Ажилгүйдэл, ядууралтайгаа тэмц, Ерөнхий сайд аа?

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл, ядууралтайгаа тэмц, Ерөнхий сайд аа?

Ажилгүйдэл, ядууралтайгаа  тэмц, Ерөнхий сайд аа?

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газрын тэргүүн  2019 оны дөрөвдүгээр сараас түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглохоо мэдэгдээд буй.

Шийдвэр гаргах шиг хялбар зүйл үгүй. Харин үр дүнд хүрнэ гэдэг амаргүй. Яг ямар ажил хийвэл утааг бууруулж чадах вэ гэдэг шийдэл л чухал.

Утаатай тэмцэхийн тулд цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр тарааж, мөн цахилгааны шөнийн тарифыг чөлөөлье гэж үлгэр ярих хэрэггүй. Энэ бол түр зуурын арга ядсан арга хэмжээ болохоос биш ирээдүйг харсан төлөвлөгөө биш. Иргэдээ ажилтай орлоготой л болго.

Орлоготой хүн орон сууцанд орж болно, ажилтай хүмүүс хэдэн арваараа нийлээд хашааныхаа газарт хаус босгоод амьдарч болно. Тэр цагт нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхийн үйлдвэрлэж байгаа хорт утаа буурна.

Нүүрсийг орлох бүтээгдэхүүн нь гараагүй, үйлдвэрлэл нь ч баригдаагүй байхад “Түүхий нүүрсний хэрэглээг хориглоно” гэх нь амьдрал мэдэхгүй байгаа Ерөнхий сайдын л үг.

Гэр хорооллын иргэд дуртайдаа өнөөдөр нүүрс түлээд өөрсдийгөө ч, үр хүүхдээ ч,  өрөөлийг хордуулж амьдраагүй.

Орон сууцанд амьдрах хүсэл мөрөөдөл тэдэнд бий. Гэвч жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдая гэхэд ажилгүй, орлогогүй. Ажилтай нэгнийх нь сарын орлого хүрдэггүй, өнөөдөр эзнээ хүлээж байгаа орон сууцны үнэ хэт өндөр гээд зовлон байна. 

Иймээс энэ Засгийн газрын хийх хоёр дахь ажил нь хямд өртөгтэй орон сууц олноор баригдах боломжийг бүрдүүлэх. Гарц шийдлийг нь зарим бизнес эрхлэгч олчихсон байна. Тухайлбал, “Эрэл” компани хамгийн богино хугацаанд чанартай орон сууцыг олноор барих технологи нэвтрүүлснээ өнгөрсөн өдрүүдэд хотын даргаас эхлээд Ерөнхийлөгчид танилцууллаа.

Орос ах нарын технологийг Герман улсын хамгийн сүүлийн үеийн технологиор шинэчилснээр тус компанийн Байшин үйлдвэрлэх комбинат нь байгаль орчинд хоргүй материалтай, гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр даацтай хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдэг болжээ. Эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр бус сараар, өдрөөр хэмжих боломж бүрдсэн байна.  100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой болжээ. Зөвхөн цэцэрлэгээр хязгаарлахгүй сургууль, орон сууцыг иж бүрнээр нь богино хугацаанд барих боломж байна. Үйлдвэрийн онцлог нь ямар ч хэмжээтэй байшинг жилийн дөрвөн улиралд барих бололцоотой аж.

Барьсан орон сууцныхаа нэг м.кв-ийн үнийг 1.2 саяас доош байлгах боломжтой гэдэг амлалтыг ‘Эрэл’ компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат хотын даргад үйлдвэрээ танилцуулах үеэр хэлсэн. Өнөөдрийн нөхцөлд энэ бол боломжийн үнэ.

Мөн дээр нь газар чөлөөлөөд, дэд бүтцийг шийдээд өгвөл 500-1000 айлын орон сууцыг цогцолбор, хотхон хэлбэрээр барих боломжтой аж. 

Барилгын салбарт дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улирлын турш байнгын ажлын байртай болох бололцоо ч бий болно. 

Энэ бол өнөөдөр иргэдийнхээ нэг хэсгийг ажилтай, орлоготой болгоод зогсохгүй гэр хорооллыг орчин үеийн технологиор богино хугацаанд орон сууцжуулах боломж бүрджээ гэж харж болохоор байна. Орон сууцаар хязгаарлахгүй сургууль, цэцэрлэгийг давхар шийдэх бололцоотой. Өөрөөр хэлбэл, авто машины түгжрэлийг сааруулах бололцоог ч олгохоор байгаа нь давхар харагдана.

Иймээс Засгийн газар БНСУ-аас авах 500 сая ам.доллараа утаатай тэмцэхэд зориулахаар шийдвэрлэсэн л юм бол гэр хорооллын газрыг чөлөөлөх, дэд бүтэцжүүлэхэд зарцуулъя.

Гэр хорооллынхон ч хашааныхаа газрыг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлэлгүй газраа чөлөөлж өгвөл хоттойгоо нийлээд энэ ажил явах бололцоо харагдана.

Ерөнхий сайд аа, утаатай тэмцэх арга бол иргэдээ ажилтай орлоготой болгох. Тэр цагт иргэд олсон орлогоороо орон сууцтай болж болно, хаус ч барьж болно.

Гэдэс нь өлсөж байгаа иргэдээ ажилтай, орлоготой болгоогүй цагт шууд нүүрсийг нь хорих замаар утаатай тэмцэнэ гэвэл энэ бол жинхэнэ дарангуйлал болж хувирна. Ирэх 2019 оноос түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлая гэж байгаа бол том төслүүдээ хөдөлгө, иргэдээ ажилтай орлоготой болго, хямд өртөгтэй орон сууц олноор баригдах боломжуудаа ч ашигла.

Г.ХОРОЛ

  

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж