Гүйлтийн цана бол өвлийн олимпийн спортын анхны есөн төрлийн нэг юм. Тиймдээ ч олимпийн нээлтийн маргааш нь гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 15 км-ын скиатлон буюу холимог төрлийн аварга тодордог. Энэ зайд хэзээний Скандинавын хойгийн бүсгүйчүүд илүүрхдэг гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилсээр ирсэн.
Сочид түрүүлэн, олимпиос дөрөв дэх алтан медалиа хүртэж байсан Норвегийн Марит Бьёрген, олимпийн хошой алтан медальт Шведийн Шарлотт Калла нарын нэгийг энэ зайд түрүүлнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан нь талаар болсонгүй. Өнгөрсөн жил дэлхийн цомд түрүүлсэн Шарлотт Калла Пёнчанд ямар нэгэн алдаа гаргалгүй барианд 40:40.9 секундээр хамгийн түрүүнд орж ирснээр 23 дах удаагийн өвлийн олимпийн наадмын хамгийн анхны алтан медалийн эзэн боллоо. Түүнээс 7.8 секунд хоцорч бариалсан Норвегийн Марит Бьёрген мөнгөн медалийн болзол хангасан бол 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Финляндын Криста Пярмякоски хүрэл медаль дээр буулаа.
Энэ жил энэ зайд гарцаагүй медаль хүртэх боломжтой хэмээн яригдаж байсан Норвегийн Ингвильд Эстберг, Шведийн Стина Нильссон нарт медалийн тавцан дээр зогсох боломж олдсонгүй.
Гүйлтийн цана, эмэгтэй, 15км скиатлон
1. Шарлотт Калла (Швед)
2. Марит Бьюрген (Норвеги)
3. Криста Пярмякоски (Финлянд)
Ю.ЧИНБАЯР