“Харри поттер”-ыг бүтээсэн “шидтэн”

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“Харри поттер”-ыг бүтээсэн “шидтэн”

“Харри Поттер”-ийн цуврал ном дэлхий
даяар 400 сая хувь бор­логдсон. Энэ зохиолоос сэдэвлэж бүтээ­сэн
кинонууд ашиг орлогоороо “Ти­таник”, “Аватар”-ын дараа жаг­саж байна.
“Харри Поттер”-ын ши­нэ зохиол  худалдаанд гарах сур­гаар дэлгүүрийн
гадаа шөнөжин ду­гаарлаж зогссон дурсамж сая, сая хүний цээжинд бий.
Харри Пот­терийн ид шидийн ертөнц хү­мүүсийн сонирхлыг ингэж их тат­жээ.
Харин түүний цаана байгаа жин­хэнэ “шидтэн” болох зохиолч эмэгтэй
Ж.К.Роулинг гэж хэн бэ. Дунд сургуульдаа ширээний цаанаас бос­доггүй
байсан даруухан, бүрэг охин. Хожим нь нөхөртөө хаягдаж, хөл­сийг нь төлж
чадахгүй болохоор байрнаасаа хөөгдөх шахаж явсан бүсгүй. Аж­лаасаа
халагдчихаад яаж амьд­ралаа залгуулах учраа олж ядан бяц­хан охиноо
ширтэж суусан ээж. Нас биенд хүрч, амьдралын хатууг мэ­дэрсэн ч дотроо
ид шидийн ертөнцийг төсөөлөн бодох дуртай Лондон хотын жирийн нэгэн
эмэгтэй. Эцэст нь тэр ноорхой амьдрал дундаас тө­рөн гарсан саятны бодит
жишээ болсон юм.

Ж.К.Роулинг 1965 оны зургаа­дугаар сарын 31-нд Англид төр­жээ. Түүний
жинхэнэ нэр нь Жоан­на Катлин. Хожим номынхоо зохиог­чоор энэ нэрээ
бичих гэсэн боловч өсвөр насны хөвгүүд эмэгтэй зохиол­чийн бүтээлийг
уншихгүй байж ма­гад­гүй гэж болгоомжилсноос “Ж.К.Роу­линг” хэмээх
нэрийг ашиглаж эхэл­сэн байна. Тэрбээр өөрийнхөө ту­хай нэгэн
ярилцлагадаа “Би тав би­лүү, зургаан настайгаасаа зохиол бичиж эхэлсэн”
гэжээ. Түүний анхны зохиол нь “хатагтай” Зөгий гэх мэт сонирхолтой
дүрүүдийг багтаасан “Туулай” хэмээх жижигхэн өгүүллэг байв. Гэр бүл нь
Винтербурнд нүүж ирсний дараа бяцхан Роулинг охин хөршийнхөө Поттер
гэдэг хүү­тэй сайн найзууд болсон байна. Нэрийг нь насан туршдаа
мар­тахааргүй тийм сайн найзууд.
О
хиныг есөн нас хүрэх үед нь тэд­нийх Татшил руу нүүж, Роулинг тэнд
сургуульд оржээ. Тэрбээр хо­жим өөрийгөө “Би тэр үед сэвхтэй, ичимхий
охин байсан. Гэхдээ уран зохиолд ухаангүй хайртай байж би­лээ” хэмээн
ярьсан байна. Ахлах сур­гуулиа төгссөний дараа эцэг, эхийн­хээ санал
болгосны дагуу Exeter-ийн их сургуульд орж, франц хэл сурчээ. Түүнийг
гэр бүлийнхэн нь нарийн бичиг болгох хүсэлтэй байж. Гэвч сургуулиа
төгссөнийхөө да­раа Роулинг өөрийгөө хамгийн зо­хион байгуулалт муутай
хүн гэдгийг ойлгож, энэ ажил өөрт нь  тохирохгүй гэдгийг эцэг, эхдээ
хэлсэн байна. Харин 26 нас хүрэх үедээ Ж.К.Роулинг Португальд очиж,
англи хэлний багш болжээ.

“Англи  хэл бол уянгалаг сай­хан хэл”. Ингэж боддог байсан ирээ­дүйн
зохиолч эмэгтэй ажилдаа дуртай байснаас гадна өглөө, оройд зохиолоо
бичих цаг гардагт нь талархдаг байв. Нэгэн удаа тэрбээр галт тэргэнд
явахдаа хажууд нь зэрэгцэн суусан нүдний шилтэй нэгэн жаалыг харж
байгаад шидтэн хүү Харри Поттерын түүхийг бичих санагаа олжээ. Чухам энэ
үеэс “ид шид” гэдэг үг Ж.К.Роулингийн толгойд эргэлдэж эхэлсэн байна.
Тэрбээр 1993 онд Португалийн иргэн, сэтгүүлч залуутай гэрлэж, Жессика
гэдэг охинтой болсон боловч төд удалгүй салах өргөдлөө өгөх гээд зогсож
байв. Ажлаасаа ч халагджээ. Тэр үеийнхээ амьдралыг хожим нь тэрбээр ийн
дурссан байдаг. “Их сургуулиа төгсөөд долоон жил өнгөрсний дараа би
нөхрөөсөө салж, ажилгүй болсон өрх толгойлсон эмэгтэй болсон байв.
Гэхдээ энэ бүх бүтэлгүйтэл намайг чөлөөлж өгсөн. Би хэний ч өмнө худлаа
дүр эсгэх шаардлагагүй болж, бүх эрч хүчээ өөрийнхөө хүссэн зүйлд
зориулах боломжтой болсон. Цөхөрч, шана­лан сууж байх үедээ үүнийг л би
ойлгосон юм. Би амьсгалж байна. Би хөөрхөн охинтой. Надад хуучин
бич­гийн машин байна. Бас гайхалтай санаа олсон. Өөр юу хэрэгтэй юм бэ.
Үүнийг ойлгоод би бичиж эхэлсэн”.

Ж.К.Роулинг цуврал зохиолынхоо эхний хэсэг болох “Харри Поттер ба гүн
ухааны чулуу” номоо хэвлэлийн компани руу явуулчихаад хариу ирэхийг нь
тэсэн ядан хүлээж байжээ. Хэвлэлийн газрын хүн түүн рүү утас­даж, “Таны
номыг хэвлэхээр боллоо” гэхэд өөртөө итгэж ядан “Нээрээ юү” хэмээн
хариулж байж. Харин шидтэн хүүгийн ту­хай өгүүлэх энэ номыг уншаад
таа­лагдсан тухайгаа нэгэн ээж ра­диогоор ярьсны дараахнаас эхлэн “Харри
Поттер” зохиол жинхэнэ утгаараа хүчээ авч эхэлсэн байна. Эцэг, эхчүүд
энэ тухай ам дамжин сонсож, цааш нь тараасаар. Харин зохиолыг нь нэг
удаа уншсан хүн муу үг унагах аргагүй байжээ.

“Харри Поттер” зохиол дээр гардаг өдөр шөнөгүй ном шагайж явдаг Хермони
охины дүр зарим талаараа Ж.К.Роулингийн бага нас­тай адилхан байв.
Түүнчлэн шүүмж­лэгчдийн зүгээс энэ номонд гардаг ид шидийн ертөнц тэр
чигээрээ Лондон хотын хуулбар байгааг шагшдаг. Өөрөөр хэлбэл, ид шид,
тай­лагдашгүй хүчин зүйлсийн тухай өгүүлэх уран зөгнөл юм шиг хэрнээ
“Хар­ри Поттер” зохиол хүмүүсийн жирийн аж амьдралтай дэндүү ойр дотно
байжээ. Түүнчлэн цагаа олсон хошигнол, логик дараалал сайтай үйл явдлууд
нь Ж.К.Роулингийн бүтээлийг улам бүр чимж өгсөн юм.

Ж.К.Роулинг 2000 оны зун гэхэд “Хар­ри Поттер” цуврал зохиолынхоо эхний
гурван ботийн худалдаанаас 400 сая ам.долларын ашиг олжээ. Түүний ном
дэлхийн 35 хэлээр ор­чуулагдаж, 30 сая хувь хэвлэгдсэн байсан юм. Түүний
бүтээлүүд “Нью-Йорк таймс” сонины бестселлерийн жагсаалтыг маш удаан
хугацааны турш тэргүүлсэн юм. “Форбес” сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сард
түүний нийт хөрөнгийн хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг
зарлажээ. Өнгөрсөн оны судалгаагаар Ж.К.Роулинг Их Британийн хамгийн
нөлөө бүхий эмэгтэй болсон байна. Тэрбээр “Би бурханд итгэдэг боловч ид
шидэд итгэдэггүй” хэмээн хэлж байж.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж