Өвлийн олимпийн сонирхол татдаг төрлүүдийн нэг бол яахын аргагүй уран гулгалтын спорт билээ.
ОУОХ, Олон улсын уран гулгалтын холбоо ярилцан зөвшилцсний эцэст ‘Сочи-2014’ өвлийн олимпоос эхлэн уран гулгалтын багийн төрөл хөтөлбөрт багтснаар өрсөлдөөнийг улам ихэсгэсэн гэхэд болно. Өнөөдөр Каннөн мөсөн ордонд уран гулгалтын багийн төрлийн бүжгийн хос болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино, багийн хосын чөлөөт үзүүлбэрүүд явагдлаа.
Багийн бүжгийн хосын богино үзүүлбэрт олимпийн алт, мөнгөн медальт 2017 оны Хельсинкийн дэлхийн аварга Канадын хос болох Тесса Вертью, Скотт Мойр нар нийт оролцсон арван хосоос илүү гэдгээ харуулан 80.51 оноо авч багтаа 10 оноо нэмэрлэсэн бол анхны өвлийн олимподоо оролцож буй 2016 оны дэлхийн аваргын мөнгөн медальд Нэгдсэн улсын Япон гаралтай хос болох Алекс Шибутани, Майя Шибутани нар 75.46 оноо авч багтаа 9 оноог авчирлаа. Тэгвэл Сочид багийн төрөлд түрүүлж байсан 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын хос болох Дмитрий Соловьёв, Екатрина Боброва нар 74,76 оноотой багтаа найман оноо нэрлэн, багийн богино үзүүлбэрт 3-р байрт бичигдэж байна.
Тэгвэл багийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өмнөх төрлүүдийг бодвол өрсөлдөөн ихтэй сонирхолтой боллоо. Ялангуяа олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцож буй ОХУ-ын багаас энэ төрөлд дэлхийн хошой аварга Евгения Медведева, 2017 оны европийн шинэхэн аварга Алина Загитова нарын хэн нь оролцох нь олны анхаарлыг татаж байсан юм. Ингээд сүүлийн хоёр дэлхийн аваргад түрүүлж, энэ төрөлд ноёрхоод байгаа Евгения Медведева богино үзүүлбэрээ Польшийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений ‘Ноктюрн’ аянд ямар ч алдаагүй төгс гүйцэтгэн богино үзүүлбэрийн олимпийн рекордыг 81.06 болгон шинэчлэн багтаа 10 оноо нэмэрлэлээ. Сочигийн олимпод ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан 2012 оны дэлхийн аварга Италийн Каролина Костнер богино үзүүлбэр гүйцэтгэх явцад олон жижиг алдаанууд гаргасныг шүүгч нар анзаарч 75.10 оноо өгсөн бол мэргэжилтнүүд Пёнчанд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд медаль хүртэх бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа Сочигийн олимпийн мөнгөн медальт Канадын Кэйтлин Осмонд богино үзүүлбэртээ 71.38 оноо аван багтаа тун хэрэгтэй найман оноог авчирснаар Канад багийн төрөлд өрсөлдөгч багуудаас оноогоор тасарч эхэллээ.
Хуваарь ёсоор өнөөдөр уран гулгалтын тэмцээн багийн хосын чөлөөт үзүүлбэрээр өндөрлөсөн юм. Багийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн дараагаар уран гулгалтын багийн төрөлд оролцож буй БНХАУ, Герман, Израйль, Франц, БНСУ гэсэн улсууд хасагдаж медалийн төлөө өрсөлдөх магадлалтай Канад, ОХУ, АНУ, Итали, Япон гэсэн улсуудын багийн хосын төрөлд оролцож буй тамирчид өөрсдийн чөлөөт үзүүлбэрээ толилуулсан байна.
Сочид багийн төрлийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Канадын Эрик Рэдфорд, Меган Дюамель нар чөлөөт үзүүлбэртээ 148.51 оноотой тэргүүлэн арван оноо авчирлаа. Тэдний араас Италийн хос болох 2013 оны европийн аваргын хүрэл медальт Ондржей Готарек, Валентина Маркей нар чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэн 138.44 оноотой багийн 9 оноо авсан бол ОХУ-ын баг хосын богино үзүүлбэрт тэргүүлсэн 2018 оны Европийн аварга Владимир Морозов, Евгения Тарасова нарын оронд Александр Энберт, Наталья Забияко нарыг оруулсан нь тактикын хувьд буруу шийдвэр болсныг үр дүн бүрэн харууллаа. Александр Энберт, Наталья Забияко чөлөөт үзүүлбэрээ гүйцэтгэх явцад гаргасан том, жижиг алдаануудаас болж ердөө 133.28 оноо аван багтаа 8 оноо нэмэрлэсэн байна. Уран гулгалтын багийн төрлийн бусад чөлөөт үзүүлбэрүүд 12 нд явагдан медальтнууд тодорно.
Ю.ЧИНБАЯР