Хойд Солонгосын төлөөлөгчдийг үдийн зоогт урив

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын төлөөлөгчдийг үдийн зоогт урив

Хойд Солонгосын төлөөлөгчдийг үдийн зоогт урив

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр Хойд Солонгосын төлөөлөгчдийг Сөүл хот дахь Ерөнхийлөгчийн Хөх ордонд хүлээн авч уулзан, үдийн зоог барьжээ.

Энэ уулзалтыг Солонгосын дайнаас хойш дайсагналцсан байдалтай явж ирсэн хоёр орны харилцаанд цэвэр агаар мэт чухал үйл явдал болж байгааг хэвлэлүүд онцолж байна. 

Хойд Солонгосын төлөөлөгчид Пёнчаны 23 дахь өвлийн олимпийн нээлтэд оролцсоныхоо дараа Хөх ордонд уригдсан байна. 

Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр VIP зочдын индэрт Хойд Солонгосын Ардын их хурлын дарга Ким Ён Нам болон Ким Ё Жон нар зэрэгцэн суусан бөгөөд тэдний урд эгнээнд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс суусан юм. 

БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс айлчлалын өмнө "Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, ард иргэдээ өлсгөлөнд нэрвэгдүүлсэн Хойд Солонгосыг олимпийн далбаан дор нуугдахыг зүгээр хараад суухгүй" хэмээн мэдэгдсэн. Олимпийн наадмын үеэр хоёр орны эвлэрэх оролдлогод саад учруулахаар ирсэн Майк Пэнс нээлтийн ёслолд Хойд Солонгосын төлөөлөгчидтэй зэрэгцэж суух сонирхолгүй гэдгээ ч илэрхийлсэн билээ.

Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин олимпийн наадмын үеэр үүсч буй боломжийг ашиглан хөрштэйгээ харилцаагаа сайжруулж, цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй олон улсын хоригт орсон асуудлыг ярилцахаар хэлэлцээрийн ширээний ард суух арга хайж байна.

Мүн Жэ Ин Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа том хэлэлцээ байгуулахаар тохиролцсон  эсэх нь тодорхойгүй байна. 

Мүн Жэ Иний эрх баригч либерал намын гишүүд Хойд Солонгост тусгай төлөөлөгч илгээн, хоёр орны Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийг судалсан. Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар Дээд хэмжээний уулзалт зохион явуулж магадгүй гэж зарим улс төрийн ажиглагчид таамаглаж байна.

Хойд, Өмнөд Солонгос 2000, 2007 онд Пхеньянд Дээд хэмжээний уулзалт хийж байсан бөгөөд хоёуланд нь Ким Жон Уны эцэг Ким Жон Ил (Ким Чен Ир) оролцож байжээ.

 

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж