Монгол ахмад настны тухай бие даасан хуультай улсын нэг

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Монгол ахмад настны тухай бие даасан хуультай улсын нэг

Монгол ахмад настны тухай бие даасан хуультай улсын нэг

Монголын ард түмний уламжлалт хаврын баяр ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж,балчир жаалуудаа баярлуулдаг цагаан сарын өдрүүдийн өмнөхөн манай сурвалжлах хэсэг Монголын ахмадын Холбоо /МАхХ/-нд нэг өдөр ажиллалаа.

МАхХ Улсын төв номын сангийн өмнө ухаантны аугаа их сүр, уужуу сэтгэлт хүмүүний алдрыг дуурсган сүндэрлэгч Монголын ард түмний суут эх оронч хүү Бямбын Ренчиний хөшөөний баруун талд цэнхэртэх шилэн барилгын VI давхарт байрладаг. Хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихсэн өтгөс буурлуудын эрхийг хамгаалж, үүргийг нь үргэлжлүүлэгч үндэсний хэмжээнд нийгэмд үйлчилдэг төрийн бус эл байгууллагын үүдний тушаа хөл тавих зуур, нүднээ чандмалан зангидаж агуулга донжийг нь тодоос тод илтгэсэн нэгэн таних тэмдэг онцгойрон харагдлаа. Энэ бол Ахмадын холбоо энд байдаг гэсэн үг ажээ. Логоны доод талд тус байгууллагын эрхэм зорилгыг “Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, тэдний амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино”-гэж тодорхойлсон байна.

Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн ардын хувьсгалын ахмад партизануудын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх “Партизаны комисс” нэртэйгээр 1931 онд үндэс суурь нь тавигдсан Монголын ахмадын дээд байгууллагын анхны дарга жанжин Г.Дэмидээс эхлээд Х.Чойбалсан, Д.Дашзэгвэ,С.Янжмаа, Г.Бумцэнд, П.Тогтох, Ж.Цэнд–Аюуш, С. Лувсан, Б. Дорж, Ж.Жамъян, Ө.Чойжилсүрэн, С.Цэвээн, Ж.Цэндсүрэн гэх манай төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд энэ айлын өрхийг татаж, галыг нь асааж ирсэн түүхтэй.

Тэгвэл одоо УИХ–ын гишүүн асан, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний салбарт олон жил зүтгэж, иргэдийнхээ амьдралыг баталгаажуулахад хүч хөдөлмөрөө зориулж яваа Цэндийн Сүхбаатар МАхХ–ны Ерөнхийлөгчийн албыг түүчээлэн явна.

Түүнтэй уулзаж ярилцсанаа дор сийрүүлье.

–Сонины нийтлэлийн бодлого,чиг баримжааны үүднээс Монголын ард түмний төрт ёсны өргөн баяр цагаан сарын босгон дээр биднийг танай байгууллагад ажиллах илгээлт өглөө.Сайхан өвөлжиж, сар шинийхээ бэлтгэлийг дүүрэн базааж байна уу.

-Өнтэй өвөлжиж, хаврын сартай золгон азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэх сар шинийн босгон дээр Ахмадын Холбоог зорьж ирсэнд бэлэгшээж байна. МАхХ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудынхаа амьдрал ахуйн нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, ахмад үеийнхний ажил, амьдралын баялаг туршлага, ёс заншил, зан суртахуун, хүмүүжил, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх зэрэг эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Манай ахмадууд сар шинийхээ бэлтгэлийг өөр өөрсдийн боломж, хэрээрээ бэлтгэж байна. Миний хувьд Баянчандмань хайрханы өвөрт өвөлжиж буй ахдаа очиж золгох шинийн 3-ны өдрийг тэсэн ядан хүлээдэг дээ. Аав, ээжийн минь гал голомтыг залгаж яваа улсын алдарт уяач Цэндийн Агваансодов гуай дүүгээ шинийн 3-ны үдээс хойш очвол “Яагаад оройтов” хэмээн нулимс унагадаг юм гэж хуучиллаа.

–Та энэ албан тушаалд хэний лообигоор, хэний татаасаар гарч ирээд суучихав аа. Албан тушаал үнэлгээжсэн гэж яриад байдаг?

–Ийм л юм ярьдаг. Ингэж л сэтгэдэг. Сургаар эс бөгөөс санаанд орсноо, харлуулж бодсоноо, хардаж хордсондоо алба хашиж буй нэгнийгээ доош нь хийдэг “өвчин” газар авлаа даа.Хардах эрх хэнд ч бий. Харин гүжирдэж гүтгэх нь хуулиар зэм хүлээх учиртай. Хэрэв тэгж мөнгөөр хахуульдаж албан тушаал авч байгаа бол нэн даруй илчилж, арга хэмжээ авч, хахууль өгсөн, хахууль авсан хоёрт шийтгэл хүлээлгэж, нийгмээ цэвэрлэх ёстой.Эс тэгвээс энэ бол ийм хандлага бол жинхэнэ нийгмийг самрах муу муухай юм бүхний эх уурхай болно. Би эрхэлж буй ажил, албаны эрэмбээр МАхХ–ны тэргүүлэгч гишүүнээр 10 гаруй жил ажилласан. МАхХ–ны Тэргүүлэгчид, Удирдах Зөвлөл санал болгож их хурлаараа сонгож баталгаажуулсан.

–Та МАхХ–ны Ерөнхийлөгч хэмээх энэ том албан тушаалыг “уухайн тас” шүүрээд авсан уу, эс бөгөөс?

–Энэ бол тэгж чамлахаар албан тушаал биш шүү. Надад итгэл хүлээлгэсэн нь “татгалзах эрх”-ийг минь хаасан даа. Сэтгэл нийлсэн хамт олны хүч гэдэг бол хийж бүтээх, сайн үр дүнд хүрэх үндсэн түлхүүр мөн.

–Тийм шүү.Сэтгэл нийлж, зүтгэлээр эрчимжсэн хамт олон ч их зүйл бүтээнэ дээ?

–Авсаархан хүч, ачаалал дүүрэн байгаа. Холбооны өнгөрсөн жилийн ажлын гол нь хуулиа сурталчлах ажил байсандаа. Хууль хэрэгжинэ гэдэг нь юуны өмнө ахмадууд тэрхүү хуулийн талаар бүрэн, төгс мэдлэгтэй байх. Эрхээ эдлэнэ бас үүргээ биелүүлнэ гэсэн үг.

Ахмад настны тухай хуулийг хүлээж авах хүндэтгэл ёслолын арга хэмжээнүүдийг нийслэл УБ хот, Дорноговь аймаг, Булган аймгийн Хишиг–Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус зохион байгуулж, нийтдээ 1960 гаруй идэвхтэн сонгуультан хамрагдсан.

Ахмад настны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоол, шийдвэрүүдийг тайлбарлан таниулах зорилгоор сургалт семинарийг сум, аймгуудын ахмадын хороо, зөвлөлийн дарга, идэвхтэн, сонгуультныг оролцуулж, бүсчилсэн байдлаар тусгай хөтөлбөрийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний орон нутгийн албадтай хамтран явуулав.

МАхХ–ны maep.mn вебсайтыг шинээр нээн тогтмол ажиллуулж, уг сайтад 60 мэдээлэл орж, 22000 хүн ахмадын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.

–Урьд онд болсон Монголын ахмад настны Үндэсний чуулганыг үр дүнтэй, өгөөж ихтэй болсон гэж ам сайтай байгаа.

–Чуулганаас гарсан зөвлөмжийн олонхи заалт ахмад настны талаар хэрэгжүүлэх Засгийн Газрын шийдвэрт туссан. Үндэсний зөвлөгөөн дээр МАхХ–ноос тэтгэврийн урьдчилгаа олгодог болох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж, тэрхүү санал хэрэгжиж байна.

Ахмад настны талаар бүртгэл, мэдээлэл авч, ахмад настан бүрт шаардлагатай мэдээлэл хүргэх, захиалагчийг бодит мэдээллээр хангах, ахмад настны талаар үндэсний хэмжээнд мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.

–МАхХ–ны үйл ажиллагаа анхан шатны байгууллагуудад хүрэхгүй байна.Ер нь байгаа байхгүй нь ч мэдэгддэггүй гэсэн шүүмжлэл сонсогдож байсан. Та ийм шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?

–Энэ шүүмжлэлийг ганц бус харин хэд хэдэн талаас нь харж хариулмаар байна. МАхХ нь улсын хэмжээнд 31 хороо, аймаг, нийслэл, нийслэлийн дүүргүүдэд 2629 зөвлөл, хэсгийн бүтэцтэйгээр ажилладаг. Эдгээр хороо, зөвлөл, хэсгүүдээр дамжуулан 260 шахам мянган ахмад настанд хүрч ажиллах үндсэн чиг үүргийг Монголын ахмадын байгууллагууд, түүний 6000 гаруй идэвхтэн сонгуультан эрхлэн гүйцэтгэж байгаа. Монголын төр ахмад настнууд, азай буурлуудаа анхаарлынхаа төвд байлгасаар ирсэн. Цаашид урьдихаасаа илүүтэй анхаарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. МАхХ–ны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж болно оо.Харин ахмадуудынхаа төлөө хоёргүй сэтгэлээрзүтгэж яваа мянга мянган идэвтэн сонгуультнуудын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг үгүйсгэх нь хэрхэвч зөвтгөх зүйл биш.

–Бүдгэрсэн тал ч бий шүү дээ?

– Тэр бол үнэн. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Монголын чөлөөт ахмадын Холбоо” гэгч тодорч, тэднийд Монголын ахмадын холбооны санхүүжилтийг олгож, ёстой “газар хатуу, тэнгэр хол” гэгч болсон үе бий. Тухайн үеийн Засгийн газар Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллах гэрээгээ цуцалсан нь байгууллагын үйл ажиллагаа доголдох нөхцөл бодитой нүүрлэсэн.Ингэж ахмад настнуудын дунд зохиомол талцал ялгаварлал, гадуурхал бий болж “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” Монгол улсын хууль нийт ахмадуудад хүрч жигд үйлчилж чадахгүйд хүрч, улмаар уг хуулийн зарим тодорхой заалт хэрэгжихгүй удсан шүү дээ.

–Монгол Улсын Их хурлаас баталсан Ахмад настны тухай хууль өмнөх хуулийн үзэл баримтлалыг өөрчилсөн. Үүнийг тодруулж ярина уу?

–Шинэчилсэн хууль ахмад настны эдлэх эрхийг хуульчлан баталгаажуулж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл хүртээмжийг сайжруулах, ахмад настны нийгмийн хамгааллын талаарОлон улсын байгууллагаас тогтоосон хэм хэмжээнд нийцсэн Монгол төрийн бодлогын чухал баримт бичигболсныг зориуд цохон хэлье.

Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настандаа нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж олгох,туслалцаа үзүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмждэг байх зориулалтаар Ахмадын сан байгуулах асуудлыг өнөөгийн шинэ хуульд илүү тодорхой оруулж өгсөн тул аж ахуйн нэгж байгууллага бүр бодит ажил зохион байгуулж хэрэгжүүлэх юм.

–Шинэчилсэн хууль батлагдсантай холбогдуулж,Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт туссан зүйлээс тодруулж өгвөл сайнсан?

–Засгийн газар 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ахмад настнуудын эрэлтх эрэгцээнд нийцсэн олон арга арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 65-аас дээш настай ахмадуудад насны хишиг олгож, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ аваад байна.Монгол улсын Засгийн газар2016 оны аравдугаар сарын 26-ны өдөр 124 дүгээр тогтоол гаргаж, Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллах зарчмын шийдэлд хүрч, улмаар Засгийн газар– Хөдөлмөр нийгмийн хамгааллын Яам, Монголын ахмадын холбоотой ирэх дөрвөн жилд хамтран ажиллах гэрээ байгуулснаар, ахмадуудыг талцуулах, ялгаварлах, улс төржсөн бодлогоос зайлсхийх нөхцөл бүрдсэн гэж болно. Монголын ахмадын холбоо уг гэрээг удирдлага болгон 2016-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого стратегээ хэрэгжүүлж байна. Бодлого, хөтөлбөрийн үр дүн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө төсөв бүрдүүлэх тухайд “Төрөөс ахмад настны талаар явуулах тодорхой чиг үүргийг гэрээлэн авч гүйцэтгэсний төлөө төсвөөс олгох Ахмадын төв, орон нутгийн байгууллагын үндсэн санхүүжилт байх аж.

Нийт байгууллага жил бүрийн зорилтот түвшин, үйл ажиллагааг төлөвлөхдөө Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай, Алдар гавьяатай ахмадуудад төрөөс үзүүлэх, дэмжлэг туслалцааны тухай, Монгол улсын бусад холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн хуулиар олгогдох ёстой тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлт тус бүрийн тооцоо судалгаа гаргаж, холбогдох төр, захиргааны байгууллагуудтай хамтран төсөвт бүрэн тусгуулах юм байна.

Аж ахуйн нэгж, байгууллага бүрийн тухайн жилийн төсөв, үйл ажиллагааны орлогоос, нийт цалингийн сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хөрөнгийг тооцуулан “Ахмадын сан” байгуулж, түүнийг үр дүнтэй ашиглах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна. Ахмадын бүх шатны байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, зөвлөхийн төлбөртэй үйлчилгээ явуулж, хөдөлмөр эрхлэн орлого олж, түүнээсээ хандив /хувь нэмэр/ оруулж, нийтлэг арга хэмжээг хамтдаа зохион байгуулж санхүүжүүлэх санаачилга гаргахад онцгой анхаарах гэнэ. Бодлогынх нь нэгдүгээр үе шат нь 2017-2018 онуудыг хамрах бөгөөд энэ үе шатанд эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэхтэй холбогдсон хуулиудыг боловсруулах. Хоёрдугаар үе шат нь 2018-2021 онуудыг хамрах бөгөөд энэ үе шатанд уламжлалт ажлуудаа эрчимжүүлэн хэрэгжүүлэхээс гадна шинээр батлуулсан хууль эрх зүйн орчинд нийцүүлэн Монголын ахмадын байгууллагаас зохион байгуулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж шинэ шатанд гаргах аж.

Мөн түүнчлэн Монголын ахмадын байгууллага нь Нийгмийн даатгалын үндэсний Зөвлөлд төлөөлөлтэй болж, тэтгэвэр авагч ахмадуудынхаа эрх ашгийн төлөө бодитой нөлөөлөгч хүчин болох, аймаг, нийслэл, нийслэлийн дүүргүүдийн ахмадын хороод тухайн шатны ИТХ–аар төсвөө батлуулж ажилладаг зарчмыг бүрэн хэрэгжүүлэх, Монголын ахмадын холбооноос Засгийн газартай байгуулсан гэрээ болон мөн Аймаг, нийслэл, дүүргийн ахмадын хороодоос, тухайн шатны засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг улирал, хагас, бүтэн жилээр нэгтгэн дүгнэж олон нийтэд ил тод мэдээлж байх, ахмадуудад тулгамдсан нийтлэг болон онцгойлон анхаарал хандуулах асуудлуудын талаар санал, асуулга, тандалт, судалгаануудыг төр, захиргааны болон холбогдох төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын оролцоотойгоор өргөн хүрээнд явуулж, түүний мөрөөр тодорхой ажил зохиох, судалгааны үр дүнгийн мэдээлэл, эх сурвалжуудад дүн шинжилгээ хийж, холбогдсон асуудлуудын үндэслэл, шалтгаан шийдвэрлэх арга зам, гарцыг эрэмбэлэн тогтоож санал боловсруулах юм байна.

Биднийг ажил төрөл ярилцах зуур хөнгөн шингэн биетэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан эмэгтэй Ерөнхийлөгчийн шаардсан бичиг баримт, тогтоол, шийдвэрийг тухай бүр түргэн шуурхай авч, тайлбарлан таниулж байв. Ерөнхийлөгч түүнийг миний туслах Цэцэгмаа гэж танилцуулаад, энэ хүн бол манай Холбооны ерөнхийлөгчдийн туслахаар дагнан 10 гаруй жил ажилласан мэргэжилтэн. Нэг үгээр хэлэхэд ахмадын төв байгууллагын лавлах юм шүү гэж нэмж хэллээ.

Бас нэг эмэгтэйг танилцуулсан нь ахлах мэргэжилтэн Б.Цэцэгсүрэн аж. Бас холбооны нябогоор үндсэн мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Б. Гүйлээ ажилладаг гэнэ. Сурвалжлах үеэр эднийд хамгийн их ажилтай харагдсан хүн бол Доржсүрэнгийн Энхтуяа байлаа. Намхавтар биетэй, улаан хацартай тэр бүсгүй аавдаа тусалж гүйсээр байгаад энэ байгууллагад ажилд оржээ. Түүний аав “франц” Доржсүрэн гэж ахмад МОНЦАМЭ агентлагаас тус байгууллагад шилжин ирж, гадаад харилцаа хариуцан олон жил сайн ажилласан гэдэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль төгсөхдөө 25 мянган үгийн сантай Орос монгол ярианы толь бичгийг чээжилчихсэн байсан сан гэж нутгийнх нь ахмад ярьж байна билээ.

МАхХ–ны дэд Ерөнхийлөгчөөр Пандийн Бямбацэрэн ажилладаг.Доктор Бямбацэрэн МАХН–ын Төв Хорооны санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, тасгийн дарга, Хөдөлмөрийн Яаманд орлогч сайд, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Монгол Улсын Үндэсний статистикийн Хорооны дарга, Улсын цагаатгалын комиссын ажлын хэсгийн дарга зэрэг ажил алба хашсан Төрийн туршлагатай хүн.

Монголын ахмадын Холбоо ийм авсаархан орон тоотой мөртлөө чамгүй их ажилтай, улмаар төр, нийгмийн төвшинд ажил үйлчилгээ нь улам боловсронгуй болж, илүү үр дүнд хүрэх өнгө төрхөө олжээ.

Үндэсний чуулганд оролцогчид

Нийслэлийн ИТХ -ын дарга ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Төр, түмний түүчээ болсон ахмад буурлууд

Мэндчилгээ

Дэлгэр Монгол орныхоо өнцөг булан бүрт сар шинэдээ саатан золгож байгаа буян хишгээ далласан азай буурал ахмадууддаа XVII жарны Тийн хэмээх шороон нохой жилийн мэнд дэвшүүлж урт нас, удаан жаргал,эрүүл энхийг хүсэн ерөөе.

МАхХ–ны ерөнхийлөгч Цэндийн СҮХБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж