Б.Хурцаар шантаажилж, газрын ховор элементийг сонирхож эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Б.Хурцаар шантаажилж, газрын ховор элементийг сонирхож эхлэв үү

Их Британийн шүүх Б.Хур­цыг Германы талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргаснаас хойш багагүй хугацаа өнгө­рөв. Тэр эрх баригчдын даал­­гавраар харийн орныг зорь­сон. Интерполоор эрэн сур­вал­жилж байсан гэмт хэ­рэгт­нийг зөвшөөрөлгүйгээр ба­ривчилж, хууль бусаар эх оронд нь буцаан авчирсан. Энэ бү­хэн Б.Хурцын гэм буруутай үйл­дэл. Герман, Английн хууль сахиулагчдын хараанд өр­төх болсных нь шалтгаан. Ма­гадгүй шалтаг ч гэж хэлж болох юм. Харин жинхэнэ шалт­гаан нь Монголын газ­рын ховор элементийн асар их баялагт гол анхаарлаа хан­дуулсан Германы талын сонир­холтой холбоотой хэмээн за­рим эх сурвалж таамаглаж байна.

Хятадын эрх баригчид газ­рын ховор элементийн экс­портоо бууруулж эхэлс­ний да­раа Япон, Герман тэр­гүүтэй нано технологийн хөгж­лөөрөө тэр­гүүлэгч гүр­­нүүд түүхий эдийн нөө­цийн эрэлд гарсан билээ. Хята­дын харамлаад байгаа тэр их баялгийг хэн өгч ча­дах вэ. Дэлхийн банк­ны судалгаагаар Монгол Улсад 10 тэрбум ам.долларын өр­төг бүхий газрын ховор эле­ментийн нөөц бий гэдгийг дэл­хий дахинд зарласан юм. Гэхдээ энэ бол яг тодорхой үнэ биш, баримжаалж гар­гасан дүгнэлт. Үүний да­раа АНУ-ын Геологийн судал­гааны газар, Японы шин­жээ­чид цөм Монголыг зорьж хо­вор элементийн нөөцөөрөө Хятадын дараа хоёрдугаарт орно хэмээн тооцжээ. Ма­найд нийт 31 сая тонн газрын ховор элемент байгаа. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь нь гэсэн үг. Шин­жээч­дийн тооцоолсноор хо­вор элементийн томоохон та­ван орд, 246 орчим илэрц байх ма­гадлалтай юм. Гэхдээ на­рийвчилсан судалгаа хийгээ­гүй учир баттай нөөцийг ха­раахан тогтоогоогүй байна.

Хэрэв Монгол Улс энэ их баялгаа дэлхийн бүх оронд экс­портолж эхэлбэл хэрэглээг нь 50 гаруй жил тогтвортой хан­гах боломжтой. Хятад улс нано технологийн үйлдвэр­лэгч­дэд “хатуурхаж” байгаа энэ сиймхийг ашиглаад “Sam­sung”-ын гар утас, “Sony”-ийн дэлгэц, “Toyota”-ийн моторыг эх орондоо үйлд­вэрлэх са­нал тавьж, техно­логийн сал­бар дахь жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх цоо шинэ бо­ломж гарч ирж байгаа юм.

Монголын газрын ховор элемен­тийг ашиглахын тулд үндэстэн дам­насан корпорациуд манай та­лаас тавьсан ашигтай саналуудыг зөв­шөөрөхөөс өөр аргагүй. Энэ тохиол­долд Сэргээгдэх эрчим хүч, нарны батерей, цахилгаан автомашин, био­технологийн салбарын шинэчлэл гэх мэт өндөр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлс­нээр Мон­голын эдийн засаг хөг­жинө. Цаа­шилбал монголчууд мэдлэг бо­ловс­ролоо нэмэгдүүлэх, ажлын турш­лагаа сайжруулах, өндөр цалин авах бо­ломжтой болох юм.

“Toyota”-ийн нэг автомашиныг үйлдвэрлэхэд ашигладаг 22 кг газ­рын ховор элемент шаардагддаг гэх. Үйлд­вэрлэлд өргөн хэрэглэгддэг 17 төр­лийн ховор элементийн 12 нь Мон­голын хөрсөн дор булаастай хэвтэж байгаа. Ингээд бодохоор гадных­ны хорхой хүрэхээс өөр аргагүй. Одоо­гийн байдлаар Хятад улс дэлхийн газрын ховор элементийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа. Өмнө нь 1980-аад оны үед энэ салбарт хөгжлөөрөө тэргүүлж бай­сан АНУ-ын нөөц шавхагдсан учир Хятадад байр сууриа алджээ. Хята­дын хувьд АНУ-ын алдааг давтахгүйн тулд газрын ховор элементийн экс­портоо өнгөрсөн онд 72 хувиар, энэ онд 15 орчим хувиар бууруулах шийдвэр гаргасан юм. Ийнхүү тэд нөөцөө хадгалж үлдэхийг хичээж эхлэв. Үүнд түгшсэн олон орны нэг нь Герман. Тус улсын Худалдааны агентлагийн тэргүүн Уолкер Штайн­бах “Хятадаас гадна Монгол, Грийн­ланд болон Африкийн зарим оронд газрын ховор элементийн асар их нөөц байна. Тэдгээр орноос түүхий эд экспортлохын тулд ойролцоогоор 5-10 жил шаардагдана. Учир нь дэд бүтцийн хөгжил муу байгаатай хол­боотой” хэмээн “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурьдаж байна.

Германы Техникийн хамтын ажил­лагааны нийгэмлэг өнгөрсөн онд манай Үндэсний хөгжил, шинэт­гэлийн хороотой хамтран “Монгол Улсад ховор металлд түшиглэсэн аж үйлд­вэрийг хөгжүүлэх боломж” сэдэвт бага хурал зохион байгуулж байв. Энэ үеэр уг төслийн удирдагч Стефан Ханселман “Монголчууд газрын ховор элементийн хайгуул хийж, олборлох ажлыг эхлэхэд манай улс шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ” хэмээн онцолжээ. Герман улс ийнхүү манайхыг сонирхож байхад АНУ, Япон улс Монголоос гадна Вьетнам руу нэлээд анхаарал хандуулж байгаа юм. Гэхдээ хо­вор элементийн салбар дахь Мон­гол, Японы хоорондын гэрээ, хэлэл­цээрийг Засгийн газрын түвшинд ярьсаар байгаа. Тиймээс япончууд Мон­голын “асуудал”-д тийм ч их са­наа зовохгүй байж болох юм. Ха­рин Германы тал бол өөр. Тэд Монголын ховор элементийн баял­гийг өөрсдийн нано технологийн үйлд­вэрлэлдээ ашиглах боломжийг байнга эрэлхийлэх болж.

Олон улсын хэвлэлүүдэд “Монго­лын тагнуулчийн хэрэг” хэмээн нэр­лэгдээд байгаа Б.Хурцтай хол­боотой асуудлын цаана Германы өөр сонирхол бий гэдгийн учир энд байна. Хэдийгээр одоохондоо дэд бүтэц хөгжөөгүй гэх боловч Та­вантолгой, Оюутолгой зэрэг томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Монгол Улс тэртэй тэргүй зам харилцаагаа сэргээхээс өөр аргагүй. Энэ далимд нь газрын ховор элементийг тээвэрлэх боломж ч нэмэгдэх юм. Тэгэхээр Б.Хурцаар дамжуулж Монголын ховор элементийн нөөцийг эзэмших эрхтэй болох оролдлого хэдийнэ “замдаа гарав уу” гэлтэй.

Их Британийн хуулийнхан Б.Хур­цад бизнес ангиллын виз олгож, түүгээрээ дамжуулан дипломат тө­лөөлөгчийн халдашгүй дархан байд­лыг нь “үгүй хийн”, баривчилсан. Харин Английн дээд шүүхээс түүнийг Германы талд шилжүүлэн өгөхөөр болсны дараа гадны хэвлэлүүд “Хэ­дийгээр Монголын Засгийн газар Германы нутаг дэвсгэрээр хүн хул­гайлж, хууль бусаар баривчлан авч явсныхаа бурууг хүлээж, ууч­лал гуйсан болов ч Б.Хурц Гер­манд очсон хойно дипломат төлөө­лөгчийн халдашгүй байдалтай хол­боотой асуудлыг дахин сөхөх нь дам­жиггүй” хэмээн онцолжээ. Германы шүүх Б.Хурцад хоригдох ял оноох магадлалтай. Харин тус улс манайхтай ялтан солилцох гэрээ байгуулаагүй учир Б.Хурцыг шил­жүүлэн авчрах боломжгүй гэсэн үг. Гэтэл бүхэл бүтэн нэг улсын нууц албаны ажилтан харийн орны шоронд хоригдоно гэдэг манай орны нэр хүндийг улам сэвтээх юм. Тэгэхээр германчуудын сонирхоод байгаа газ­рын ховор элементийн баялгийг ол­борлох эрхийг тэдэнд өгөх замаар тагнуулын ажилтнаа эргүүлэн авахад хүрч мэдэх нь.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж