РC тоглоомын газрууд журамдаа захирагдахгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

РC тоглоомын газрууд журамдаа захирагдахгүй байна

РC тоглоомын газрууд журамдаа захирагдахгүй байна

Бямба гарагийн шөнө цахим тоглоомын газар буюу бидний нэрлэж заншсанаар “PC” тоглоомын газраас сурвалжлага бэлтгэлээ. Хуулийн дагуу бол цахим тоглоомын газар нь 16 хүртэл насны хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх ёстой. Харин насанд хүрэгчдэд 23.00 цаг хүртэл үйлчлэх ёстой юм байна. Мөн орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож ажлын байрны дотор болон гадна орчинд камерын хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах зэргийг журамласан байдаг. Ингээд бодит байдал дээр цахим тоглоомын газар хэрхэн ажиллаж буйг сурвалжлахыг зорилоо.

Шөнийн 22.20 цаг. Цас бага зэрэг хаялсан шөнө. Хамгийн эхэнд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гэр хороолол дунд байрлах “Интернет PC тоглоомын газар” гэсэн том хаягтай газраар орлоо. Хүнсний дэлгүүрийн хажууд байрлах тус газарт 14-30 хүртэлх насны 40 орчим залуус тоглож байв. Цонх салхивч гэгээ гэрэлгүй энэ өрөөнд хоосон суудал бараг үгүй бөгөөд өрөө их сэрүүхэн ч тоглож байгаа хүүхэд, томчууд үүнийг үл анзаарна.

“Зайлаач ээ. Яагаад том буугаар буудаад байгаа юм бэ. Би үхчихлээ шүү дээ” гэж хараалын үг урсгаж суугаа хүү тоглоомдоо аль хэдийн оржээ. “Баг бүрдэхгүй байна. Ганц тоглочихъё, хүрээд ир” гэж нэгнийгээ уруу татах нэгэн ч энд байна. Насанд хүрээгүй хүүхдүүдээс гадна их дээд сургуулийн оюутан, ажиллах хүчин гэж хэлж болохоор 20-30 орчим насны залуус зарим нь тоглож, нөгөө хэсэг нь фэйсбүүк ухаж, нэгнийхээ тоглож байгааг анхааралтай нь аргагүй харж, зөвлөгөө өгч сууна.

Ер нь тоглоомын газрууд хамгийн багадаа 20 болон түүнээс дээш компьютертэй байдаг аж. “Нэг хоноход 3000-5000 төгрөгийн үнэтэй байдаг” гэж нэг хүүхдээс сонсов. Интернет тоглоомын газарт нэг цаг суухад 800 төгрөгийн үнэтэй байна. Өдөрт багаар бодоход нэг компьютер 10 цаг ажиллахад 8000 төгрөгийн ашиг олох ба 20 компьютер ажиллавал өдөрт 160 мянган төгрөгийн ашигтай ажилладаг байх нь гэсэн барагцаа тооцоо гарч байна. Энэ газрыг 30 орчим насны эрэгтэй ажиллуулдаг. Хариуцаж буй залуугаас хэд хүртэл ажилладгийг асуухад шөнийн 23.00 цаг хүртэл ажилладаг гэв. Тус тоглоомын газар орой хэд хүртэл ажилладаг талаар дэргэдэх хүнсний дэлгүүрийн хүнээс тодруулахад “шөнийн 00.00 цагийн үед хүүхдүүд бужигнаж л байдаг” гэв. Үүнээс үзэхэд энд хүүхдүүд хонодоггүй гэх баталгаа алга.

22.40 цаг. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, зургадугаар бичил хорооллын байрууд дунд байрлах “Интернет” гэх хаягтай газар руу орлоо. Энэ газрын хаалгаар ороод л 00, чийг, хөлс, архи тамхины эхүүн үнэр зэрэг үнэртэж, энд хүн яаж удаан суудаг байна гэх бодол төрсөн юм. Магадгүй энэ газарт тоглож байгаа хүмүүс үргэлж ордог болохоор үнэрт нь дасчихсан байдаг байх. Зуутын дэвсгэртүүдийг хэд дахин нугалж, үрчийтэл нь базсан жаал мөнгөө сарвайгаад “20 минут сунгая” гэхэд тоглоомын газрын эзэн толгой дохин авав.

Хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдүүд 18.00 цагаас хойш ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг газраар үйлчлүүлэх эрхгүй гэж заасан байдаг ч энэ газрын эзэн нь хуулиа мэддэггүй юм уу, эсвэл мэдсээр байж оруулсан уу гэдгийг хэн мэдэх вэ. Ширээн доогуур тамхины иш, хогийн саваар нь дүүрэн бэлэн гоймонгийн сав байсан нь эрүүл ахуй талаасаа ч, цэвэр таатай орчин бүрдүүлээгүй гээд авах зүйл нэг ч байсангүй.

Ямар ч агааржуулалтгүй, 00-ийн өрөөгүй, давчуухан, харанхуй энэ газарт цагийн 600 төгрөг хонож тогловол 3000 төгрөг байдаг. Уг нь үйлчилгээ эрхлэгч нь үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийн цахим үнэмлэхээр бүртгэлийг хөтлөх ёстой байдаг аж. Гэвч эл заалт хэрэгжих нь бүү хэл хэн, хэзээ, хэрхэн тоглож байгаа нь чухал бус зөвхөн тэдэнд орлого оруулж байгаа нь  хамаатай бололтой.

Одоогоос долоон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цахим тоглоомын газарт галт зэвсэг ашиглан хүний амь хохироон улмаар өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарч байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлалтай цахим тоглоомын газар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс маргалдаж, нэгнийхээ гуянд нь хутгалан, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан юм. Эдгээр гэмт хэргүүд нь ихэвчлэн шөнийн цагаар үйлдэгддэг төдийгүй сэтгэлийн хөөрөл нь дээд цэгтээ тулсан үедээ үйлдсэн байдаг гэдгийг албаны хүн хэлж байлаа. Зөрчил илэрсэн цахим тоглоомын газруудад зөрчлийн тухай хуулиар 50.000 төгрөгөөр торгоод л өнгөрдөг. Энэ нь мэдээж тэдний олдог орлогынх нь хажууд, инээд хүрмээр мөнгөн дүн.

Дашрамд, Цахим тоглоомын газрыг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь тогтоосон журмыг хэрэгжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагаа ухамсарлах нь зүйтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж