“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Тавьдугаар бүлэг
ЛУ ШЮЭ ТИНД ҮЗЭМЖИЙН ШҮЛГИЙГ НИЙЛҮҮЛЭН ХОЛБОЖ, НУАНЬ ШЯН ЖИЛИЙН ОНЬСОГЫГ УРЛАН ЗОХИОВ
Тэндээс Бао Чай “Дэс дарааг хуваан тохиож бичих хэрэгтэй юм” гэсээр олны зүг хандаж, сугалаа татаж тогтооё гэсэнд, эхнийх нь Ли Шй болов. Тэгээд дараачаар нь дэс дараа тогтоов. Фөн Же: “Тийм юм бол би мөн эхэнд нэгэн мөр хэлнэ” гэсэнд хөхрөлдөж: “Тэгвэл сайн” гэцгээв. Бао Чай “Дао Шянгийн хөгшин тариачны” дээр нэг Фөн гэсэн үсэг нэмж, Ли Вань бас сэдэв гарчгийг түүнд хэлж өгөв. Фөн Же баахан бодоод инээж: “Та нар битгий намайг голоорой. Би нэг мөр болхи үгсийг бодож олов. Таван үгийг эхэлье. Хойно нь юу залгахыг би мэдэхгүй” гэсэнд бүгд хөхрөлдөж: “Хэдий болхи бол төдий сайн. Чи хурдан хэлээд, явж ажил явдлаа гүйцэтгэ” гэцгээв. Фөн Же“Цас орвол умраас салхилна. Урьд шөнө умраас салхилав. Хахир салхи шөнө турш үлээнэ. За болсон, болоогүйг бүү мэд дээ” гэсэнд цаадуул нь инээд алдаад “Энэ мөрүүд хэдий болхи ч гэсэн цаашдаа юу болох нь мэдэгдээгүй байна. Шүлэг зохиож чадах хүний эхлэлийн арга мэдэгдэж байна. Сайхан болох шинжтэй мөртөө дараагаар бичих хүнд санаа өгч байна. Энэ мөрөөр эхлэлт болгоё. Дао Шиянгийн хөгшин тариачин хурдан залгаж бичигтүн” гэцгээв. Фөн Жэ, Ли Шэньнян, Пин Эр нар хундага архи балгаад явцгаав. Ли Шэнь,
Хахир салхи шөнө турш үлээж
Хаалга нээхүйеэ цас бас лавсана
Хар шаварт цас унах хайран… гэсэнд Шян Лин залгаад,
Хамаг ертөнцөд хаш бутарсан мэт
Хатсан өвс сэргээхийг хүсэх байтал… гэтэл Тань Чүнь залгаад
Хагсарсан соёоны чимэглэх санаа үгүй
Ханхлам архийг тосгонд нэгэнтээ нэрж… түүнийг залгаж Ли Чи,
Харах нүдэнд баян хөмрөг тодорно
Хахир хүйтэн өвлийн туйл болж… гэхэд нь Ли Вэнь,
Хавар ойртож, дохиур одон эргэв
Халил хадан уулс номин өнгөө алдаж… гэтэл Шю Янь залгаж аваад,
Халгилах мөрний мөнгөн долгио тогтжээ
Хатингар удын мөчирт царцахуйяа хялбар… гэж унштал Шян Юнь:
Халбагар гадилын навчинд хурахуйяа бэрх
Халуун хүлийст заарт бэхийг уусган… гэтэл Бао Чинь үргэлжлүүлэн,
Халуун дээлийн халиун нударгыг шамалсугай
Харвах гэрэл нь цонхны толийг ичээж… гэсэнд Дай Юй залган авч
Ханхлах ярмааг хаяаны туурганд түрхжээ
Хажуугийн салхи басхүү хэвээр хуугиж… гэнгүүт Бао Юй,
Хавт зүүдэн харин сэтгэлийг баясгана
Хаанаас хангинах лимбэ сонсогдоно вэ гэж унштал Бао Чай залган аваад,
Хашийн Шию Хэний гэрээс эгшиглэнэ
Халиму даянгаа галав юүлэхэд зовнивч… гэсэнд Ли Шэнь инээж: “Би яваад архи халаажуу үзээд ирье” гэсэнд Бао Чай, дүүдээ “Чи залгаад нийлүүл” гэж хэлэх зуур Шян Юнь босоод,
Хайрс будрах луугийн тулалдаан зогсов
Хангай хэр эрэгт тулаад өнчин завь буцаж… гэтэл Бао Чинь залган авч
Холын тэртээх зүгт шүлэг уянгалсаар
Харуулын цэрэгт халуун дулааныг хайрлаж… гэтэл Шян Юнь яаж дуугүй суух вэ. Хөмсөг хөдөлгөн цээж түрж босоод
Харин бас хөвөн хувцас бэлтгэнэ
Хангай, хөндийд сөх хунгарыг шинжиж… гэхэд нь Бао Чай “Эй сайхан” гэснээ,
Харанхуй шугуйд мөчир хөдөлгөхийг хичээтүгэй
Хаялах алхам хөвөн цасанд хөнгөрч… гэтэл Дай Юй яаран холбож,
Ханагар цээж, исгэрэх салхинд ганхана
Харж сонирхохыг эгээхэн чи хөгжөөж… гэснээ Бао Юйг нударч “Чи залгаж холбо” гэв. Бао Юй энэ агшинд, Бао Чинь, Бао Чай, Дай Юй гурав Шян Юньтэй тэмцэлдэхийг бахдан харж байсан тул юуны шүлэглэх санаа төрөх вэ. Тэгтэл Дай Юй түлхсэн учир залган холбохоор шийдэв.
Хараахан бас өнчин нарсанд ивгээлтэй
Ханагар талд галууны мөр үлдэж… гэтэл Бао Чинь залгаж,
Харанхуй ойд сүхийн дуун сонсогдоно
Хад уулс хэвтээ заан мэт дүнхийж… гэнгүүт Шян Юнь яаран холбохоор
Харгуй зөрөг могой ороосон мэт
Хавсарга хүйтэнд цан хүүрэг цацаглаад… гэсэнд Бао Чай “Сайхан, сайхан” гэж дэмжтэл Тань Чүнь өлгөн авч
Хахир жихүүнд өнгө нь тодрон гялалзана
Хашаа, хүрээлэнд үргэсэн болжмор нисэлдэж… гэтэл Шян Юнь залгах гэснээ амаа дэвтээхээр цай оочих зуур Шию Янь залган авч
Халцгай ууланд хөгшин гуйвангоо уйлна
Хашлага, гишгүүрт хурсан цас бүжиглэж… гэнгүүт Шян Юнь аягаа тавиад
Харзат нуурт хөнгөн лавсаа хөвөлзөнө
Хаяарах үүрээр мөнгөн гэрэл нь гялбаж… гэхэд нь Дай Юй холбов.
Хаялан бударсаар цас шөнө турш лавсана
Халуун сэтгэл, хүйтэн цасыг огоорч… гэнгүүт Шян Юнь инээн:
Хаан эзэн, өгөөмөр цасанд баясана
Хажууд нь осгогчдыг хэн тоож аваачна вэ… гэсэнд Бао Чинь залган авч
Халамцан зугаалагсад зочин залж цэнгэнэ
Хан тэнгэрийн цагаан хадаг тасарсан мэт… гэж унштал Шян Юнь
Хандарсан балгасны1 цагаан хив торго хаягдсан мэт… гэтэл Дай Юй, дараачийнхаа мөрийг хэлэхээс нь урьтаад,
Хашигдан бүрхэгдсэнд тагт харш сэлүүн… гэсэнд Шян Юнь угсарч
Хагсран ядууравч санаа нь уужим… гэнгүүт Бао Чинь,
Ханхлах цайны ус алгуурхан буцлавч… гэхэд Шян Юньий урам улам хөгжих мэт болж инээн:
Халаалгах сархдын охь нь шатаахуйяа бэрх… гэж унштал Дай Юй залган авч
Хашир бандийн шүхэр нь дарагдаж… гэтэл Бао Чинь инээн:
Хар хөвгүүний ятга нь булагдав… гэсэнд Шян Юнь элгээ даран хөхрөөд,
Хадан асарт аршийн тогоруу нойрсож… гэнгүүт Дай Юй хөхрөөд чанга дуугаар
Хамбан хөнжилд муур маани тоолно… гэсэнд Бао Чинь инээд алдан,
Хашийн саранд мөнгөн давалгаан уралдаж… гэнгүүт Шян Юнь залгаж аваад,
Хан Сүмбэрийн хүүхэн оргил нь дарагдав… гэж уншингуут Дай Юй залгаж
Хамар цоргим цэцгийн үнэр ханхалж… Бао Чай “Ямар сайхан мөр вэ” гэснээ,
Хуугих салхинд хулсан лимбэ жингэнэнэ… гэнгүүт Бао Чинь,
Хажин уран бүс норсон мэт… гэтэл Шян Юнь угсруулан
Хаш, бадмааргийн чимэг царцсан адил… гэнгүүт Дай Юй яаран,
Хавсарга зогсовч цас хэвээр бүжиглэж… гэж унштал Бао Чинь залган
Хангал бороо мэт нисэн лавсан ширжигнэнэ гэв.
Шян Юнь элгээ хөштөл хөхрөөд, савж унав. Тэр гурвыг өрсөлдөн шүлэглэж, холбохыг харсаар байгаад цаадуул нь юун шүлэг бичихтэй мантай хөхрөлдөн шуугилдана. Дай Юй, Шян Юнийг: “Цааш нь хэлээч” гэж шаардан: “Чиний эрдэм чадал барагдахгүй ээ. Хэл чинь чухам хичнээн урт сунахыг үзмээр байна” гэсэнд цаадах нь өвөр дээр нь дарж унаад улам хөхөрнө. Бао Чай түүнийг татаж босгоод: “Ха толгойн үгийг барагдтал холбох чадлыг чинь хараад бахархмаар байна” гэсэнд цаадах нь босоод:
-Би шүлэг зохиогч биш. Дэмий л шүлэг хэлсэн болж та нартай ам булаалдсан юм… гэсэнд цаадуул нь “Одоо л үнэнээ хэлж байна” гэцгээв. Тань Чүнь, холбох үг олохгүй болсноо мэдээд, даруй дээрх холбосныг бичээд “Бас төгсгөлгүй байна шүү” гэтэл Ли Шэнь залгаж нэг мөр хэлэв.
Хавт цэнгэлийг утга уянгад бичиглэгтүн гэсэнд Ли Чи
Хуудас шүлгээр бат төрийг магтана гэж төгсгөв. Ли Шэнь:
-Тийм болтугай! Хэдий Ха толгойн үгсийг холбож бараагүй ч гэсэн, урвуулж хөрвүүлсээр учиргүй хөшүүн болгочихвол харин муухай болно гэв. Бүгдээр дор бүрнээ шүүмжилбэл, хамгийн олон нь Шян Юньийх байсан тул: “Энэ чинь, тэр хэсэг бугын махны гавьяа” гэж шоглов. Ли Шэнь:
-Мөр дараалан шинжвэл, цөм хариулан холбож чадсан шүү. Харин Бао Юй л хоцорлоо гэсэнд цаадах нь инээж:
-Би ерөөсөө нийлүүлэн холбож чадахгүй юм билээ. Намайг уучлан хэлтрүүлж хайрла гэв. Ли Шэнь:
-Цуглаан бүхэнд уучлах болж байна уу. Тийм ёс байх уу. “Холболт тохиов” гэхгүй бол хоцорлоо гэж шалтаг хэлнэ. Эсвэл “Нийлүүлэн холбож чадахгүй” гэнэ. Тэгэхээр өнөөдөр эрхбиш торголгүй болохгүй нь ээ. Сая би, Лүнь Цүй Ан сүмийн улаан тэргүүлэгч цэцэг их сайхан дэлгэрснийг үзээд, нэг мөчир тасалж авчраад лонхонд хийе гэж санасан боловч Миюа Юй этгээд зантай болохоор авсангүй. Одоо чамайг торгож, нэг мөчир авчруулан лонхонд хатган наадсугай гэсэнд цаадуул нь: “Ингэж торгох чинь харин сонирхолтой сайхан байна” гэцгээв.
Торгууль хүлээсэн Бао Юй их дуртайгаар сүм рүү явах гэсэнд Шян Юнь, Дай Юй хоёр: “Гадаа хүйтэн байгаа учир нэг хундага халуун архи уугаад яв” гэв. Шян Юнь том хундаганд архи хийгээд: “Чи манай энэ архи уугаад, түүнийг авчрахгүй бол ахиж торгоно шүү” гэж сануулав. Цаадах нь өгснийг хөнтөрчихөөд цасан дундуур явж одов. Ли Шэнь, “Хүн дагуулж явуулъя” гэсэнд Дай Юй: “Яах юм бэ, хүн дагавал цаадах чинь олж ирж чадахгүй” гэв. Ли Шэнь: “тэгвэл саваа бэлдье” гээд шивэгчнийг явуулбал, өнөөх нь мөрөн дээрээ нэг гоо охин суулгасан цэцгийн лонх авчрав. Лонх бэлтгэчихээд Ли Шэнь: “Тэр эргэж ирээд тэргүүлэгч цэцгийг магтах байхдаа” гэв. Шян Юнь: “Би урьдаар нэг анги зохиож байхуу” гэсэнд Бао Чай инээж:
-Өнөөдөр чамаар шүлэг бичүүлэхгүй. Чи цөмийг нь биччихээр бусад нь зүгээр суух болно. Бао Юйг ч буцаж ирэхээр нь торгоно. Тэр нийлүүлэн холбож чадахгүй гэсэн тул одоо өөрөөр нь зохиолгоно гэв. Дай Юй инээж:
-Энэ зүйтэй. Би нэг арга бодлоо. Сая нийлүүлэн холбосон нь гүйцээгүй. Түрүүнд бараг оролцоогүй шахам хүмүүсээр: “Улаан тэргүүлэгч цэцэг” гэсэн шүлэг зохиолгоё гэсэнд Бао Чай:
-Энэ чинь харин болно шүү. Сая Шин, Ли тэд эрдэм чадлаа гаргасангүй. Эд нар бол манай зочид. Чинь Эр, Пин Эр, Юнь Эр нар голлон нийлүүлсэн Биднийг харж байхад энэ зочдоор зохиолговол зохино. Ли Шэнь: “За яахав, Чи Эр зохиож чадахгүй. Чинь Мэймэйгээр зохиолгоё” гэснийг Бао Чай арга буюу дагав.
-Улаан тэргүүлэгч цэцэг хэмээх гурван үгээр холболт болгож, хүн бүр нэг анги, долоон үгийн хэмжээт шүлэг зохионо. Шин Мэймэй “Улаан” гэдэг үгийн “У” толгойгоор холбоно. Таны Ли Мэймэй “Тэргүүлэгч” гэдэг үгийн “Т” толгойгоор холбоно. Чинь Эл “Цэцэг” гэдэг үгийн “Ц” толгойгоор холбоно гэж Бао Чай хэлэв. Ли Шэнь: “Бао Юйг хэлтрүүлэхийг би зөвшөөрөхгүй” гэсэнд Шян Юнь: “Түүгээр зохиолгох нэг сайн сэдэв байна” гэтэл цаадуул нь “Ямар сэдэв вэ” гэж асуув. Шян Юнь: “Түүгээр, Мю Юйгээс улаан тэргүүлэгч бадарласан нь гэсэн сэдвээр зохиолговол сонин бишүү” гэв. Цөм нэгэн дуугаар зөвшөөрөв. Ийн ярилцаж байтал Бао Юй нэг мөчир улаан тэргүүлэгч цэцэг бариад ихээхэн баяртай инээмсэглэн орж ирэв. Шивэгчингүүд цэцгийг нь тосож аваад бэлдсэн лонхонд хийгээд тавьсанд бүгд сонирхон үзэцгээв. Бао Юй инээж:
Та нарын сонирхон бахдах яахав. Миний хичнээн зовсныг мэдэж байна уу гэсэнд Тань Чүнь: “Тэгсэн байлгүй” гээд хундага халуун архи авчирч өгөв. Шивэгчид Бао Юйн нөмрөгийг тайлан авч сэгсрэв. Энэ үед бас Ши Рэнь хөөмий хүрэм ирүүлжээ. Ли Шэнь, улаан шар жүрж, ар үр болон бусад жимийг хэдэн тавгаар авчруулж Ши Рэньд хүргүүлэв. Шян Юньы шүлгийн сэдвийг Бао Юйд авчирч өгөөд, хурдан зохиогоорой гэв.
-Сайн агч дүүс минь ээ, би өөрөө холболт хийнэ гэж Бао Юйг хэлсэнд цаадуул нь “Дураараа бол” гэв. Тэд тэргүүлэгч цэцгийг шохоорхон үзнэ. Энэ цэцэг хоёр тохой хэрийн өндөр мөчиртэй, хоёр тийш салаалан гарсан урт бөгөөд дундаас нь салаанууд салбарлан, зарим нь цагригласан луу мэт, зарим нь царцсан улаан хорхой мэт агаад анхилам үнэр нь цахирмаа цэцгийг дарж байв. Тэднийг ийн цэцэг сонирхож, үнэрлэж, хэлэх үгээ олж ядан байх хооронд мөнөөх гурав Шию Янь, Ли Вэнь, Бао Чинь нар шүлгээ биччихсэн байв. Тэдний бичсэнийг улаан, тэргүүлэгч, цэцэг гэсэн гурван үгийн дарааллаар үзвэл ийм ажээ.
Шин Шюянь “Улаан тэргүүлэгч цэцгийг” магтсан минь
Урган дэлгэрэх тоор, гүйлсний зүс илрэхээс өмнө
Улаан тэргүүлэгч тасхийм жаварт дорнын салхинд мишээнэ
Учралт сүнс Кин Линд хүрээд хаврыг танихуяа бэрх
Улбар туяа Люэ фүг бүрхэж Ши Шиюнгийн зүүд битүүрэв
Охью дэлбээ нь чимэг нэмж эрдэнийн лавыг хайлуулан
Уяхан дагина, үнэрт согтож бүдэг солонгыг хөлгөлнө
Усхал нүдээр өнгийг үзээд эгэл гэж болно уу
Угтан туулсан цас мөсний гүн, гүехнийг мартжээ
Ли Вэнь
***
Тэргүүлэгч цэцгийн цагааныг орхиж улааныг магтая
Түүний өнгө согтуу нүдэнд гоо хээнцрийг илрүүлжээ
Тасхийм хүйтэнд хөлдсөн нуураас цус дусалсан мэт
Тэрс хорсолгүй уяралт санаан үнс мэт болжээ
Тэмдэгт рашааныг ташааран залгиж эгэл ясыг солиод
Тэнгэрийн ордноос зугтан бууж хуучин төрлийг халлаа
Тэртээ мөртөний өмнө, умарт хаврын өнгө бялхран
Тэших зөгийд үг хүргэн, сэжиг тааврыг тайлсугай
Бао Чинь
***
Цэцгүүд өнгө булаалдан ялгарч, нарийн мөчир зөрөлдөөд
Цэнгэлт хаварт эмзэглэсэн охид, эрхэм хээнцрийг эрэмцэнэ
Цэлмэг танхимын муруй хашлагад үлдсэн цас арилаад
Цэлгэрэх усан нүцгэн ууланд улбар туяаг буулгав
Цэрвэх зүүдэнд улаан ханцуйтны лимбийн эгшигт нийлүүлэн
Цэцэглэг дагина хөнгөн завиар үерлэсэн мөрөнд зорчино
Цэвэр сүнс, анхандаа лав хашийн тавцан дахь үр
Цээл дүр нь сэжиглэшгүйеэ огоот зөрөөгүй.
Бүгдээр дээрх шүлгүүдийг уншиж, сонсон үзээд сайшааж, сүүлийн нэг ангийг сайн болж гэцгээв. Бао Юй, Бао Чинийг хамгийн бага нь мөртөө билиг авьяастай, бичиг номтойг гайхав. Дай Юй, Шян Юнь хоёр бяцхан хундага барьж, Бао Чиньд баяр хүргэсэнд эгч нь хараад инээж: “Энэ гурван шүлэгт тус бүрд нь сайхан хэлсэн мөрүүд байна гэснээ, Дай Юй, Шян Юнь та хоёр өдөр болгон намайг элэг барьдаг байснаа одоо бас үүнийг элэг барих нь уу” гэв. Ли Шэнь: “Чи бичиж дуусав уу” гэж Бао Юйгээс асуусанд: “Байз, байз, би бодож байна. Сая энэ гурвын шүлгийг сонсоод бас цочлоо. Тэгээд бодож байснаа мартчих юм. Бодож л байна” гэсэнд Шян Юнь нэг гуулин шилээвэр авч хайс тогшин инээгээд: “Би тогшиж дохио өгнө. Тэр болтол бичиж дуусгахгүй бол торгууль ирнэ гэж мэдээрэй” гэв. Бао Юй: “За за би бодчихноо” гэв. Дай Юй бийр аваад инээж: “Чи унш, би бичье” гэв. Шян Юнь: “Би тогшлоо шүү. Чи барав уу” гэсэнд Бао Юй инээж: “Бодчихлоо бодчихлоо. Алив Линь охин бичээрэй” гэв.
Хундага сархдыг амсахаас өмнө
Хэдэн мөр шүлэг бичихээс урьд… гэхийг сонсоод Дай Юй: “Хэ” үгээр эхэлж байгаа юм байж гэсэнд Шян Юнь: “Хурдал, хурдал” гэж шавдуулав. Бао Юй инээж:
Хутагтын оронд хаврыг эрж цэцгийг мөрдсөөр хүрэв… гэсэнд Дай Юй толгой дохиж “Санаа нь эхлээд мэдэгдлээ” гэсээр бичив.
Хонсим бодьдсадваагийн бумбат рашааныг гуйсан биш
Хяруу шүүдрийн эзэн дагинад цэцгийн бадар айлтгав…
Дай Юй бичиж байхдаа, толгой сэгсэрч: “Өчүүхэн урлал төдий болой” гэсэнд Шян Юнь гар өргөн нэг тогшсонд Бао Юй инээмсэглэн уншив.
Хог тоос, улаан цасыг аваачихаар хүйтэнд ирж
Хорвоогоос ангижрагчийн ариун, орноос бор үүлсийг хуваажээ
Хоролзон эвхрэх мөчрийг сонирхохдоо шүлэгчийн алжаалыг бодов уу
Хувилгаан хүрээлэнгийн хөвд, ногоо хувцсанд бас наалдсаар
Дай Юй бичиж дуусаад тэдэнд өгөв. Тэд шүүмжлэн ярилцаж эхэлтэл хэдэн шивэгчин охид гүйн ирж: “Лао тайтай ирлээ” гэсэнд бүгд сандран угтаж гарав. Тэртээгээс Жя Мүих нөмрөг нөмрөн, хэрмэн чихэвч чихэндээ хийж, хар торгон юүдэн шүхэр дээрээ бариулан Юань Ян, Хуба мэтийн дор бүрнээ шүхэр барьсан, тав зургаан шивэгчдээр хүрээлүүлэн ирж явав. Ли Шэнь тэргүүтнүүд угтан авахаар тосож явав. Жя Мү тэднийг тэндээ бай гэж дорьсоор хүрч ирлээ. Ирүүтээ Жя Мү: “Би танай тайтай болон Фөн Жэгээс нуугдаад ирсээн. Тэднийг цасан дундуур алхуулж юү хийх вэ? гэж бодоод” гэв. Цөмөөр ухасхийн нөмрөгийг нь аваад түшиж авцгаав. Жя Мү дотогш ороод, эхлээд л тэргүүлэгч цэцгийг харж: “Ямар сайхан цэцэг вэ. Та нар мөн наадаж чадаж байна. Би та нарыг өршөөхгүй шүү” гэтэл Ли Шэнь, Чонын арьсан дэвсгэр авчруулан дэвсэж өгсөнд Жя Мү:
-Та нар яаж байгаа юм, тоглож наадаж байна уу. Түүнээ хийцгээ. Өдөр богино болсон болохоор би үдэд унтаагүй. Жаахан тоглож байснаа, гэнэт та нарыг санаад хүрээд ирсэн юм гэв. Тань Чүнь архи халааж, Жя Мүд авчирч өгсөнд, тэрбээр нэг хундага татчихлаа. Тэгээд “Тэр тавагт юу байна” гэсэнд “Хуршмал бөднө байгаа” гэцгээсэнд “Тэр чинь болноо. Нэг мөч салгаад аваад ир” гэв. Ли Шэнь яаран ус авчруулж Жя Мүгийн гарыг угаалгаад, мөнөөх бөднө шувууны махнаас авчрав. Жя Мү:
-За та нар минь, ажлаа үргэлжлүүлж, инээлдэж хөхрөлдөцгөө. Би зүгээр сонсож сууя гэснээ, Ли Шэньд, чи ч гэсэн энд сууж байдгаараа суу л даа. Тэгэхгүй бол би явна шүү гэсэнд бүгд дэс дараагаараа сууцгаав. Харин Ли Шэнь тэдний захад суув. Жя Мү:
-Та нар юу наадаж байгаа юм бэ гэсэнд цаадуул нь “Шүлэг зохиож байна” гэцгээв. Жу Му:
-Шүлэг зохиох ч яахав. Харин оньсого зохиовол цагаан сараар цөмөөрөө наадахад зүгээр шүү дээ гэв. Цөмөөр хэлснийг хүлээн авлаа. Жя Мү:
-Энд чинь их чийгтэй юм байна. Удаан байж болохгүй. Жигнүүлнэ шүү. Дөрөвдүгээр охин дүүгийн чинь тэнд дулаандаа. Тэнд хэдүүлээ очоод, зураг нь мөд дуусах нь уу, үгүй юү асууя гэв. Тэд “Цагаан сарын өмнө гарч чадахгүй. Ирэх жилийн таван сард харин түрүүч нь гарч магадгүй” гэцгээв. Жя Мү: “Тэгж яаж болох вэ. Тэр чинь, энэ хүрээлэнг байгуулахаас илүү хүч сүйтгэж байна шүү” гэсээр явахаар болов. Тэгээд Ши Чүний байгаа хүрээлэнг чиглэв. Замд нь “Үүлсийг нэвтэлнэ” мэтийн илэрхийллүүд харагдана. Тэд явсаар Ши Чүний ажлын танхимын үүдэнд очвол тэрбээр угтан гарч ирэв. Жя Мү тэднийд ороод суулгүй л: “Хичнээн зураг зурав” гэж асуув. Цаадах нь:
-Тэнгэр хүйтэн болоод будаг царцаад байна. Зурвал муухай болох учраас түр хойш тавиад байна гэв. Жя Мү инээж:
-Миний яарч байгааг чи залхууран хойшлуулж болохгүй. Хурдан зураарай гэв.
Тэднийг ийн ярилцаж байтал Фөн Жеинээсээр ороод ирэв. Тэгээд:
-Буурай эмээ, хэнд ч хэлэлгүйгээр гадагш явчихсан байна. Би таныг их эрлээ шүү гэсэнд Жя Мүтүүний ирсэнд дотроо баярлаад: “Би чамайг дааруузай гэж бодоод хэлээгүй юмаа. Чи үнэхээр шулам мэт сэргэг амьтан юм. Намайг ингээд л олчихдог байна. Чухамдаа ачлал гэгч үүнд л байгаа юм даа” гээд инээв. Фөн Же:
-Би юуны ачлах сэтгэлээр эрж олох вэ дээ. Танайд очсон байдаггүй. Бяцхан охидоос асуувал, тэд мөн намайг хүрээлэнд очуулахгүй нь ээ. Гайхаж байтал ашгүй хоёр чавганц ирж, учрыг хэллээ. Тэр чавганц жилийн юм хүргэж ирсэн юм уу, цагаан сарын зул хүжний мөнгө авахаар ирсэн юм уу нэг нь л байх гэж бодоод асуувал тийм гэнээ. Тэгээд жилийн зардлыг нь шалавхан гаргаж өгөөд л нааш явлаа. Одоо буурай эмээгийн авлагын эзэн нэгэнт явсан тул одоо зайлж зугтах хэрэг байхгүй. Шөлтэй, зөөлөн гургуул бэлтгэсэн тул харьж оройн хоолоо зооглотугай. Удвал хоол чинь нялбарна шүү гэв.
Энэ үгийг сонсоод бүгд л хөхрөлдөв. Төдөлгүй Фөн Же Жя Мүг аваад явлаа. Тэд хавцлын замыг өнгөрөөд зүүн үүдээр гарч үзвэл эргэн тойрон мөнгөн элс цацсан мэт гялтганана. Харвал, Бао Чинь, нугасан нөмрөгөө нөмрөөд, уулын ар хажуу дээр зогсон тэднийг хүлээж байх харагдав. Хажууд нь нэг шивэгчин, лонхтой улаан тэргүүлэгч цэцэг тэврэн зогсож байв. Тэд бүгдээр инээлдэн: “Хоёр хүн дутуу байсан юм. Энд хүлээж байжээ. Бас тэргүүлэгч авахаар очсон байжээ” гэсэнд Жя Мү баярлан инээж:
-Та нар хар даа! Энэ цастай хажуу дээр ийм хувцастай энэ хүн зогсоод, бас ард нь улаан тэргүүлэгч цэцэг байгаа нь юутай адилхан байна вэ гэж асуув. Цаадуул нь: “Лао тайтайгийн гэрт өлгөөтэй байдаг Чөү Ши Жөүгийн зурсан “Өнгөт цасны зурагтай” л адил байна” гэсэнд Жя Мү толгой сэгсрэн хөхөрч:
-Тэр зурагт ийм хувцас, ийм сайхан хүн байхгүй шүү дээ гэв.
Тэднийг ийн ярилцаж зогсож байтал Бао Чиний араас хар минжин нөмрөгтэй нэг хүн гарч ирэв. Жя Мү түүнийг хараад: “За тэр бас ямар охин гараад ирэв” гэсэнд наадуул нь, охид бид цөмөөрөө энд байна. Тэр бол Бао Юй гэгч байна” гэсэнд Жя Мү: “Миний нүд чинь улам л эрээлжлэх болох нээ” гэтэл тэд дэргэд нь хүрээд ирэв. Бао Юй тэднийг хараад:
-Би сая Лун Цүй ань сүмд очсонд Мю Юй, та нарт нэг нэг тэргүүлэгч цэцгийн мөчир өгснийг хүнээр хүргүүлсээн гэсэнд, цаадуул нь: “Бидний төлөө сэтгэлээ зовоосонд талархъя” гэцгээв. Тэд ийн ярилцсаар Жя Мүгийнд очиж хоол идсэний дараа энэ тэрийг ярилцан инээлдэж байтал Шюэ Има ороод ирэв.
Их цас орсоноос болоод нэг өдөр Лао тайтайгаа эргэж чадсангүй. Өнөөдөр тайтай уйтгартай байна уу. Уг нь цаснаар гарах ч бас сайхан шүү гэсэнд Жя Мү:
-Юундаа уйдах вэ. Энэ эгч дүүсийн хойноос очоод хамтдаа зугаалж яваад ирлээ гэж хөөрлөнгүй хэлэв.
-Өчигдөр орой би, Лао тайтайг залж цасаар явуулж, дараа нь хүрээлэнд очиж бага сага юм балгаж өнгөрөөе гэж бодож байсан юм. Тэгсэн чинь амжихгүй, өнөөдөр зовж л байлаа. Гэтэл Лао тайтай маань уйдаагүйгээр барахгүй, баяртай байгаа юм байна гэсэнд Жя Мү:
-Арван сар гараад л анхны цас орлоо. Цаашдаа ч цас орох л байлгүй. И Тайтайгийн зоосыг сүйтгэх цаг мундахгүй байхаа гэв. Фөн Же:
-Има мартамтгай болжээ. Одоо тавин лан мөнгө авчраад над хадгалуулчих. Цас ормогц би архи бэлтгээд байя. Има санаа зовох явдалгүй байг гэсэнд Жя Мү хөхөрч:
-Тэг тэг. И тайтай энүүнд тавин лангаа хадгалуулчих. Тэгээд бид хоёр хувааж аваад цас орсон өдөр дотор эвгүй байна гээд л биеэ бүлээцүүлж байя гэсэнд Фөн Же алга ташиж,
-Энэ зөв арга байна. Миний санаатай таарлаа гэсэнд бусад нь хөхрөлдөв. Жя Мү:
-Хөөе, энэ нүүргүй амьтныг хараач. Тоглож хэлснийг үнэн болгоод баярлачихаж. Энэ харин И Тайтай чинь, манайд ирсэн зочин. Ядарч зүдэрч байгаа байх гээд бид залах байтал харин мөнгийг нь аваад сүйтгэх нь байна шүү. Энэ Фэн охинд ичих нүүр алгаа гэсэнд Фөн Жэ:
-Манай буурай эмээ үнэхээр гярхай байна шүү. Имагийн гарыг харж, тавин лан гаргавал даруй надтай хуваана гэж бодсоноо, сүүлдээ бүтэх янзгүй болохоор над руу түлхээд энэ олон юм хэлж байгааг нь дуулав уу. Одоо би Имагаас мөнгө авахгүй. Харин би Имагийн өмнөөс мөнгө гаргаж ширээ засаад Лао тайтайг залъя. Бас тавин лан мөнгө гаргаж буурай эмээгийн ачлалыг гүйцэтгэе. Үүнийг, миний хэрэгт дуртайг торгосноор бодвол болох уу… гэж хэлж дуусаагүй байтал охид авхай нар хөхрөлдөөд ханзан дээр савж унав.
Жя Мү бас Бао Чинийг: – цасан дунд цэцэг тасалсныг цаасан зургаас сайхан гэж үнэлээд түүний нас он, сар, од гарагийг асуув. Шюэ Има бараг түүнд хүргэн зуучлах санаатайг мэдээд, дотроо хэдий дуртай боловч нэгэнт Мэй овогтонд ам алдсаныг хэлье гэвэл Жя Мү ил хэлсэнгүй, өөрөө бас шулуухан хэлж чадахгүй тул үгийн үзүүрийг хагас дутуу цухуйлган:
-Хөөрхий энэ охины буян дутжээ. Тэр жил эцэг нь үгүй болсон юм. Бүр багаасаа үзсэн, мэдсэн юмтай хүүхэд. Эцгээ дагаж таван уул, дөрвөн хайрханыг цөмийг нь тойрчээ. Эцэг нь зугаалагч хүн байсны хажуугаар энэ газарт наймаа эрхэлж байхдаа, гэр орныхноо аваад энэ мужаар нэг жил тэр мужаар хоёр жил тойрч явсаар энэ дэлхийн өнгө үзэмжтэй бүхний ихэнхийг үзжээ. Тэр энд байхдаа, Мэй овогт бичгийн утгачийн хөвгүүнд ам алдаад, хойтон нь эцэг нь бие барчихсан юм. Одоо эх нь мэнгэр өвчтэй… гэж ярьж байтал Фөн Же өлгөж аваад:
-Үнэхээр зол бусын учрал тохиожээ. Би яг зуучилсугай гэж байтал хүнд ам алдсан юм байжээ гэсэнд Жя Мү инээж:
-Чи хэнд зуучлах гэсэн юм бэ гэсэнд цаадах нь:
-Буурай эмээд хамаагүй дээ. Тэр хоёрыг яг таарна гэж бодож байсан юм. Одоо нэгэнт очих газартай болсон хүнийг хэлэвч тусгүй болсон тул үүнийг одоо яриад хэрэггүй гэв.
Жя Мүч Фөн Жегийн санааг мэдсэний дээр нэгэнт амаар зөвшөөрснийг дуулаад дахиж дуугарсангүй гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Маргааш нь тэнгэр арилжээ. Хоолны дараа Жя Мү, Ши Чүньд: “Тэнгэрийн хүйтэн, дулааныг хайхралгүй зургаа зур. Жилдээ амжиж зураад амжихгүй бол болихгүй юү. Хамгийн чухал нь өчигдрийн Чинь Эл болон бяцхан охин, тэргүүлэгч цэцэг зэргийг нэмж оруулаарай” гэсэнд цаадах нь хэдий хэцүүг мэдэвч аргагүйдэн хүлээн авав. Цөмөөрөө л түүний яаж зурж байгааг сонирхоход Ши Чүнь гайхан зогсоно. Ли Шэнь цаадуулдаа хандаж: “Ши Чүнь түүнийгээ бодог. Бид өөрсдийнхөө юмыг ярилцъя. Өчигдөр Лао тайтай оньсого зохио гэхийг сонссон биз. Чи Эр, Вэнь Эр бид гурав хариад оньсого зохиох гэж ярилцаад би “Дөрвөн бичгээс” санаа аваад хоёр оньсого зохиосон. Тэр хоёр маань ч дор бүрээ хоёрыг зохиолоо” гэж сонирхуулав. Тэгтэл: “Урьдаар бидэнд сайхан хэлээд өг, бид дагана” гэж цаадуул нь дэмжив. Ли Шэнь: “Аръяабал бурхан алдарт үүднээ уламжилсангүй”2 гэхийг “Дөрвөн бичгийн” нэг мөр үгээр тайлагтун” гэв. Шян Юнь өлгөн авч “Сайны туйлд зогсоно”3 гэсэнд Бао Чай инээж: “чи “Алдарт үүднээ уламжилсан” гэх гурван үгийг бодож үзээд таана уу” гэсэнд Ли Шэнь: “Сайн бодож үз” гэв. Дай Юй: “Би тааж үзье”. Хэдий сайн боловч баримт үгүй болой”4 гэх биш үү” гэсэнд цаадуул нь инээлдэн: “Энэ мөн байхаа” гэцгээв. Ли Шэнь: “Нэг цүнхээл ногоон өвсний нэр юү гэнэ вэ” гэтэл Шян Юнь: “Энэ бол зэгст хулс. Биш үү” гэсэнд Ли Шэнь: “Энэ удаа чамайг гартааж чадсангүй” Вэнь Элийн зохиосныг хэлье “Урсах усан чулууны хажуугаар жихүүн амьсгал гаргана” үүнийг нэг эртний хүний нэрээр тайлна” гэтэл Тань Чүнь: – “Уулын үер” гэх утгатай “Шань Таог” хэлж байна уу” гэсэнд Ли Шэнь: – наадах чинь мөн. Одоо Чи Элийн зохиосныг хэлье. Өсөв гэдэг үгийг өөр үг болгон тайлна гэв. Цөм бодож байтал Бао Чинь: “Үүний санаа нь гүн юм. Өсөв гэх нь, цэцэг өвсний өвс хэмээх үгийг урвуулан бичсэн бололтой, тийм үү” гэсэнд цаадах нь: “Тиймээ” гэв. Хэн нэг нь:
-Өвс хэмээх үгийг яаж, өсөв гэдэг үгтэй яаж холбогдуулсан юм бэ гэсэнд Дай Юй:
-Гайхалтай сайхан болжээ. Өсөх ургах нь, цэцэг өвсний үйл бишүү гэсэнд цөмөөр “Тийм юмаа, тийм юм” гэцгээв. Бао Чай:
-Энүүнийг бид хэдий сайхан гэвч, Лао тайтайгийн санаанд нийцэхгүй. Баахан хялбар гүехэн зүйлийг оньсого болгож, гүн гүехнийг хамтад нь сонирхвол зүгээр юм гэсэнд, цөмөөр “Хялбархан зүйлийг зохиоё” гэцгээв. Шян Юнь:
-Би нэг анги “Диянь Жиян чүнь” гэсэн дуулал бичив. Харин ерийн юмаар тайлна. Та нар тааж үз гээд уншив.
Урсгал цүнхээл ангижран салж
Улаан тоос эвхрэн наадъя уу
Учир сонирхол юун бэ
Ашиг нэр ашид хоосон
Алсын хэргийг залгахуйяа бэрх
Үүний учрыг олох гэж цөмөөр бодоцгоов. Зарим нь хуушаан юм уу гэтэл цаадах нь хутагт гэхэд, нөгөөх нь шийний жүжигчин гэцгээнэ. Бао Юй инээд алдаад “Биш ээ биш. Би таалаа. Энэ бол самж бич” гэсэнд Шян Юнь: “Таачихлаа шүү” гэв. Цаадуул нь: эхний мөрүүд сайхан болжээ. Харин эцсийн нэг мөрийг яаж тайлна вэ гэсэнд Шян Юнь: “Тэр тоглодог сармагчны сүүлийг огтолдог шүү дээ гэсэнд, шог хошин, сонин оньсого юмаа эгцгээв. Ли Шэнь:
-Урьд өдөр Има, Чинь охины үзэж мэдсэн их, явсан газар олон гэснээр ч оньсого зохиож болно шүү дээ. Чиний шүлэг зохиохын сайныг бас мэдсээн. Хэдэн оньсого зохиогоод биднээр таалгахгүй юм уу гэсэнд Бао Чинь толгой дохин инээмсэглээд бодлогошров. Тэгснээ:
Хар Зандан, бор заар давхар давхар сийлмэл
Хамаг урчууд барьж сийлэн бүтээсэн бишүү.
Хагас өдрийн салхи бороо хэдий өнгөрсөн боловч
Хангинан дуугарах сүмийн хонх аль цагт сонсдов?5
Энүүнийг таах гэж бодож байх хооронд Бао Юй нэгийг бичээд уншив.
Тэнгэрийн орон, хүний орчлон цөм нам сэлүүн
Тэргэл сарны улирал өнгөрвөл балар харанхуйгаас хичээнэ
Тогорууны дуун, галибангаагийн чимээнд харалган нүд нь тогтуун
Тургилан царгилан уйлах дууныг сансар тэнгэрт хүргэсүгэй
Дай Юй: “Би бас нэгийг бодчихлоо” гээд уншив.
Ажнай хүлэг моринд уурга цалам хэрэггүй
Арван зүгт ардаглаж дур мэдэн аашилна
Эзэн хүний санаагаар уул хайрханыг бөхийлгөсөөр
Арш хайрханы хоосон нэр Даянгаагийн нуруунд хоцорно7
Энэ зуур Тань Чүнь нэгийг бодоод унших гэтэл Бао Чинь ойртож ирээд: “Багадаа явж байсан газар оронд эртний дурсгалт зүйл элбэг байдаг. Би олон газраар явахдаа, “Эртнийг мөрөөдсөн шүлгүүд” зөндөө зохиосон. Шүлэг нь болхи бүдүүлэг болсон ч, миний мөрөөдөл тэр их юмсыг харуулсан байна. Эгч нар тааж үзэхгүй юү” гэсэнд бүгдээрээ: “Энэ чинь сонин хэрэг. Юунд бичиж гаргаад олон түмэнд үзүүлэхгүй байгаа юм бэ” гэцгээв. Ямар зүйл байгааг мэдсүгэй хэмээвээс дараах бүлгийг үзтүгэй!
Тайлбар:
Хандарсан балгас-Гэрлийн хугаралтаас болж, хүний нүдэнд харагдахгүй, холын юмс дэргэд нь илхэн харагдах нэг зүйлийн байгалийн үзэгдэл. Хүмүүс гандирсын балгас ч гэнэ.
Аръяабал бурхан алдарт үүднээ уламжилсангүй-Феодалын нийгэмд, хүн сайн үйл хийвэл үр ач нар нь буяныг эдэлж, үе улиран баян эрхэм явна гэж сурталчилдаг. Энэ бадагт аръяабалаас сайн хүн үгүй байтал, түүний үр ач гэж байдаггүй нь юү вэ гэж асуусан утга гаргажээ.
Сайны туйлд байна-“Их суртахуй” бичигт байдаг мөр. Утга нь сайны туйл болбол зогсоно гэсэн утгатай. Энд түүгээр дамжиж, Аръяабал бол хамгийн сайн хүн тул түүний дээр зогсоод, үр ач залгасангүй гэх утгыг илэрхийлжээ.
Хэдий сайн боловч баримтгүй-“Ер дунд бичиг” номын “Эрхэм хэмээгч хэдий сайн боловч баримтгүй” гэдгээс авчээ.
Хар зандан-нарсыг хэлжээ
Тэнгэрийн ордон хүргэсүгэй-Цаасан шувуу
Ажнай хүлэг…хоцорно-Хоролын зулыг хэлсэн ажээ. Хятадад хорол зулыг морин дэн гэдэг. Тэр утгыг мориор илтгэжээ.
Холбоотой мэдээ