Д.Сумъяабазар: Бид "шүдгүй арслан" шиг болчхоод байна

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Бид "шүдгүй арслан" шиг болчхоод байна

Д.Сумъяабазар: Бид "шүдгүй арслан" шиг болчхоод байна

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас ‘Ил тод’ уул уурхай хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн, Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, нарын хүмүүс оролцлоо. 

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 47,1 сая тонн нүүрс, 1 сая 317 мянган тонн зэсийн баяжмал, 19,8 тонн алт, 5,6 мянган тонн молибдений баяжмал, 7,7 сая тонн төмрийн хүдэр, 3,7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 108,9 мянган тонн хайлуур жонш, 55,2 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 82,7 мянган тонн цайрын баяжмал, 14,6 мянган тонн кадотын зэс үйлдвэрлэсэн байна. 

Мөн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний борлуулалт 15,2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3 их наяд төгрөгөөр өссөн байна. 

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Үүнээс А80-97, АИ92-36, дизель түлш–33, онгоцны түлш–29 хоногийн нөөцтэй байна. 

Яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хаврын чуулганаар өргөн барьж, эрх зүйн орчны давхардал хийдлийг арилгах, салбар хоорондын уялдаа холбоог бий болгох тал дээр ажиллаж байна. 

Ер нь эрх зүйн орчин ил тод болж, давхардал хийдэл арилснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ, хөрөнгө оруулалтын тал дээр бодит ахиц гарна’ гэж үзэж байгаагаа салбарын сайд онцлов.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензины үнийг нэмсэн байна. Үнийн бодлого цаашид ямар байх вэ. Мөн Роснефть компанитай уулзаж асуудлуудаа ярьсан уу?

АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн: 

-2018 оны нэгдүгээр сарын 24-нд Засгийн газрын тогтоол гарч, А80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Тухайн үед компаниуд дээр хуримтлагдсан алдагдлын 60 орчим хувийг хаасан байгаа. Үлдсэн алдагдлаа нөхөх зорилгоор үнээ нэмж болохгүй гэсэн чиглэл барьж байсан. Хоёрдугаар сарын хилийн үнэ ирсэн. Зах зээл дээрх нефтийн үнэ нэмэгдсэнээс болж дахиад литр тутамд 60 төгрөг нэмэгдэж байна. Өмнө нь 140 төгрөг, одоо 60 төгрөг нэмэгдэж байгаа нь огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Энэ талаар компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэгэхээр зах зээлийн зарчмаар шатахууны үнэ өссөн тохиолдолд үнээ огцом биш аажмаар нэмдэг, хилийн үнэ буурах үед буурдаг байх тогтолцоонд орох хэрэгтэй байна. 

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: 

-Өнгөрсөн оны долдугаар сараас хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эхлэн газрын тосны үнэ аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад гадаад болон дотоод зах зээл дээр эерэг төлөв ажиглагдаж байна. Тэгэхээр ирэх гурав, дөрөвдүгээр сараас шатахууны үнэ буурах боломж харагдаж байна. 

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Шатахуунтай холбоотой үнийн асуудал жил бүр яригддаг. Салбарын яам хүчгүй ч юм шиг, хариуцлага тооцож чадахгүй байна вэ гэхээр манай улс шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй. БНХАУ, ОХУ-ын хувьд нефтийн салбар 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Манайх шиг шатахуун, нефть, мах, гурилаа бүгдийг нь хувьд шилжүүлээд хувийн компаниудын “тоглолтод” ороод, зохицуулалт хийх боломжоо алчхаад байна. Магадгүй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад шатахууны бодлогоо зохицуулах ёстой. Хувьчилж болохгүй салбараа хувьчилсан. 2004 онд НИК компанийг хувьчлах нь буруу байсан. 

 -‘Роснефть’-тэй хийж буй уулзалтын үр дүн гарсан уу?
 
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Хоёрдугаар сард “Роснефть” компанитай ээлжит уулзалсан. Энэ уулзалтаас эерэг хандлага гарна гэж хариугаа өгсөн. Тоо баримтын хувьд одоогоор тодорхойгүй байна. Ер нь бол Монголын талд ашигтай байдлаар шийднэ гэсэн хариуг өгсөн. Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал хоёрдугаар сарын сүүлээр Москва хотод болно. Энэ үеэр “Роснефть”-ийн удирдлагуудтай биелэн уулзаад, мэдээлэл өгөх болно. 

-“Монгол газар” компани олборлолт хийж байгаа ч татвараа төлөхгүй байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Олборлолт хийж байгаа томоохон аж ахуй нэгж татвараас зайлсхийх арга нь өөрсдийнхөө талбайг түрээслэх, эсвэл аж ахуй нэгжээ дампууруулаад тусгай зөвшөөрлөө эзэмших арга хэрэглэж байна. Иймд орлогоо нуун дарагдуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй би тэмцэнэ. Эрүүгийн зарим хуультай уях ёстой. Хуулийн төслийн өөрчлөлт хийгдэж байгаа. Уул уурхайн яам лиценз олгодог. Эргээд бид зөвшөөрлөө цуцлах эрх байдаггүй. Дүгнэлт гаргах эрх нь Байгаль орчны яаманд байдаг. Эцэст нь хариуцлага алдсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох, зөвшөөрлийг цуцлах эрх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг. Бид нарт хариуцлага ярих эрх байхгүй. Үнэнийг хэлэхэд ‘шүдгүй арслан’ шиг болчхоод байна. Системийг дотор задалснаас болоод давхардал хийдэл, завшигч нар маш их байна.  Үнэхээр Уул уурхайн яамыг хариуцлага тооцдог болгомоор байвал улсын хяналтын албаа манайд өгөөч ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж