Пёнчаны өвлийн олимпийн медальтнууд ээлж дараалан тодорсоор байна. Өнөөдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 30км-н скиатлон /15+15км/ төрлийн аварга тодорлоо. Энэ зайд хэзээний Скандинавын хойгийн тамирчид тэр дундаа Норвегийн цаначид ноёрхдог нь нууц биш юм. 2017 онд дэлхийн цомд ердөө хоёр гараанд уралдан нэг түрүүлсэн амжилттай, анхны олимподоо оролцож буй 24 настай ‘битүү морь’ Норвегийн Симен Хегстад Крюгер гараанаас бариа хүртэл ямар нэгэн алдаа гаргалгүй нийт замыг 1 цаг 16 минут 20.0-д туулснаар олимпийн наадмаас анхны алтан медалийг энгэртээ зүүснээс гадна энэ зайд 1998 оны Наганогын олимпод түрүүлсэн Томас Альсгордоос хойших анхны Норвеги тамирчин боллоо. Тэргүүлэгчээс найман секунд хоцорч барианд орсон Дэлхийн аваргын хошой аварга Норвегийн Мартин Йонсруд Сундбю мөнгөн медаль, мөн Норвегийн Ханс Кристер Холунн нийт замыг 1 цаг 16минут 29.9 секундийн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо.
Харин медалийн төлөө өрсөлдөх тэр дундаа түрүүлэх магадлалтай Олимпийн аварга Швейцарийн Дарио Колонья, Сочигийн олимпийн хүрэл медальт Францын Морис Манифика нарын шилдэг тамирчид эхний 3-т шалгарч чадсангүй.
Ю.ЧИНБАЯР