Пёнчаны олимпийн жинхэнэ "ялагч" хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Пёнчаны олимпийн жинхэнэ "ялагч" хэн бэ?

Пёнчаны олимпийн жинхэнэ "ялагч" хэн бэ?

БНСУ 1988 онд Сөүлийн олимпийн наадмыг зохион байгуулахад эдийн засаг нь доройтсон, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгос Сөүл шиг олон улсын анхаарлыг татах тухай мөрөөдөхөд ч хол байсан билээ. Харин 30 жилийн дараа БНСУ олимпийн наадмыг эх орондоо зохион явуулахад Хойд Солонгос өөрийгөө дэлхий дахинд анх удаа эерэгээр харуулсан.

Хэрэв өвлийн олимпийн спортын төрөлд “дипломат бүжиг” хэмээх төрөл байдаг байсан бол Ким Ё Жон энэ удаа гарцаагүй алтан медаль хүртэхээр байв.

Пёнчаны олимпийн наадмын эхний өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Хөх ордонд болсон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын төлөөлөгч, Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон нарын уулзалт яах аргагүй олон улсын анхаарлыг татсан юм. Уулзалтын үеэр Ким Ё Жон Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны илгээсэн захидлыг дамжуулж, Ерөнхийлөгчийг Пхеньянд албан ёсоор урьсныг уламжилсан нь уулзалтын оргил үе байв. Ким Жон Уны хамгийн их итгэдэг, эелдэг инээмсэглэсэн зөөлөн харцтай энэ бүсгүй Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гар барин мэндчилж, Хөх ордны зочдын дэвтэрт талархлын үг бичсэн юм. Ким Ё Жон талаар хэвлэлүүд сүүлийн хэдэн өдөр хамгийн их бичсэн.

Солонгосын дайны дараа хоёр улс болж хуваагдсанаас хойш Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн гишүүдээс анх удаа Ким Ё Жон Өмнөд Солонгост айлчилсныг түүхэн айлчлал гэж үзэж байна.

Гэвч 30 жилийн өмнө бүх зүйл өөр байжээ. Өмнөд Солонгосын Сөүл хот 1988 онд зуны олимп зохион явуулахад  Пхеньян оролцохоос татгалзаж, бүр бойкотлохыг уриалсан боловч коммунист Бээжин, Москвагийн холбоотнууд дэмжээгүй билээ.  Үүнээс жилийн дараа Хойд Солонгос  Дэлхийн залуучуудын их наадмыг зохион байгуулсан. Дэлхийн 170 гаруй орны төлөөлөгчдийг урьж, долоо хоногийн турш олон арван үзэсгэлэн гаргаж, тэмцээн уралдаан, хурал, урлагийн тоглолт зохион байгуулахад Хойд Солонгос хэдэн тэрбумыг зарсан гэдэг.  Пхеньян тэр үед 105 давхар зочид буудал, гантигаар зассан метроны буудлууд, 150,000 хүний суудалтай цэнгэлдэх, алдарт “Ялалтын хаалга”-ыг дуурайлган бариулж, гадаадын зочдод үйлчлэх 1000 мерседес бенз машин импортоор аваачсан гэдэг. Гэвч 1987 онд эхэлсэн 105 давхар зочид буудлын барилгын ажил дуусаагүй дутуу үлдэж, ашиглалтад ч ороогүй юм.

1988 оны Сөүлийн олимп БНСУ-д ардчиллын төлөөх хөдөлгөөн, чөлөөт сонгууль, хөгжлийн эхлэлийг тавьсан бол Хойд Солонгос 1989 онд асар өндөр өртгөөр Дэлхийн залуучуудын наадам зохион байгуулсны дараа Берлиний хана нурахын өмнө дампуурлын ирмэгт ирсэн.

Хойд Солонгосын хөдөө аж ахуйн салбар нь үер, дараалсан ган гачгийн улмаас сүйрэлд орж, улс орон хүнсний хомсдол, өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас гурван сая шахам хүн өлсгөлөнгөөр амиа алдсан юм.

Олимп ба улс төр

Олимпийн наадам улс орнуудад улс төрийн нөлөөгөө бэхжүүлэх ховор боломж олгодог. Энэ удаа ч мөн ялгаагүй Пёнчаны олимпийн наадмаас спортын төрөлд биш, улс төрийн талбарт хамгийн их хожиж буй орон БНСУ болон Хойд Солонгос болж магадгүй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 23 дахь өвлийн олимпийн наадмыг Солонгосын хойгт энхтайван тогтоох боломж гэж харахдаа улс төрийн том эрсдэл гаргасан. Пхеньян Мүн Жэ Иний найрсаг харилцаа тогтоох оролдлогуудыг байнга няцааж байв. Гэвч Мүн Жэ Иний зүтгэл талаар болсонгүй. Ким Жон Ун Мүн Жэ Иний урилгыг хүлээн авч, тамирчдаа Пёнчаны олимпт илгээхээр болсон юм. Сөүл бүгдийг цаг алдалгүй зохицуулсны дүнд хоёр улсын тамирчид нэг тугийн дор олимпийн наадамд алхсан билээ. Гэвч Пхеньян тамирчдаа олимпт оролцуулсныг эсэргүүцэгчид олон байна.

“Пхеньянтай найрсаг харилцаа тогтоох гэсэн Мүн Жэ Иний оролдлого хэзээ ч бүтэхгүй.  Хойд Солонгосын цөмийн хийрхлийг зөвхөн дарамт шахалт л зогсооно.  Пхеньяны эрх баригчдын хувьд ард иргэд хэрхэн зовж зүдэрч байгаа нь хамаагүй” хэмээн Хойд Солонгосын хүний эрхийн хорооны дэд дарга ярьжээ.

Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахыг зорьж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Солонгост “Зүүнийг баримтлагч”, “улаан коммунист” хэмээн нэрлэх болжээ. Өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 82 хувьтай байсан Мүн Жэ Иний улс төрийн рейтинг  олимпийн наадам эхлэхийн өмнө 59.7 хувь болж буурсан нь Солонгосын хойгт энхтайван тогтоох гэсэн улс төрийн бодлого нь ямар золиос шаардаж буйн илэрхийлэл юм.

Гэвч Мүн Жэ Иний хамгийн том бооцоо бол Пёнчаны олимпийн наадам бөгөөд наадам амжилттай болох эсэхээс түүний улс төрийн карьер шалтгаалах ажээ.

Есдүгээр сард НҮБ-ын Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ Мүн Жэ Ин “Пёнчаны олимпийн бамбар Солонгосын хойгт энхтайван тогтоох гэрэл болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хэрэв Мүн Жэ Иний зөв бол тун удахгүй биелэх биз ээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж