Одоо импортолж байгаа шатахуунаас илүү чанартайг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Одоо импортолж байгаа шатахуунаас илүү чанартайг нийлүүлнэ

Манай сонины зүгээс Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санаачлагыг бүрэн дэмжиж, цуврал хэлэлцүүлэг өрнүүл байгаа. Энэ удаад боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа цөөн компанийн нэг болох "Монгол секью" компанийн захирал, Академич, Профессор Т.Намжимтай ярилцлаа.

-Нефть боловсруулах үйлдвэ­рийн талаар сүүлийн үед нэлээд ярих болсон. Мөн хаа сайгүй том, жижиг үйлдвэр барих ажил өрнөж эхэллээ?

-Том, жижгийн тал дээр асуудал бий гэдгийг олон нийт ойлгох ёстой. Ер нь нефть боловсруулах үйлдвэр үр ашигтай байх, тэргүүний техник хэрэглэж болох хамгийн бага хүчин чадал бол жилдээ хоёр сая тонныг нэрэх явдал юм. Гэтэл  Дорнодод 120 мянган тонныг жилд боловсруулдаг үйлдвэр байгуулна гээд яриад байна. Ийм жижиг үйлдвэрт зориулж стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэр олдох эсэх нь эргэлзээтэй. Харин жинхэнэ боловсруулах үйлдвэр бол 14-17 дамжлага бүхий, зөвхөн хүхэргүйжүүлэх технологи гэдэг хэсэг нь л гэхэд бүхэл бүтэн үйлдвэр шиг эд байдаг юм. Мөн хүнд металын хорт хольцыг арилгах хэсэг гээд бас нэг үйлдвэрийн дайтай зүйл байгаа. Мөн шингэн түлшний гарцыг 90 хувьд хүргэнэ гэдэг чинь вакум нэрэлтийн байгууламж гэж тусгай маш том байгууламжтай байх шаардлагатай болдог. Тэгэхээр жижигхэн үйлдвэр байгуулах юм бол бүтээгдэхүүн нь чанартай байна гэдэг эргэлзээтэй болоод явчихна.

-Харин танай үйлдвэрийг барих, ашиглах ажил ямар шатандаа явж байна вэ?

-Үйлдвэр барих ТЭЗҮ-ийг нь бүрэн боловсруулсан, зураг төсөл боловсруулах контрактыг нь хийж, бүрэн бэлэн болгосон, түүхий нефтийг ОХУ-аас авах хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр Засгийн газар, Газрын тосны газар, компанийн гээд гурван түвшинд болсон. Төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой компани байгуулж байгаа юм шүү дээ. Төрийн өмчийн хороо Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтарч төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой компани байгуулж, Дарханы боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх талаар компанийн дүрэм, үйлдвэрийн танилцуулга зэргийг болосвруулан Засгийн газарт оруулчихаад байна. Одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийг нь хүлээж байна. Үүнийг шийдчихвэл боловсруулах үйлдвэр  байгуулах үйлдвэрийн ажил, тэр дундаа үйлдвэрийн то­ног төхөөрөмж нийлүүлэх, барил­га угсралтын ажлыг эх­лэх контрактыг Японы “Тоёо инженеринг” болон “Марубени” корпорацитай байгуулна. Улмаар зээлийн хэлэлцээр хийж барилгын ажлыг эхлэх ийм төлөвтэй байна. Үйлдвэр барих хөрөнгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны урт хугацаатай, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэхээр ТЭЗҮ-д нь тусгасан. Бидний төлөвлөснөөр ирэх хавраас үйлдвэрийг барих ажил нь эхлэх байх.

-Үйлдвэр 100 хувь манай улсынх байна гэсэн байх аа?

-Үйлдвэрийг Япон болон дэлхийн 50 гаруй улсад 1500 гаруй нефть, химийн үйлдвэр байгуулсан “Тоёо инженеринг” корпораци түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр байгуулна. Түлхүүр гардуулна гэхээр цэвэр үндэсний үйлдвэр байх юм. Түүнээс гадна үйлдвэрт 600 гаруй хүн ажиллана. Тэднээс 50 инженерийг  Японд сургахаар болсон.

-Манай улсын шатахууны хэрэгцээ цаашдаа хэрхэн өсөх хандлагатай байна вэ?

-Улсын хэмжээнд шатахууны хэрэгцээны таван хувийг зүүн бүс, баруун бүс мөн тав орчим хувийг ашигладаг. Тэгэхээр нийт шатахуун, түлшний хэрэглээний 90 хувь нь төвийн бүсэд төвлөрч байна. Эндээс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, цаашлаад Оюутолгой, Тавантолгойн хэрэгцээ ийм байх юм. Одоогоор  манай улсын жилийн хэрэгцээ нэг сая орчим тонн байгаа юм. Ирэх 2015 он гэхэд хэрэглээний хэмжээ 1.5 саяд хүрнэ гэсэн прогноз байгаа.

-Энд үйлдвэрлэсэн шатахуун хойд хөршийнхөөс муу байна гэсэн ойлголт байхгүй биз?

-Бид Европ, АНУ-ын стандартаас дээгүүр түвшний Японы стандартыг бид үйлдвэрлэлдээ нэвтрүүлнэ. Ялангуяа тэр хүхэр, хүнд металлын хорт хольцоос салгадаг нь хамгийн дэвшилтэт технологи юм. Импортоор оруулж байгаа шатахуун хар тугалага болон хүнд металын өндөр агууламжтай. Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хортой. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн, Австралийн Куртини их сургуулийн эрдэмтэд хамтарч нийслэлийн зургаан дүүргийн хүүхдүүдүүдээс сонгож цусны шинжилгээ хийсэн. Гэтэл хүүхдийн цусанд байгаа хар тугалганы хэмжээ 16-70 микро грамм гэж гарсан. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-40 дахин их байна гэсэн үг. Шинжилгээний дүнг эмхэтгэж Эрүүл мэндийн яаман дээр их том товхимол болгон гаргасан байна билээ. Үүнийг манайхан нэг их анхаарахгүй юм даа. Европын орнуудад бол 39 сая тонн газрын тосыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж хямд үнээр авч дахин боловсруулдаг. Шатахууныг нь огт авдаггүй. Яагаад гэвэл стандартад нь нийцдэггүй гэсэн. ОХУ-д сүүлийн хорин жилд түүхий нефтийн олборлолт маш ихээр нэмэгдсэн. Дэлхийд нэгдүгээрт бичигдэж Арабын нэгдсэн Эмират улсыг давчихлаа. Харин тэд боловсруулах үйлдвэртээ бараг анхаарал хандуулаагүй. Тиймдээ ч ОХУ-ын Аж үйлдвэр, зах зээлийн академийн ерөнхийлөгч Даниелев гэдэг хүн  “Манай үйлдвэрүүд түүхийн өмнөхөөрөө байна” гэж мэдэгсэн нь бий.

-Тэгэхээр бид чанаргүй шата­хуун хэрэглэдэг байх нь ээ?

-Манай нефть импортлогчид “ОХУ-аас Евро-3 стандартын шатахуун авч байгаа” гэцгээдэг. Гэтэл Евро-3 гэдэг чинь аль хэдийнэ хэрэглэгдэхээ больсон стандарт юм. Тиймээс хамгийн сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дээр хэлсэн тэр хүхэр, хүнд металын агууламжийг арилгахаас гадна хорт үнэрийг бас арилгадаг. Одоо бид шатахуун түгээх станцаас шатахуун авах гээд очихоор цонхоо ч онгойлгомооргүй болдог шүү дээ. Гэтэл Японы станц дээр очоод машинаа цэнэглэхэд тийм үнэр огт байдаггүй. Би тэнд 10 гаруй жил улсын их сургуульд нь ажилласан хүн шүү дээ. Тиймээс л бид одоо импортолж байгаа шатахуунаас хамаагүй чанартайг бид нийлүүлнэ гэж хэлээд байгаа юм.

-Өндөр өртөгтэй үйлдвэр байгуулчихаад байтал ОХУ-аас бидэнд боловсруулаагүй бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ больчих  вий дээ?

– ОХУ бол асар их хэмжээний түүхий нефтийг гаргаж байгаа. Ингэхдээ зах зээлийн үнээр нь л гаргадаг. Хятад руу түүхий нефть экспортолж байгаа. Түүхий эд нийлүүлэхийн тулд бүр хоолой тавчихсан байгаа шүү дээ. Одоогоор 15 сая тонныг гаргаж байгаа. Удахгүй 25 сая тооныг гаргадаг болно гэсэн. Зөвхөн Хятад бус БНСУ-д ч нийлүүлдэг. Тэгэхээр манайх руу нийлүүлэхгүй байна гэж байхгүй болов уу. Дээр нь бид Засгийн газар, агентлаг, компанийн түвшинд хэлэлцээр хийсэн.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж