ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ сарын 8-11-ны хооронд Баянхонгор аймагт ажиллаад ирлээ. Тэрбээр энэ удаад Баянхонгор аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж, малчдын зөвлөгөөнд оролцож, Баянхонгор аймгаас төрсөн аварга малчин, саальчдад шагнал гардуулав.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 10-ны бямба гаригт аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шийдвэр, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулав. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон Баянхонгор аймгийн удирдлагууд оролцлоо.

Засгийн газар Чингис бондын өрийг хугацаанд нь төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлсөн нь хөрөнгө оруулагчид болон гаднын зах зээлд эерэг мессэж боллоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцаан авч, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсон, олон жил ярьсан шинэ Төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. 2018 оныг Хариуцлагын жил болгож Засгийн газраас зарлалаа. Энэ хүрээнд төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд шийдвэрлэн хариу өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгосон. Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал тутамд тэтгэмж олгож байна гэлээ.

Ахмадын тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, оюутны сургалтын төлбөрийн зээлийг хүүгүй болгосноор 37 мянган оюутан Боловсролын сангийн зээлийн санд хамрагдах боломж бүрдэж байна зэрэг мэдээллийг иргэдийн асуултад хариулах үеэрээ хэллээ.

Мөн нутгийн иргэд ч УИХ-ын гишүүдэд саналаа хэллээ.

Баянхонгор аймгийн иргэн ‘Бензин шатахууны үнийн татварыг тэглэсэн. Гэтэл шатахууны үнэ нэмэгдээд байна. Улаанбаатарт нэмэгдэхээр аймгуудад хүнд тусч байна. Аймаг хооронд явж байгаа тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний үнэ нэмэгдээд байна. Тиймээс энэ асуудлыг шийдэж өгөөч. Мөн УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг цэгцэлж өгөөч. Ирц хангалттай байж хуралддаг асуудлыг шийдэж өгнө үү’

Баянхонгор аймгийн иргэн ‘Иргэдтэйгээ уулзаж байгаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарт баярлалаа. Эрдэнэтийн 10 хувийг иргэдэд олгоно гээд байгаа. Үүнийг хэрхэн яаж, ямар шугамаар олгох юм бэ. Хоёрдугаарт, тэтгэврийн асуудал байна. Ахмадуудын ихэнх нь тэтгэврээ 1995 оноос өмнө тогтоолгосон байдаг. Тэтгэврийн зөрүүг арилгана л гээд байгаа. Сая хүртэл 27000 төгрөгөөр нэмлээ. Баярлаж байна. Гэхдээ энэ шударга биш. Нийгэмд оруулж байсан хувь нэмэр, зүтгэж байсан зүтгэлээр нь үнэлэх хэрэгтэй. 1995 оноос өмнө өөр аргаар, 1995 оноос хойш өөр аргаар тэтгэврээ тогтоолгосон. 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэд хохирч байна. Тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн хэрнээ 2 сая төгрөгний тэтгэвэр авдаг байсан иргэдэд ч 27000 төгрөг, 200 мянган төгрөг авдаг байсан иргэдэд ч 27000 төгрөг нэмсэн нь шударга уу. Үүнийг цэгцэлж өгөөч ээ’ гэлээ.

Ийнхүү иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өгөв.

Б.Анир

Эх сурвалж: www.zaluu.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж