Ерөнхийлөгчийн орхисон бодлого

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн орхисон бодлого

Ерөнхийлөгчийн орхисон бодлого

Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны зургаа, орон тооны бус 16 зөвлөхтэй. Улс төрийн асуудлаар Н.Алтанхуяг, гадаад бодлогоор Т.Тэгшжаргал, соёл, шашны талаар Ц.Хулан, байгаль орчин, хот хөдөөгийн бодлого, агаарын бохирдлын асуудлаар Д.Пүрэвдаваа, Хүний хөгжил, нийгмийн тухай Д.Үүрийнтуяа, хүний эрхээр Г.Уянга зөвлөдөг.  Нийтдээ 22 хүнээр зөвлүүлдэг Ерөнхийлөгч кино урлагаар хоёрын хоёр зөвлөхтэй бол  эдийн засгийн асуудал дээр Төрийн тэргүүнд зөвлөдөг хүн байхгүй. Магадгүй хэн нэгнээр зөвлүүлээд байх шаардлагагүй, эдийн засгийн мэдлэгтэй гэж үзсэн ч байж болох юм.

Уг нь дэлхийд батлан хамгаалахаараа толгой цохидог их гүрнүүдийн дунд орших, асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай, далайд гарцгүй, жижиг эдийн засагтай улсын Ерөнхийлөгчийн хувиар  хоёрын хоёр кино зөвлөхөөс  хоёрын хоёр эдийн засгийн эсвэл гадаад бодлогын зөвлөхтэй байсан нь Монголд хэрэгтэй байв.

Тэрбээр ажлаа аваад яг хагас жил болж буй бөгөөд энэ хугацаанд түүний явуулж бодлогыг харахад ерөнхийдөө гадаад бодлогоо орхиж, дотоодын улс төрийг онилжээ. Хот, хөдөөгийн иргэдтэй хийж буй Ерөнхийлөгчийн уулзалтын харах өнцөг нь Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд ‘супер’ Ерөнхийлөгчийг төрүүлэх зорилготой агаад үүний төлөө Монголын гадаад бодлогоо орхигдуулаад байгаа. Монгол Улс НҮБ, ДХБ, АСЕМ зэрэг 20 орчим олон улсын байгууллагын гишүүн бөгөөд 10 орчим олон улсын байгууллагатай эрчимтэй хамтран ажилладаг. Мөн дэлхийн 181 оронтой дипломат харилцаатай. Хоёр хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэл байгуулсан. Үүнийг залгамжлах, залгаж авч явах бодлого Ерөнхийлөгчид байна уу.

 Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хоёр сарын дараа ОХУ-ыг зорьж, Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн III чуулгад оролцон, В.Путинтай хамт жүдо үзэж, нүүрсээ 4000 км замаар дэлхийн зах зээлд гаргана гэсэн гоё хэдий ч бэрх мөрөөдөлтэй ирснийг эс тооцвол тэрбээр хагас жилийн хугацаанд гадагшаагаа хамраа ч цухуйлгасангүй. Энэ нь Монголын гадаад харилцааг эрсдэлд оруулж байна гэвэл буруутан болохгүй биз.

Жил болгон хуралддаг НҮБ-ын чуулган, Давосын эдийн засгийн уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүний хувиар оролцох эрхтэй байсан. Гэвч улс орнуудын төр засгийн лидерүүд цуглардаг, тусгаар улсын төлөөлөгчид ирж оролцдог НҮБ-ын чуулгад “заавал оролцох үүрэг хүлээдэггүй” хэмээн татгалзаж үлдсэн бол Давост болсон Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулгад царайгаа харуулахыг хүссэнгүй. Үг хэлж, илтгэл тавьж, уулзалт хийдэггүй юм аа гэх нь ээ, ядахнаа ‘Монгол Улсын Ерөнхийлөгч нь би байна аа’ гээд очих ёстой байсан юм.

Мэдээж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй ч, Ерөнхийлөгч Х.Баттулга Монголыг гадаадад шууд төлөөлөх эрхтэй.  Гадаадад айлчлах, бүр гадагшаагаа гарах үгүй нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэл, сонирхлын бүр дурын асуудал болжээ. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүний хувьд “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” хуульд заасан эрх эдэлж, тулга тойрсон хэрүүлээ орхиод таван далай, таван тивд айлчлахыг иргэд нь ч, эдийн засаг нь ч хүлээгээд л байдаг.

Гэв чиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гадаадад улсаа төлөөлөхөөс илүү дотоодод улс төр хийх нь илүү чухал бололтой, орон тооны болон орон тооны бус олон зөвлөхөөрөө дамжуулан УИХ-ын бүрэн эрхэд халдахыг, УИХ-ыг тараахыг оролдох болсон.  Монгол Улсын Үндсэн хуулиар бол УИХ-ыг тараах эрх Ерөнхийлөгчид, Ерөнхийлөгчийн намд ч байхгүй.  УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн тохиолдолд парламент тарах ба шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл  бүрэн эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч сэрүүн зүүднээсээ ‘сэрээд, сэрээд, сэрээд’.

Ийнхүү өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх улс төрийн гал өрдөж яваа Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх зуур хойд, урд хоёр хөрш маань хоорондоо стратегийн түншлэлээ улам бүр ахиулсаар байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс барьж байгаа, олон зөвлөхийнх нь сэвж буй гадаад бодлого Монголын үндэсний аюулгүй байдалд ч айдас дагуулаад эхэлснийг  хэлэхгүй өнгөрч боломгүй.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцаа хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт хэмээн заасан байдаг. Энэ ч үүднээс өнгөрсөн найман жил Монгол Улс гадаад бодлого дээрээ түлхүү анхаарсан. Харин  Ерөнхийлөгч Х.Баттулгын  хувьд ямар гадаад бодлого барьж байгаа, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга А.Гансүх юу хийж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн өөрийнх нь сонгуулийн пи-ар, үг хэлнээс нь болж тааламжгүй байдалтай болсон Хятадтай харилцаагаа сайжруулах талаар таг чиг л байгаа.  Өнгөрсөн 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Хятад Улсад Монголын төрийн гурван өндөрлөгөөс хэн нь айлчлал хийсэнгүй.

   Экспорт, импортынх нь гол улсын хувьд, нөгөө талаар дэлхий тэр чигтээ  Хятад руу чиглэж байгаа нөхцөлд ямар бодлого барьж ажиллахаа Ерөнхийлөгч одоо тодорхой болгох ёстой. Зангидсан хөмсөгөө тэнийлгээд, гадагшаагаа харж инээмсэглэмээр байна, Ерөнхийлөгч өө.

 Ерөнхийлөгчийн барьж байгаа гадаад бодлогыг  Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл нэгэн нийтлэлдээ тоймлож бичсэн нь “Ерөнхийлөгчтэй гадаад бодлогын асуудлаар зөрөлдөж байна. 90 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт бол Зөвлөлт гүрнээс тулгасан нэг тулгуурт гадаад харилцаанаас олон тулгуурт,тэр дотроо хоёр хөршийнхөө тухайд тэнцвэртэй харилцаанд шилжсэн явдал юм.Монгол улс Хятадаар айлгасан Зөвлөлт маягийн гадаад бодлогоос татгалзсан. Гэтэл сүүлийн үед мөнөөх улирч одсон Зөвлөлт маягийн гадаад бодлого Ерөнхийлөгчийн оролцоотой сэргэж байгаа нь санаа зовоож байна. Хятадын эсрэг “эдийн засгийн хориг” тавьчих шахуу зүйл ярьж байна. Өнгөц харахад инээдэмтэй мэт боловч алсдаа стратегийн ордуудыг зөвхөн оросын хөрөнгө оруулагчид тавьж өгөхөөс өөр гарцгүй байдалд оруулах аюултай.Тэгвэл эргээд нэг тулгуурт гадаад харилцаатай, гагц Орос гүрнээс хараат улс болно шүү дээ! Ийм хариуцлагагүй гадаад бодлогыг шүүмжлэхээс өөр аргагүй” гэх дүгнэлт.

 Ямартай ч алс дорнодын Владивосток хотод анхны айлчлалаа хийсэн Ерөнхийлөгч Х.Баттулга ахиад хэзээ, хаашаа айлчлах нь тодорхойгүй.  Ядаж байхад таван улсад суух Элчин сайдуудын томилгоог гацааж, энэ нь институци хоорондын хэрүүл мэт харагдавч, Монголын эв нэгдлийн баталгааг, Монголын гадаад бодлогыг ингэж эрсдэлд оруулан байж улс төр хийх ямар том эрх ашиг Ерөнхийлөгчид байна вэ гэсэн асуулт тавихад хүргэж буй.

Сонгогдсон цагаасаа хойш  Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын Ерөнхийлөгч шиг, сөрөг хүчин шиг тоглолт хийж ирлээ. Зүй нь Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бүх ард түмний эв нэгдлийн баталгаа байх ёстой. Гэвч,  ерөнхийдөө  Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголын гадаад бодлогоос Монголын дотоодын улс төрийн хэрүүл, Ерөнхийлөгчийн засаглал л чухал болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж