МАХН-аас өнгөрсөн баасан, бямба гаригт зохион байгуулсан намын II чуулганыхаа талаар өнөөдөр /2018.02.12/ мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нарын хүмүүс оролцсон юм.
МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал:
-МАХН-ын Их чуулган энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралд нийт төлөөлөгч 1020 оролцсон. Их чуулганаар Монгол Улсын цаашдын хөгжлийн гарц шийдэл, Бага чуулган, гүйцэтгэх товчооны ажлыг хэлэлцсэн. Ингээд бид намын даргаараа Н.Энхбаярыг улираан сонголоо. Намын даргыг сонгох үеэр заалнаас хүн дэвшээгүй. Түүнчлэн зохион байгуулалтын ажлыг хэлэлцэж, 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүдээ сонгосон. Мөн намын хяналт ёс зүйн хорооны 11 гишүүнийг сонгосон байгаа. МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталлаа. Их чуулганы хоёр дахь өдөр Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг хэлэлцсэн. Салбар хуралдаануудыг зохион байгуулж, нийт ард түмэнд уриалга гаргасан. Үндсэн хууль нь шинэ бөгөөд хариуцлагын тогтолцоог Монголд бий болгож, өнөөдрийн хямралаас гарах гарц юм гэдэг шийдлийг чуулганаар хэлэлцсэн гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тулга нар сонгогдсон. Бид Их чуулганаараа Үндсэн хуулийн өөрчлөлт, түүхэн ач холбогдол болон намын дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Тиймээс бид ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Бид байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ. Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулин дээр тусгаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн’ гэлээ.
МАХН-аас боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуулийг батлах ард түмний санал хураалтыг энэ ондоо багтааж хийх бөгөөд ойролцоогоор нэг сая орчим хүний гарын үсэг цуглуулахаар төлөвлөж байгаа гэнээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Шинээр баталсан намын дүрэм, намын даргаа дахин Дээд шүүхэд бүртгүүлэх үү?
-Хуулийн хугацаандаа багтаагаад холбогдох материалуудаа шүүхийн байгууллагад хүргүүлнэ. Хуулийн хугацаа нь 10 хоногт багтааж бүртгүүлнэ.
-Г.Шийлэгдамбын шүүх хурал танай намын Их чуулгантай давхцаж болсон. Г.Шийлэгдамба өмнө нь намын удирдлагад ажиллана гэдэг намд санхүүжилт олж ирэх хүндхэн үүрэгтэй байдаг гэж хэлж байсан. Ер нь түүний асуудал дээр ямар хариулт өгөх вэ?
-Хуулийн дагуу асуудал нь шийдэгдээд явах байх аа гэж бодож байна.
-О.Баасанхүүг намын гишүүнээс хассанаар танайх парламентад суудалгүй нам болсон гэж ойлгож болох уу?
-МАХН парламентад суудалтай нам хэвээрээ байгаа. Харин хэнийг гишүүнээр суулгах, эгүүлэн татах асуудлыг нам дотроо ярина.
-УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл явж байгаа. МАХН Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ төсөл нэг намын эрх ашигт үйлчлэхээр боловсруулагдсан. Хуулийн төсөл батлагдлаа гэхэд маш их гажуудал үүснэ. Баталсан намын нэр хүнд асар их унана. Үүнийг бид МАН-д маш тодорхой хэлсэн байгаа.
Ш.ЧИМЭГ