Сайд асан Г.Шийлэгдамбад 4,6 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Сайд асан Г.Шийлэгдамбад 4,6 жилийн ял оноожээ

Сайд асан Г.Шийлэгдамбад 4,6 жилийн ял оноожээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2018.02.09/ Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт нийтийн албан тушаалтны хахууль авах гэмт хэрэгт 5-10 жил хорих ял оногдуулахаар заасан байсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтны холбогдсон дээр гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг 2-8 жил болж өөрчилжээ. Иймд Шүүх шүүгдэгч Г.Шийлэгдамбын  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэн, Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, хорих ялыг 4,6 жил болгон өөрчилж, бусад шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

Хуулийг ийнхүү буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон “Хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзсэн байна.

Сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5,1 жилийн хорих ялаар шийтгэсэн байсан юм. Харин хэрэгт холбогдсон Г.Ганчимэгт 19,2 сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг нь нэг жилээр хассан бол О.Даваасүрэнд 1,6 жилийн хорих ял,  Э.Гантулгад 1,6 жилийн  хорих ял, мөнгөн торгуулийг тус тус ногдуулж байсан юм. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж