УИХ болоод Ерөнхийлөгчийн толхилцоон сайныг авчрахгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

УИХ болоод Ерөнхийлөгчийн толхилцоон сайныг авчрахгүй

УИХ болоод Ерөнхийлөгчийн толхилцоон сайныг авчрахгүй

Монгол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон төрийн тэргүүн Ерөнхийлөгч гэсэн хоёр институц бие биеэ үгүйсгэж эхлээд хоёр гурван сарын нүүрийг үзэж байна. Сонирхолтой нь энэ хоёр институцийн дээд эрх мэдэлтэн найман сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр хүн- Ардчилсан намын нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хоёр учраас сонгуулийн өрсөлдөөн үргэлжилсээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын намрын чуулган өндөрлөж, хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэллээ. Мөн уламжлал ёсоор УИХ-ын дарга намрын чуулганы үйл ажиллагаагаа дүгнэн үг хэллээ. Нөгөө үгүйсгэл хэвээр.

Өнгөрсөн оны сүүлээр нийслэл хотын иргэдтэй уулзан санаа бодлыг нь сонссон Ерөнхийлөгч он гараад зүүн болон говийн аймгуудын иргэдтэй уулзаад ирсэн. Энэ өдрүүдэд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзан санаа бодлыг нь сонслоо. Ажил хийхгүй, хариуцлагагүй байгаа УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана хэмээн өмнө нь мэдэгдсэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа иргэдийн хүсэлт, санаа бодолд тулгуурлан дахин энэ мэдэгдлээ хийж байгаагаа онцоллоо. “Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа. Үүнийг мушгин гуйвуулж эв нэгдлийг бусниулж байна, төрийн эсрэг турхирч байна гэх ундууцал илэрхийлж байгаа нь буруу. Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой. Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана гэсэн амлалтдаа хүрэхээр алсаас зугуухан дөхөж яваагаа Ерөнхийлөгч нуухгүй байна.

Харин М.Энхболд үгэндээ “…парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо. Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй” гэлээ.

Хоёр өөр намын угшилтай хүмүүс төрийн институцийг толгойлж байсан тохиолдол цөөнгүй байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг эрх мэдлийг нь дуусгавар болгох талаар хичээнгүйлэн ажиллана гэж ил тодоор мэдэгдэж байсан удаа үгүй. Ерөнхийлөгчийн иргэдтэй хийж байгаа уулзалтын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацахдаа “Ерөнхийлөгчийн засаглалыг иргэд хүсч байна” гэсэн гарчиг, тодотголтойгоор тогтмол явуулж байгааг төрийн тэргүүнтэй шууд холбон ойлгож болохгүй ч үүнийг зогсоох талаар санаачилгатай ажиллах боломж байсаар байтал ажиллахгүй байгаа нь загатнасан газраа маажуулаад л суугаа хүн шиг харагдаж байгаа нь үнэн.

Энэ толхилцол хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Ерөнхийлөгчийн өмнө мэдэгдсэнээр утааны асуудлыг шийдэж чадахгүй Цагаан сарын дараагаас УИХ-ыг тараах санаачилгаа эхлүүлнэ гэсэн. Мэдээж утааны асуудал арилаагүй, тэгэхээр ирэх долоо хоногоос эхлэх чигтэй юм болов уу гэсэн хүлээлт байна. Хүн болгонд өөрийн тайлбар, зөвтгөл бий. Гэхдээ энэ нь хүн юу харахыг хүссэнээс л хамаарна. Улстөрчдөд итгэх итгэл улам бүр буурч, хүмүүс ямар нэг шинэ зүйлийг хүсч байгаа нь үнэн. Гэхдээ тэр шинэ зүйл нь ардчиллаас ухрах хэмжээний өөрчлөлт биш. Буруу зүйлийг хамтаар засч залруулах зөвшилцөл нийгмийг урагшлуулахаас биш нураах, бутаргах зам ухралтаас өөр зүйл авчрахгүй. УИХ болоод Ерөнхийлөгчийн хоорондох толхилцоон “хэн хэнийгээ түрүүлж ходрох вэ” гэсэн өрсөлдөөнд орох юм бол хэн ч хожихгүй.

“Тийн унжлагат” хэмээх нохой жилийн хавар УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн сүрдүүлэг, Ерөнхийлөгчид хүч нэмсэн сөрөг хүчин Ардчилсан намын жагсаал цуглаан, Ерөнхийлөгч сонгогчдын эрхэд халдаж байна гэсэн УИХ-ын тайлбар, МАНАН-г арилгана гэсэн МАХН-ын өндийлт дунд өнгөрөх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж