”Оргил цаг” нь нэгэнт иржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

”Оргил цаг” нь нэгэнт иржээ

Аливаа спортод хожих, хожигдох гэсэн хоёр л зам бий. Үүний адилаар нэг хэсэг олны сайшаалыг хүртээд байсан тамирчин бол У.Мөнх-Эрдэнэ. Түүнийг амьдрал эгэл даруу, бүсдын адил зовлон жаргалаар дүүрэн билээ. Багаасаа хөдөлгөөн багатай байсан тэрбээр өсвөр насандаа од нь гийж, үе тэнгийхэндээ алдар нэрээ гайхуулсан талаар түүний боксын багш магтан суудаг гэдэг. Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Афины зуны олимпод оролцон сайн тоглолт үзүүлсэн билээ. Тамирчин хүн бүрт тохиодог бэртэл, гэмтлүүд У.Мөнх-Эрдэнийг ч тойрч байгаагүй. Гэвч хэдэн жилийн сайн бэлтгэл хийсний дараа 2008 оны Бээжингийн олимпод шагналт тавдугаар байрт шалгарч байв. Харин БНСУ-ын Инчён хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн жинд аваргалж алтан медалийн эзэн болов. Тэрбээр аваргын төлөө 64 кг-ын жинд БНСУ-ын тамирчин Пак Сан Хьюктэй тоглож, 21:8-ийн харьцаатайгаар ялж, Солонгосын рингийг эзэгнэсэн юм. У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болоод ахмадуудаас сургаал сонсож байсан нь саяхан. “Гавьяат цолыг дагаад асар том хариуцлага ирдэг юм  хэмээн түүнд олон хүн зөвлөсөн гэдэг. Эгэл даруу зангаараа бусдад үнэлэгдсэн тэрбээр одоо л хүссэн бүхэндээ хүрэх оргил цагтаа ирэв бололтой. Нэгэнт эрчээ авсан У.Мөнх-Эрдэнийн өмнө олимпийн дэвжээ хүлээж буй.       

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж