Европын хамгийн үзэсгэлэнтэй хотууд

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Европын хамгийн үзэсгэлэнтэй хотууд

Европын хамгийн үзэсгэлэнтэй хотууд

Амстердам

Амстердам бол гарцаа байхгүй Европын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг. Энэ хот олон жилийн өмнөөс дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдыг өөртөө татах болсон юм.  Амстердамд жуулчид ихээр татагддагийн нууц нь усан дээр байгуулагдсан хотын ер бусын зохион байгуулалт, бас үзэл бодлын чөлөөтэй байдал юм. Европ дахь хамгийн том ижил хүйстнүүдийн парадыг тэнд зохион байгуулдаг. Дээр нь голландууд зочдыг хэрхэн угтан авч, дайлж цайлахыг сайн мэддэг. Амстердамд очихдоо алдарт Ван Гогийн музейгээр зочилж, усан завиар аялах нь мартагдашгүй дурсамж үлдээх нь гарцаагүй.

Вена

Вена хот Европын хамгийн сайхан 15 хотын жагсаалтад дээгүүрт бичигддэг. Энэ хотод дурлах олон шалтгаан бий. Соёл, дурсгалт газрууд, ордон, хөгжим, вальс гээд тоочоод барахгүй.  Вена хотынхон маш нээлттэй бас хүлээцтэй хүмүүс.  Вена хотыг нөхөрлөл, хайр дурлал, үүргэвчтэй аялагчид, гэрэл зурагчид болон Зул сарын хот гэх нь ч бий. Вена хотод жилийн аль ч улиралд очсон үзэх харах юм ихтэй. Учир нь энэ хот үргэлж ямар нэгэн баяр тэмдэглэж байдаг. Хэрэв Вена хот руу зорчих тийзээ захиалсан бол Моцарт, Штраусын концертыг заавал үзээрэй.

Парис

Парист очиж үзэхийг хүсдэггүй хүнийг олоход хэцүү. Энэ хот үргэлж аялагчдын очих газрын жагсаалтын нэгдүгээрт байдаг.  Учир нь Парист соёл, түүхийн асар олон дурсгал, музей, театр, гудамж бий. Парисын музейнүүд үзэх харах зүйл ихтэй.  Харин танд бүгдийг үзэж харах хангалттай цаг хугацаа гарахгүй байж магадгүй. Парис хот улам бүр эко болж, ногоорч буйн зэрэгцээ улам найрсаг болж байгаа шүү.  Европын эртний хотын нэг Парис урлаг, соёл, загвар, дэлгүүр, хоолоороо алдартай. Парист очсон хүмүүс Мулен Руж шоу болон Диснейлэндээр заавал ордог гэдгийг сануулах хэрэггүй биз ээ.

Прага

Бас л Европын өнгөлөг хотын нэг.  Аялагчид энэ хотыг эртнээс мэддэг болж, очих дуртай болсон.  НҮБ-ын Соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО энэ хотыг дэлхийн соёлын өвд бүртгэсэн байдаг. Прага хот алдартай орд харшууд, цогчин дуган, шилтгээн болон дэлхийн утга зохиолд жинтэй байр суурь эзэлсэн Кафкагаар таныг татаж магадгүй. Дурлалт хосуудын дуртай энэ хотын шөнө өдрөөс ч гэрэлтэй.  Прагад очихдоо хөлөг онгоцон дээр зоог барихаа бүү мартаарай.

Лиссабон

Португалийн Лиссабон хот бол Европын хамгийн ер бусын хот билээ. Үүнийг хотын оршин суугчдын тооноос давсан жуулчдын тоо батална.  Ер бусын уран барилгууд цогцолсон, сүрлэг орд, шилтгээнүүдээс гадна элсэрхэг далайн эрэг, наран шарлагын газрууд нь жуулчдыг яах аргагүй татдаг билээ.  Лиссабон хот 2010 онд Европын хамгийн сайхан хотоор шалгарч байсан юм. Португалийг мэдэхийн тулд Лиссобоныг үзэх хэрэгтэй.

Будапешт

Будапешт хот энэ оны хамгийн загварлаг хотоор шалгарсан юм.  Энэ хотод алтан хуримаа хийсэн хосууд, түүх, соёл судлаачид дуртай байдаг. Мэдээж бас дэлгүүр хэсэх дуртай хүмүүс ч бас. Дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид энэ хотыг зорин ирж, онгодоо хөглөдөг гэдэг. Европт аялах гэж буй хэн бүхэнд зөвлөхөд  Будапешт бол Европ руу гарах гарц. Буда шилтгээн, парламентын ордон, дүүжин гүүр, Маргаретын арал гээд үзэх зүйлсийн урт жагсаалт гарна.

Афин  

Афин бол заавал очих газруудын нэг. Жуулчид хамгийн их очдог Европын хамгийн сайхан хотуудын жагсаалтад Афин орно.  Афин бол Европын түүх, гүн ухааны өлгийн нутаг билээ. Түүхийн ул мөр хадгалагдаж үлдсэн орчин үеийн эртний уран барилгууд, түүх соёлын дурсгал, грек хоол, загварын дэлгүүрүүдэд жуулчид дуртай.  Хотын захын дүүргээс 15 минут яваад л далайн эрэгт хүрдэг.

Милан

Миланд очих жуулчдын тоо жил ирэх тусам улам нэмэгдэж байдаг. Учир нь Италийн энэ үзэсгэлэнтэй хот сүүлийн 10 жил Европын хамгийн сайхан хотын нэгдүгээрт бичигдсэн юм. Миланд жуулчдыг татах олон увидас бий. Миланд очсон хүн Витторио Эмануэле II галерейд шоппинг хийж, Санта Мариа сүм дэх Да Винчигийн алдарт “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг жинхэнээр нь харах боломжтой.  Милан хотын дундуур завиар зугаалахаас гадна алдарт Ла Скала театрт үдэш саатахаа бүү хойшлуулаарай.

Рига

Латвийн нийслэл Рига хот Европын хамгийн загварлаг хот жагсаалтад энэ жил анх удаа багтсан. Олон соёлын огтлолцол дээр оршдог энэ хот та бидэнд нууцаа дэлгэхээр хүлээж байна.  Далай тэнгис, ой модоор хүрээлэгдсэн энэ хот олон аралтай, далайн эрэгтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Рига хотын Барокко, сэргэн мандлын, ар-деко болон романтизм хэв маягийн уран барилгууд уран барилгачдын сонирхлыг ихээр татдаг. Рига хотын зах дээрээс латви үндэстний хоолыг амталж үзэх нь хотыг таньж мэдэх эхний алхам болох буй заа.

Колмар

Европын дур булаам байдал, романтик, ид шид хосолсон ер бусын хот бол Францын Колмар хот. Энэ онд жуулчдын хамгийн түрүүнд очихоор нэрлэсэн хотын нэг. Хотод жуулчдын мөрөөдлийг биелүүлэх олон зүйл бий. Колмарыг “Венецийн дүү” гэх нь бий.

Колмарт очихоор төлөвлөж буй хүмүүст хотын тоглоомын музей болон 12-16 зууны үеийн урлагийн музей, Бартолдийн музейгээр орохыг зөвлөж байна.  Алдарт эрх чөлөөний хөшөөг Францын энэ жижиг хотод бүтээсэн гэдгийг та мэдэх үү? Энэ бол Колмарыг зорих олон шалтгааны нэг юм. Колмарт очсон хүн уламжлалт франц зоогийн амтыг хэзээ ч мартдаггүй гэдэг.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж