64 жилийн түүхтэй Спорт Иллюстрайтэд сэтгүүлээс Пёнчаны олимпийн биатлоны эрэгтэй төрөлд Норвегийн Й.Бьо болон Францын М.Фуркад нарыг гол фаворитаар нэрлэж байсан. Энэ улиралд ч дээрх залуус тун өнгөтэй, хүчтэй, бэлтгэл сайтай байгаа. Гэвч ‘Пёнчан-2018’ олимпийн эрэгтэй биатлоны спринт уралдаан Й.Бьо, М.Фуркад нарынх биш байлаа. М.Фуркад гурван сум алдаж 8-р байранд багтсан бол Й.Бьо дөрвөн сум алдаж 24-р байранд орлоо.
Тэгвэл алтан медалийг 30 настай Герман залуу А.Пайффер хүртсэн бол мөнгөн медалийг Чехийн М.Крчмарж, хүрэл медалийг Италийн Д.Виндиш хүртлээ. А.Пайффер, М.Крчмар нар ганц ч байг алдаагүй нь тэргүүлийг авах боломжийг олгосон. Энэ улирлын Дэлхийн цомд Германаас С.Шемпп, Б.Долль, Э.Лессер нараас илүүтэй А.Пайффер хамгийн сайн уралдаж байгаа. Үүнийгээ ч баталж С.Фишер, Ф.Ульрих, Ф.Рёч, М.Кирхнер нарын амжилтыг давтаж Герман улсаас гурван олимпийн дараа спринт төрөлд алтан медалийг хүртэж байна. Харин мөнгөн медалийг даруухан амжилттай Чехийн М.Крчмар карьерынхаа хамгийн оргил амжилтаа үзүүлж олимпийн мөнгөн медалийг хүртлээ. Итали залуу Д.Виндиш Сочигийн олимпийн холимог буухиа уралдааны хүрэл медалиа ихэрлүүлж чадлаа.
Эрэгтэй 10 км-н спринт уралдааны медалийн эзэд:
- А.Пайффер (Герман) – 23 мин 38.8 сек (0-0)
- М.Крчмар (Чех) – 23 мин 43.2 сек (0-0)
- Д.Виндиш (Итали) – 23 мин 46.5 сек (1-0)
Пасьют буюу хөөх уралдаанд А.Пайффер шагналын тавцан дээр гарсан амжилтаа хадгалах боломж өндөр бий. Харин мэргэжилтнүүдийн тааварлаж байсанчлан Норвеги, Франц залуус пасьют уралдаанаас медаль авах нь эргэлзээтэй болж байна. Учир нь хөөх буюу пасьют уралдаан нь спринт уралдаанд үзүүлсэн минутын үзүүлэлтийн дарааллаар гараанаас гарна. Пасьют буюу хөөх уралдааны бүсэд АНУ-ын Д.Бэйлигээс бусад шилдгүүд багтсан. Иймд хөөх уралдааны медалийн төлөөх өрсөлдөөн үзүүштэй болох болов уу?
Б.БЯМБАБАЯР