Намрын чуулган үр дүнтэй байж чадсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Намрын чуулган үр дүнтэй байж чадсан уу?

Намрын чуулган үр дүнтэй байж чадсан уу?

УИХ-ын намрын чуулган 2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9 хүртэл үргэлжиллээ. Энэ хугацаанд УИХ-ын үйл ажиллагаанд гишүүд ямар дүгнэлт өгснийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

-Агаарын бохирдлын асуудлаар УИХ-аас тогтоол гаргасан. Цаг тухайд нь шийдэх үүргийг УИХ-аас өгсөн. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ тогтоолыг зөрчиж байна. Цэвэр агаарын тухай хуулийг намрын чуулганаар амжиж батлах үүрэг өгсөн ч хийсэнгүй. Дараа нь олон татвар нэмээд, эргэж буцсан шийдвэр гаргасан. Буцаасан татвараас үүдэд төсөвт тодотгол хийх ёстой байсан ч хийгээгүй. Тиймээс ээлжит бус чуулган зарлах байх гэж харж байна. Өнгөрсөн хоёр жилд томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал хүлээгдэж байна. ОУВС Сангийн яамтай уулзахдаа нэг үнэн зүйл хэлсэн байна. Эдийн засгийн өсөлт та бүхний гавъяа биш. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэдгийг сануулсан байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

-Чуулган өмнөө тавьсан олон зорилгоо биелүүлээд өнөөдөр хаах гэж байна. Намрын чуулган улс төрийн амьдралын хувьд донсолгоотой байлаа. МАН түүхэндээ анх удаа өөрсдийн Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газар байгууллаа. Одоо 32,33-ын бүлэг гэдэг ойлголт үндсэндээ байхгүй болж байгаа. Тиймээс би яагаад шинэ Засгийн газар байгуулсан талаар онцолж яримааргүй байна. Бид хамгийн гол эдийн засгийн өсөлтийг хангах, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах шийдвэр гаргалаа. Үүний үр дүнд  эдийн засгийн бодит өсөлт 5,8 хувь болж, алтны бодит нөөц 20 тонн давсан. Валютын нөөц 3,2 тэрбум ам.долларт хүрлээ. Хамгийн сүүлд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

-2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9 хүртэл юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, татвар нэмсэн чуулган байлаа. Эрх баригч нам эргэж хургасан, талцсан, зодолдсон, барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдсэн чуулган байлаа. Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад алсыг харсан бодлого алга. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулж байгаа учраас боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн салбарт гол хөрөнгө оруулалтаа шийдэж чадлаа. Ер нь энэ парламент салбарын багц хуулийг баталж байгаа. Бид Аюулгүй байдлын байгууллага болон Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хуулиудыг баталсан. Тэгвэл энэ удаа банкны системийн багц хууль, хөдөө аж ахуйн салбарын багц хуулийг баталж гаргасан. МАН 65 суудал эзэлж байгаагийн хувьд суурь том хуульдаа шинэчлэл хийхийг зорьж байна. Ирэх хаврын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль, Дэгийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гэх мэт хуулийг барьж авч ажиллана.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь

-Намрын чуулганаар маш олон асуудлыг хэлэлцэж чадсан. Ирэх хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг ярих нь илүү чухал байх. Хаврын чуулганаар Монголын эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Тухайлбал, төсвийн багцын хууль, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль, татьарын багц хуулиуд голлох чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх байгаа. Аж ахуй нэгжийг татварын бодлогоор дэмжих асуудлыг ярихаас аргагүй. Мөн намрын чуулганаар УИХ-ын гишүүдийн асуудал хөндөгдсөн учраас энэ асуудлыг мөн оруулж ирж хэлэлцэхийг үгүйсгэх аргагүй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

-Намрын чуулганаар төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого болон Төсвийн тухай хуулиа дажгүй баталсан гэж бодож байгаа. Зарим хуулийн хувьд үнэхээр чанар муутай хууль орж ирсэн. Тэгэхээр цаашид хуулийн судалгаа, боловсруулалт дээр сайн ажиллах хэрэгтэй. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын нэр хүнд муудсан гэдгийг би байнга илэрхийлж, шүүмжлэлтэй хандахдаа хандаж ирсэн. Ирцийн асуудал маш их хөндөгдсөн. Ард түмнээс сонгогдсон гишүүн хүн цагтаа цуглаж, ажлаа хийх ёстой. Хаврын чуулган эхлэхээр ийм байж болохгүй л дээ. Хаврын чуулганаар хамгийн түрүүнд асуудлаа зөв олж харж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарахад гэмгүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

-Намрын чуулган хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж, амжилттай хуралдсан гэж үзэж байгаа. Хаврын чуулган удахгүй эхэлнэ. Яг хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай байгаа. Нийт УИХ-ын гишүүдийн 3/2 нь оролцож байна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьдаг. Тэгэхээр 65 суудалтай МАН-ын хувьд ард түмнээс өгсөн хамгийн том даалгавар нь Үндсэн хуульд байгаа алдаа оноог засах юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

-Энэ намрын чуулган бол 2018 оны төсвөө баталсан, мөнгөний бодлогоо тодорхойлсон, энэ онд эдийн засаг ямар байх вэ гэдгээ шийдвэрлэсэн чухал намрын чуулган байлаа гэж дүгнэж байгаа. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор зарим төрлийн татварыг нэмсэн ч иргэдийн шүүмжлэлийг хүлээсэн татваруудыг буцааж, тэглэсэн. Энэ нь намрын чуулганы төгсгөлд гаргасан алдаагаа зассан шийдвэр болж чадсан. Мөн хэд хэдэн чухал хуулиудаа хэлэлцэж баталж чадсаны дотор төрийн албаны тухай хууль багтсан.Тэгэхээр бүхэлд нь дүгнэвэл 2017 оны намрын чуулган үр дүнтэй, ажил хэрэгч чуулган болж чадсан гэж үзэж байгаа.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж