“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадам уран гулгалтын багийн төрөл өнөөдөр өндөрлөнө. Олимпийн наадмын нээлтийн өдрөөс эхэлсэн багийн төрөлд 10 орон оролцсоноос өчигдрийн үзүүлбэрийн дараа тав нь медалийн төлөө өрсөлдөх эрхийг авсан. Үүнд Канад, Оросын олимпийн баг, АНУ, Итали, Японы багууд үлдээд байна.
Хойд хөршийн уран гулгагчдаас Евгения Медведева онцгойрч байна. Тэрбээр өчигдөр болсон богино үзүүлбэрт 81.06 оноог авч өөрийн тогтоож байсан дэлхийн рекордыг дахин шинэчлэн тогтоолоо. Ингэснээр тэрбээр багтаа 10 оноог авчирч Канадын ард бичигдэхэд гол үүргийг гүйцэтгэсэн юм.
Энэ жил 19 настай Е.Медведева өчигдөр сэтгүүлчийн асуултанд “Үнэхээр гайхалтай байна. Программаа дуусгасны дараа нэг сайхан болсон. Багийнхныхаа дэмжсэн дуу хоолойг сонсоход үнэхээр баяртай байна” гэсэн байна.
БНСУ-ын Ким Юна “Сочи 2014” өвлийн олимпийн наадмын үеэр богино үзүүлбэрийн рекордыг 78.50 болгон шинэчлэн тогтоож байсан бол үүнээс сарын дараа болсон ДАШТ-ий үеэр Японы алдарт уран гулгагч Мао Асада 78.66 болгон ахиулж байсан. Тэгвэл энэ амжилтыг дэлхийн хошой аварга Евгения Медведева, 2017 оны европийн шинэхэн аварга Алина Загитова нар өнгөрсөн онд шинэчлэн тогтоосон.
Уран гулгалтын багийн төрөл өнөөдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэрээр өндөрлөнө.
Багийн төрлийг Канад 45 оноогоор тэргүүлж байгаа бол Оросын олимпийн баг 39 оноогоор удаалж, АНУ 36, Итали 35, Япон 32 оноотой удаалж байна. Өчигдрийн үзүүлбэрийн дараа БНХАУ, Герман, Израйль, Франц болон БНСУ хасагдсан юм.