‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Люж чарганы эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тодорно. Энэхүү уралдаан Улаанбаатарын цагаар 19:00-т болох юм.
Өмнөх Сочи-2014 олимпийн медалийн эзэд: Алт Ф.Лох (Герман), мөнгө А.Демченко (ОХУ), хүрэл А.Цоггелер (Итали)
Гол фаворит тамирчид: Олимпийн гурав, ДАШТ-ний 12 алт, хоёр мөнгөн медальт Германы Ф.Лох, ДАШТ-ний хошой хүрэл медальт Италийн Д.Фишналлер, ДАШТ-ний хошой аварга Оросын олимпийн багийн С.Павличенко, ДАШТ-ний хошой мөнгө, 1 хүрэл медальт Оросын олимпийн багийн Р.Репилов, ДАШТ-ний хошой алт, хошой хүрэл медальт Австрийн В.Киндл.
Урьдчилсан 2 гарааны дараах байдлаар Германы Ф.Лох тэргүүлж байна. Харин түүний ард Австрийн Д.Гляйршер, Оросын олимпийн багийн Р.Репилов нар удаалж байгаа. Мэдээж Герман улс бол үеийн үед люж чаргачдаараа алдартай. Тэдний залгамж бол энэ цаг үеийн шилдэг тамирчин Ф.Лох. Түүнтэй өрсөлдөгч нарийн хувьд яг одоо Пёнчанд түүнийг хэрхэн зогсоох нь асуудал юм. Уг нь Оросын С.Павличенко болон Италийн Д.Фишналлер нарыг Ф.Лохт хүчтэй эсэргүүцэл үзүүлэх болов уу гэтэл урьдчилсан хоёр гарааны дараах байдлаар тийм ч хангалттай биш байна. Иймд Пёнчан-2018 олимпийн люж чарганы төрөлд Германы Ф.Лох түрүүлэх магадлал тун өндөр болоод байгаа нь урьдчилсан уралдаанаа харагдлаа.
Б.БЯМБАБАЯР