Сар шинийн барилдааны чимэг мэдээнүүд

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Сар шинийн барилдааны чимэг мэдээнүүд

Сар шинийн барилдааны чимэг мэдээнүүд

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр /2017.02.15/ 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Сар шинийн баярын бөхийн барилдаантай холбоотой түүхээс товчлон танилцуулъя. 

Цагаан сарын барилдааныг 1963 оноос “Нэгдэлчдийн өдөр”-т зориулан, Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохион байгуулж эхэлжээ.
 

  • Анхны барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын Ч.Бээжин үзүүрлэсэн.

  • Сар шинийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр нийт 13 удаа энэхүү барилдаанаас түрүү хүртжээ.

  • 1963 оноос хойш зохион байгуулсан барилдаанд дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян аварга С.Цэрэн, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарын 14 аварга цолтой бөх түрүүлж байсан.

Улсын цол хүртээгүй байхдаа буюу аймгийн цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн хоёр бөх байдаг бол үзүүрлэсэн гурван л бөх бий.

Үндэсний бөхийн дарга аварга А.Сүхбат 2007 оны сар шинийн барилдаанаас эхлэн “Ирээдүйн аварга” гэх шагналыг өсөх ирээдүйтэй бөхчүүдэд олгож эхэлсэн байдаг. Энэхүү шагналын анхныхыг түүний шавь, улсын харцага Ө.Даваабаатар аймгийн арслан цолтойдоо хүртэж байсан бол дараах бөхчүүд өнгөрсөн хугацаанд “Ирээдүйн аварга” гэгдэн, итгэл хүлээжээ.

  • 2007 он: Аймгийн арслан Ө.Даваабаатар
  • 2008 он: Сумын заан Б.Ганзориг
  • 2009 он: Аймгийн арслан Ц.Содномдорж
  • 2010 он: Цэргийн арслан Ч.Санжаадамба
  • 2011 он: Аймгийн начин Н.Батсуурь
  • 2012 он: Аймгийн арслан Б.Пүрэвсайхан
  • 2013 он: Аймгийн арслан Т.Баасанхүү
  • 2014 он: Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
  • 2015 он: Аймгийн арслан Н.Жаргалбаяр
  • 2016 он: Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр
  • 2017 он: Аймгийн заан Э.Ууганбаяр

  • Сар шинийн барилдаантай холбоотойгоор бөхчүүд хариуцлага тооцож байсан тохиолдол ховор. Тэгвэл 2014 оны сар шинийн барилдааны дараа Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, зарим бөхийн гаргасан дэг журмын асуудлыг хэлэлцэн, хариуцлага тооцож байсан юм. Тодруулбал, тухайн үед харцага цолтой байсан Ц.Содномдоржийг /Одоогийн цол: улсын арслан/ сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж, хоёр үйлдлээр буруутган, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хасах шийдвэр гаргаж байв.

  • 2017 оны Үндэсний их баяр наадамд долоо давж, улсын заан цол хүртсэн, олимпийн аварга Н.Түвшинбаяр мөн энэ оны гал тахиа жилийн сар шинийн барилдаанд тав давсан нь цагаан сарын барилдаанд үзүүлсэн өндөр амжилт нь болжээ. Олимпийн аварга өнгөрсөн жилийн сар шинийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Ч.Баянмөнхийг давсан бол тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр түүнд тахимаа өгсөн юм. Харин дунд шөвөгт тэрбээр улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодсон.  
     

САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ТОВЧООН

(1963-2017 оныг хамарна)
 

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж