Ц.Нямдорж бухимдаж, Ерөнхийлөгч бултсан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж бухимдаж, Ерөнхийлөгч бултсан долоо хоног

Ц.Нямдорж бухимдаж, Ерөнхийлөгч бултсан долоо хоног

УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногийн баасан гаригт хаалаа.

 Ажлын 93 өдөр чуулж, нийт 125 хууль, 54 тогтоол баталсан намрын чуулганы отгон хуралдаанд Ерөнхийлөгч оролцож үг хэлэв.

Төрийн тэргүүн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур яваагаа илэрхийлсний зэрэгцээ “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг гадны банкны зээлийн барьцаанд тавьж алдахад хүргэсэн буруутнуудад хариуцлага тооцохыг шаардав.

Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг уриалсан бөгөөд цаашид тэтгэврийн шинэчлэл явуулахыг УИХ, Засгийн газраас шаардаж, чиглэл өгч ажиллах санал тавьж байна гэдгээ онцолсон юм.

Мөн УИХ-ын гишүүд ажлаа хийдүүлсээр явбал хариу нь хатуухан ирнэ гэдгийг ч санууллаа.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавихаар кноп дарсан ч зөвхөн Ж.Энхбаяр гишүүний асуултад хариулт өгөв.

Чуулганы танхимыг орхих болсон шалтгаанаа Ерөнхийлөгч Орхон аймагт энэ өдөр иргэдтэй уулзалт товлосон тул цастай, шуургатай байгааг анхаарч яаралтай явахаас аргагүй боллоо гэж тайлбарласан нь гишүүдийн асуултаас бултсан үйлдэл болж буув.

Кноп дараад асуулт тавьж, хариулт авч чадаагүй гишүүд Ерөнхийлөгчийг 10 минут зарцуулчихаагүйд нь бухимдаж, шоудахаа зогсоохыг сануулсан юм.

Ц.Нямдорж М.Энхболдыг буруутгаж, гишүүд сайдуудаа шүүмжлэв

УИХ-ын отгон хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч хүлээн авсангүй, төрхөмд нь буцаав.

Төсөл унасанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргыг ирц тааруу үед төслөөр санал хураалгаж, санаатай унагалаа гэж буруутгасан юм.

Иймээс хуулийн төслөөр дахин санал хураалгах горимын санал гаргав. Гэсэн ч бүтсэнгүй, гишүүд Ц.Нямдорж гишүүний саналыг дэмжсэнгүй.

УИХ дээр чухал төслүүд унаж, буцаж байгаа тохиолдол анхных биш юм. Өмнө нь ч мөн ийм зүйл гарсан бөгөөд энэ нь эргээд цаг хугацаа алдах, хуульд нийцүүлж ажиллах гэсэн Засгийн газрын үйлдлийг үгүйсгэсэн хэрэг болж бууж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд сануулав.

Харин УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг УИХ аар хэлэлцэх үед танхимынх нь гишүүдийн оролцоо тааруу олонхи нь байхгүйд бүлгийн гишүүдийг буруутгах шаардлагагүйг анхааруулсан.

Үүнд Ц.Нямдорж сайд уурсаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг ирцээ бүрдүүлэхийг шаардаж, УИХ-ын гишүүдэд мөн үүрэх үүрэг хариуцлага байдгийг сануулсан нь Ерөнхийлөгчийн хэлсэн “УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгаа нь иргэдийн итгэлийг эвдэж байна” гэх үгтэй нь агаар нэг буув.

УИХ-ын даргаас Ерөнхийлөгчид хаягласан үг

Намрын чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн бөгөөд УИХ-ыг тараах санаачилга анхлан гаргасан Ерөнхийлөгчид хариу тайлбар хийлээ.

Тэрбээр  “Парламент хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ыг тараах тухай яриаг зарим улс төрийн хүчин, төрийн тэргүүний зүгээс ч гаргах боллоо. Үүнийг ажил сайжруулах санал гэж үзэж болох ч Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох байгууллага, гишүүдийн эрхэнд халдаж, парламентын засаглалын ач холбогдол, гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг сулруулах гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй” гэсэн юм.

                              Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж