Ц.Лхагважав: “Hybrid” авто машины үнэ хамгийн доод тал нь 12-13 саятай байна

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Ц.Лхагважав: “Hybrid” авто машины үнэ хамгийн доод тал нь 12-13 саятай байна

Ц.Лхагважав: “Hybrid” авто машины үнэ хамгийн доод тал нь 12-13 саятай байна

Эко автомашин импортлогчдын холбооноос авто худалдааны төв, импортын авто машины бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2018.02.12/ хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, тус холбооны гишүүдийн 60-70 хувь нь “Да-Хүрээ” зах дээр автомашины худалдаа эрхэлдэг аж. 

Тус холбооны гишүүдийн зүгээс импортын автомашины бүртгэлийг хотоос гадагш 22-ын товчоонд байрлах авто худалдааны төвд шилжүүлсэн нь  иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгааг онцоллоо. Мөн импортоор оруулж ирсэн автомашины бүртгэлийг хотоос гаргасныг эсэргүүцэж, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхийг шаардав.

Эко автомашин импортлогчдын холбооны гишүүн Н.Шагдар “Эко автомашин гэдэг нь “Hybrid” авто машиныг хэлээд байгаа юм. /2017.07.01/-ээс өмнө “Hybrid” машины үнэ 7-12 саяын үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр зах дээр хамгийн доод тал нь 12-13 саятай байна. Манайх автомашин үйлдвэрлэдэг орон биш. “Hybrid” машин дээр татвар нэмснээс хойш орж ирж буй авто машины тоо буураагүй. Гэхдээ худалдан авах чадвар огцом буурсан” гэв.


Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц. Лхагважаваас цөөн асултад хариулт авав.  

-Эко машины татвар хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? Хүмүүсийн худалдан авах чадвар дагаад  буурсан уу?

-Эко авто машины татвар нэмэгдсэнээс 7-8 сая төгрөгтэй байсан “Приус 20” маркын 2004-2005 онд үйлдвэрлэгдсэн хуучин машины үнэ 12 сая 500 мянга болсон. Машин нь үнэтэй орж ирж байгаа учраас бид үнээ нэмж зарахаас өөр арга байхгүй. Миний ажигласнаар иргэдийн худалдан авах чадвар огцом буурсан. Приусээ ч авч чадахгүй байна.

-Импортын авто машины бүртгэлийг  хотын зах руу нүүлгэснийг яагаад эсэргүүцэж байна вэ?

-“Да-Хүрээ” захад  гэхэд л дунджаар 6000 гаруй иргэн ажил, үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг. Бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг. Сүүлийн жилүүдэд яригдаж буй авто худалдааны төвийг нүүлгэх тухай асуудал олон хүний бизнест сөргөөр нөлөөлж байна. Бид нар худалдааны төвийг нүүлгэсэн нь буруу гэж хэлж байгаа юм биш. Зөвхөн импортын авто машины бүртгэлийг 22-ын авто худалдааны төв рүү шилжүүлсэнд нь шүүмжлэлтэй хандаж байна. Тийм учраас төрийн үйлчилгээг хотын зах руугаа биш, төвд ойртуулж өгөхийг л шаардаж байгаа юм.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж