МАХН-ын II их чуулган нийслэлд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гэхдээ энэ удаагийн их чуулганд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцохгүй байгаа. Тэрбээр АНУ-д яваагаа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан хэлсэн. Намын чуулганы үеэр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгээс О.Баасанхүү гишүүний талаар ямар байр суурьтай байгааг нь тодруулахад “Би мөр зэрэгцэн ажиллаж явсны хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд маш их харамсч байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд Төрийн ордонд их хурал зохион байгуулж, намын даргаар О.Баасанхүүг томилон, Улсын дээд шүүхэд намын дарга, дүрмээ бүртгүүлэхээр хандсан. Гэвч Н.Энхбаяр нар гомдол гаргаснаар Улсын дээд шүүх хурлаа нэг удаа хойшлуулсан ч намын дотоод асуудал учраас намын дүрмийн дагуу шийд гэсэн тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, намын хоёр хурлын аль нь жинхэнэ байж, хэн нь намын дарга болохоо өөрсдөө шийд гэж Дээд шүүх үзсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд намын удирдлагадаа хариуцлага тооцох, МАХН нэг хүний бус ард түмний нам байх ёстой гэдэг асуудлыг тавьж буйгаа илэрхийлсэн. Харин өчигдөр, өнөөдөр болсон МАХН-ын II их чуулганд оролцогчдын 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаар улираан сонгосон. Гэхдээ түүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй гишүүд бий.
Тэгэхээр долоон жилийн дараа болж буй МАХН-ын их хурлуудын аль нь хууль ёсных, хэн нь намын дарга вэ гэдэг асуудал дахиад л ирэх өдрүүдэд өрнөх улс төрийн нэг сэдэв байх бололтой.
Ш.ЧИМЭГ