"Пёнчан 2018" өвлийн олимпийн XXIII наадмын гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 м-н уралдаан өчигдөр болж, медальтнууд тодорлоо. Энэ уралдаанд Нидерланд улсын бүсгүйчүүд гайхалтай түүхийг бичиж чадсан юм.
Гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 м-н уралдаанд Нидерланд улсын бүсгүйчүүд хамгийн шилдэг нь байлаа. Аваргын алтан медалийг К.Ахтеректе хүртсэн бол мөнгөн медалийг олимпийн дөрвөн удаагийн аварга И.Вюст, хүрэл медалийг залуу тамирчин А.де Йонг хүртлээ.
БНСУ-ын найдвар Ким Бу Рым дөнгөж 18-р байранд орсон. Харин Чехийн шилдэг тэшүүрчин М.Сабликова тэргүүлэгчээс 1.33 сек-н алдагдалтайгаар 4-р байранд шалгарсан бол 6 дахь олимпийн наадамдаа оролцож буй олимпийн таван удаагийн аварга Германы К.Пехштайн 9-р байранд шалгарчээ.
Гүйлтийн тэшүүрийн эмэгтэй 3000 м-н уралдаан
- К.Ахтеректе (Нидерланд) – 3 мин 59.21 сек
- И.Вюст (Нидерланд) – 3 мин 59.29 сек
- А.Де Йонг (Нидерланд) – 4 мин 00.02 сек
Алтан медаль хүртсэн К.Ахтеректе, хүрэл медалийн эзэн А.де Йонг нар олимпийн наадмын анхны медалиа хүртсэн бол И.Вюст олимпийн 9 дэх медалиа хүртэж байна. И.Вюст олимпийн наадмын гүйлтийн тэшүүрийн төрлөөр Турин-2006-д 3000 м алт, 1500 м хүрэл, Ванкувер-2010-д 1500 м алт, Сочи-2014-д 3000 м алт, багийн алт, 1000 м мөнгө, 1500 м мөнгө, 5000 м-н уралдаанд мөн мөнгөн медаль хүртэж байсан шилдаг тамирчин юм.
Б.БЯМБАБАЯР