдаанд тун хангалтгүй уралдаж дөнгөж 31-р байранд орсон нь түүний боломжийг багасгах гол хүчин зүйл болсон. Нөгөө талаар энэ боломжгүй зүйл бас биш юм. Учир нь Й.Бьо тэшилтийн техник сайтай бас маш хурдтай тэшдэг бөгөөд энэ бол түүний давуу тал болдог.
Өнөөдөр болох хөөх уралдаанд Й.Бьо гараанаас гарахдаа тэргүүлэгчээс 73 сек буюу 1 мин 13 сек-н дараа гарна.
М.Фуркадын хувьд алтан медаль хүртэх, үгүй ядаж медалийн тавцан дээр гишгих боломж бий. Хэрвээ М.Фуркад өнөөдөр болох хөөх уралдаанд түрүүлж чадвал 2 олимп дарааллан хөөх уралдаанд түрүүлсэн олимпийн анхны тамирчин болох боломжтой. Түүнээс гадна спринт уралдаанд медалийн тавцан дээр зогссон залуусыг мартаж болохгүй. Энэ удаагийн олимпийн наадмын биатлоны уралдааныг Германы эмэгтэй, эрэгтэй тамирчид ялгуусан амжилтаар эхлүүлсэн. Иймд А.Пайффер, С.Шемпп, Э.Лессер болон Б.Долль нар ч медалийн тавцанд гарахыг үгүйсгэхгүй юм.
Б.БЯМБАБАЯР