Английн Премьер лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Английн Премьер лиг эхэллээ

Хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй гэгддэг Английн Премьер лигийн 2011-2012 оны улирлын тоглолтууд эхэллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Английн хөлбөмбөгийн ногоон талбайд найман тоглолт болж, нийтдээ 16 баг улирлын эхний тоглолтоо хийж, шинэ улиралд хэр өнгө зүстэй байгаагаа харууллаа. Бямба гаригийн үдэш зургаан тоглолт болсон. “Ливерпуль” талбайдаа “Сандерланд”-тай тэнцсэн бол “Арсенал” “Ньюкасл”-ын талбайд зочилж, тэнцээний нэг оноотой буцсан юм. Бямба гаригт болсон тоглолтуудын дүнг танилцуулбал, “Блэкбурн” 1:2 “Вулверхэмптон”, “Фулхэм” 0:0 “Астон Вилла”, “Квинс Парк Рейнжерс” 0:4 “Болтон”, “Уиган” 1:1 “Норвич Сити”.

Харин өчигдөр хоёр тоглолт болсноос өнгөрсөн жилийн аварга “Манчестер Юнайтед” шинэ улирлыг ялалтаар эхлүүлсэн бол шинэ, залуухан дасгалжуулагчаар “цус сэлбэсэн” “Челси” клуб “Стоук”-ийн талбайд гоолгүй тэнцлээ.

“Уэст Бромвич Албион”-ы талбайд зочлон тоглосон Манчестерийн “Улаан чөтгөрүүд” 2:1 харьцаатай ялалт байгуулсан. Тоглолтын 13 дахь минутад Уейн Рүүни багийнхаа шинэ улирлын анхны гоолыг оруулсан боловч 36 дахь минутад “Уэст Бром”-ын “шинэ цэрэг” Шейн Лон тэнцээний гоолыг оруулжээ. Харин 81 дэх минутад тоглолтын хувь заяа шийдэгдэж, Эшли Янгийн дамжуулалт Стефен Рейдээр дамжин авто гоол болсон юм.

Хэдийгээр улирлын эхний тоглолтоо ялалтаар өндөрлүүлсэн ч “Юнайтед”-аас Рио Фердинанд, Неманья Видич нар гэмтэл авснаар талбайг чөлөөлсөн. Английн шигшээ багийн төвийн хамгаалагч Фердинанд өвдөгний шөрмөсөө гэмтээсэн тул зургаан долоо хоног тоглолт өнжих болсон бол Видич өнөөдөр эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдахаар болжээ. Харин өчигдрийн тоглолтын өмнө "МанЮ”-гийн зүгээс баруун жигүүрийн хамгаалагч Рафаэль да Силва бэлтгэлийн үеэр мөрөө мулталсан учир наанадаж хоёр сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болсон тухай мэдэгдсэн юм.

Харин “Челси”-гийн тухайд өчигдөр “Стоук Сити”-гийн талбайд зочилж, хуурай тэнцжээ. Шинэ дасгалжуулагч Виллаш-Боаш гарааны бүрэлдэхүүндээ Дидье Дрогбагийн оронд Фернандо Торресийг гаргасан. Тоглолтын хоёрдугаар хагас Дрогба, Николя Анелка нар сэлгээгээр талбайд гарснаар гурван довтлогч гоолын момент үүсгэж чадсан ч талбайн эзэн багийн хаалгач Асмир Бегович форм сайтай байгаагаа батлан харуулсан юм. Ямартай ч өнгөрсөн улирлын дэд аваргууд улирлын эхний тоглолтоос тэнцээний нэг оноо авлаа.

Премьер лигийн эхний тойргийн ээлжит тоглолт өнөөдөр болох бөгөөд лигийн шинэ цэрэг “Свонси Сити” дэлхийн хамгийн баян багуудын нэг “Манчестер Сити”-гийн талбайд зочилно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж