‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадам гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний эргэн тойрон дахь сонирхолтой мэдээллийг хүргэе.
1. 1994 оноос хойших хамгийн жижиг хот
Өмнөд Солонгосын Пёнчан хот өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулж буй хамгийн жижиг хотоор шалгарч байна. Өмнө нь 1994 онд Норвегийн Лиллехаммер хотод өвлийн Олимпийг зохион байгуулсан нь хамгийн жижиг хотоор нэрлэгдэж байв.
Өмнөд Солонгос улс өвлийн Олимпийг зохион байгуулах шалгаруулалтад хоёр удаа ялагдсан ч Германы Мюнхен болон Францын Анси хотын эсрэг ялснаар Пёнчанд зохион байгуулах эрх авчээ. Тэбак уулын бүсэд орших Пёнчан хот нь нийслэлээс 110 милл, хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсээс 40 милл зайтай оршдог.
2. Өндөр хурдны галт тэрэгний замыг шинээр барьжээ
Өвлийн Олимпийн наадамд зориулан Өмнөд Солонгос улс Пёнчаныг Сөүлтэй холбосон өндөр хурдны галт тэрэгний замыг барьж, 2017 онд ашиглалтад оруулжээ. Энэ нь хоёр хотын хооронд зорчих цагийг хоёр дахин багасгаснаар цаг хагасын хугацаанд Пёнчанаас Сөүл хүрэх боломжтой болов. Түүнчлэн Пёнчаныг Каннөн боомт хоттой холбосон шинэ хурдны замыг барьжээ.
3. 109 сая ам.доллараар цэнгэлдэх барьжээ
Цэнгэлдэхгүйгээр Олимпын наадмыг зохион байгуулах боломжгүй. Пёнчан хотноо 35 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэхийг өвлийн Олимпт зориулан барьжээ. Тус цэнгэлдэхэд нээлт болон хаалтын арга хэмжээ болно. Харамсалтай нь, 109 сая ам.доллараар барьсан цэнгэлдэхээ Олимпийн дараа нураах гэнэ.
4. Том төсөв
Пёнчаны өвлийн Олимпийн наадмын төсөв нь 13 тэрбум фунт-стерлинг болжээ. Гэхдээ энэ нь Сочи хотноо болсон өвлийн Олимпийн наадмын төсвөөс тав дахин бага байна. ОХУ өвлийн Олимпийг зохион байгуулахын тулд 50 тэрбум фунт-стерлинг зарцуулжээ.
5. Олимпийн хотхон
Олимпийн наадмын үеэр тамирчдын байрлах хотхон олон улсын анхаарлын төвд байж, багагүй шүүмжлэл дагуулдаг. Өмнөд Солонгосын тал тамирчдын баг, тоглолтын хамтлаг зэрэг нийт 4000 орчим хүнийг хоёр тусдаа хотхонд байршуулжээ. Пёнчанаас гадна Каннөн хотноо 2900 хүнийг байршуулах Олимпийн хотхон байна.
6. Шинэ арга хэмжээ
Энэ жил өвлийн Олимпийг үзэхээр ирсэн хүмүүст дөрвөн шинэ арга хэмжээгээр бэлэг барина. Олон улсын Олимпийн хорооноос мэдээлснээр агаар дээрх сноубоардинг, цанын чөлөөт үзүүлбэр, олон хүн оролцуулсан тэшүүрийн уралдаан, кёрлингийн холимог үзүүлбэр багтжээ. Энэ удаа Пёнчанд 15 төрлийн өвлийн спортын уралдаан тэмцээн 102 арга хэмжээ болно.
7. ОХУ-ын тамирчдыг хориглосон маргаан
Допингийн хэргээс болж Олон улсын Олимпийн хороо ОХУ-ын тамирчдад хориг тавьсан. Улмаар ОХУ-ын засгийн газар өвлийн Олимпийг өнжих шийдвэр гаргасан ба хувь тамирчид Олон улсын Олимпийн хорооны нэр дор оролцож байна. Олон улсын Олимпийн хорооноос допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар ОХУ-ын 169 тамирчинд хориг тавьжээ.
8. Хоёр Солонгос нэгдэв
Өвлийн Олимпийн түүхэнд анх удаа хоёр Солонгос нэгдэн нэг тугийн дор нээлтийн арга хэмжээнд оролцов. Өмнө нь хоёр Солонгосын тамирчид Ширээний теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Залуучуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдэн оролцож байв.
9. 110 мянган ширхэг бэлгэвч тараажээ
Зохион байгуулагчдын зүгээс тамирчдад нийт 110 мянган ширхэг бэлгэвчийг тараасан байна. Энэ нь 2925 тамирчин 16 өдрийн үйл ажиллагааны үеэр 37 удаа бэлгэвч хэрэглэхэд хангалттай.
Эх сурвалж: CNN
Б.ТУЯА