Уран гулгалтын багийн төрөлд Канадчууд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Уран гулгалтын багийн төрөлд Канадчууд тэргүүллээ

Уран гулгалтын багийн төрөлд Канадчууд тэргүүллээ

Өнөөдөр Каннөн мөсөн ордонд уран гулгалтын багийн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр, бүжгийн хосын чөлөөт үзүүлбэр явагдаж дуусан медалийн эзэд тодорлоо. 

Өчигдөр Канадын баг бүжгийн хосын богино үзүүлбэр, хосын чөлөөт үзүүлбэрт тэргүүлснээр өрсөлдөгч ОХУ-ын багаас 6 оноогоор тасарсан нь тэднийг багийн төрөлд түрүүлэх магадлалыг улам ихэсгэж эсрэгээр Оросуудын хувьд тэднийг үзүүлбэрээ гүйцэтгэх явцад алдаа гаргахыг хүлээхээс өөр арга үлдээгүй юм.

Багийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт тааруу байсан Олимпийн хошой мөнгөн медальт Канадын Патрик Чан чөлөөт үзүүлбэрээ гайхалтай толилуулан шүүгчдээс 179.75 оноо авч 10 оноог багтаа нэмэрлэлээ. Тэгвэл богино үзүүлбэрт тун хангалтгүй байж ердөө 74.36 оноо аван багтаа гуравхан оноо нэмэрлэж багийн амжилтаа доош нь чангаасан 2018 оны европын аваргын хүрэл медальт ОХУ-ын Михайл Коляда чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэн 173.57 оноо аван 9 оноог багийн дүнд нэмэрлэсэн бол Нэгдсэн улсаас багийн төрөлд богино үзүүлбэрээ толилуулсан Патрик Чений оронд Залуучуудын дэлхийн хошой аварга Адам Риппон чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэн 172.98 оноо аван багтаа 8 оноо авчирсан байна. 

Багийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ерөнхийдөө Оросууд давангайлах нь өчигдрийн богино үзүүлбэрээ гүйцэтгэсэн дэлхийн хошой аварга Евгения Медведева тод томруун харуулсан билээ. Тэгвэл өнөөдөр чөлөөт үзүүлбэрийг Евгения Медведева бус түүний гол өрсөлдөгч 2018 оны европын аварга Алина Загитова үзүүлэн бусад өрсөлдөгчдөөсөө илт тасархай байж 158.03 оноог шүүгчдээс салгаж багтаа 10 оноо авчирсан байна. 16 хан насандаа нэгдсэн улсыг төлөөлөн Ванкуверийн олимпод оролцож байсан Япон гаралтай уран гулгагч Мирай Нагасу чөлөөт үзүүлбэрээ толилуулан 137.53 оноо 9 оноог багтаа нэмэрлэснээр Америкийн баг , Пёнчанаас багийн төрөлд хүрэл медаль авах болзлоо хангасан юм. 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Канадын Габриэль Дэйлман чөлөөт үзүүлбэртээ 137.14 оноог шүүгчдээс авснаар Канадчууд багийн төрөлд алтан медаль хүртэх нь ойлгомжтой болсон байна. 

Багийн бүжгийн хосын үзүүлбэр өмнөх богино үзүүлбэрийн адил олимпийн алт, мөнгөн медальт 2017 оны Хельсинкийн дэлхийн аварга Канадын хос болох Тесса Вертью, Скотт Мойр нар энэ төрөлд илүү гэдгээ харуулан 118.10 оноо аван багтаа 10 оноо нэмэрлэсэн бол анхны өвлийн олимподоо оролцож буй 2016 оны дэлхийн аваргын мөнгөн медальд Нэгдсэн улсын Япон гаралтай хос болох Алекс Шибутани, Майя Шибутани нар 112.01 оноо авч багтаа 9 оноог авчирлаа. 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын хос болох Дмитрий Соловьёв, Екатрина Боброва нар 110.43 оноогоор 3-т бичигдэж багтаа 8 оноо нэмэрлэн багийн төрлийн аваргууд тодорчээ.

‘Сочи-2014’ өвлийн олимпоос эхлэн хөтөлбөрт багтах болсон уран гулгалтын багийн төрөлд Оросуудад дарагдан мөнгөн медаль хүртэж байсан Канадын баг энэ удаа Пёнчанд хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирсэн гэдгээ нотолж багийн төрөлд 73 оноогоор тэргүүлэн алтан медалийн эзэд болцгоосон бол Сочид нутагтаа түрүүлж байсан Оросууд Солонгост 66 оноотой мөнгөн медаль хүртэхээр болсон бол Нэгдсэн улсын баг хоёр олимп дараалан энэ төрөлд хүрэл медаль хүртэж байна. Уран гулгалтын тэмцээн маргааш завсарлаж нөгөөдөр Улаанбаатарын цагаар 9:00 цагаас хосын богино үзүүлбэрээр үргэлжлэн явагдана.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж