Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

ЯН ТАО: ГАДААДЫН СЭТГҮҮЛЧИД МОНГОЛЫН ГАДААД БОДЛОГЫГ СОНИРХДОГ

БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл болох “Ардын өдрийн сонин”-ы Монгол дахь салбарын сэтгүүлч Ян Тао

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ян Тао гэдэг. Би БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл болох “Ардын өдрийн сонин”-ы Монгол дахь салбарын сэтгүүлчээр ажилладаг. Манай сонин нь 1941 онд байгуулагдсан. Өдгөө дэлхийн 50 гаруй оронд салбартай. Би хоёр дахь удаагаа Монголд ирж, ажиллаж байна. Анх 2000-2005 онд Монголд ажиллаж байсан бол энэ удаа 2013-2018 хүртэл нийтдээ есөн жилийн хугацаанд ажиллалаа.

-Та монгол хэлээр тун сайн ярих юм?

-Тийм байна уу. Баярлалаа. /инээв/ Би Монгол Улсын их сургуулийг төгссөн. Тус сургуулийн  Сэтгүүл зүйн тэнхимийн  багш,  доктор, профессор Л.Норовсүрэн гуай миний удирдагч багш байсан юм.

-Удахгүй нутаг буцах гэж байгаа гэж дуулсан. Хэзээ эх орноо зорих гэж байна вэ?

-Би энэ удаа Монголд дөрвөн жил ажиллалаа. Бусад социалист орнуудад томилолтоор явж, ажиллаж байсан. Тун удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Тийм учраас баяраас өмнө ажлаа амжуулаад, төрсөн нутагтаа очно. Тэгээд гэр бүлтэйгээ цагаан сарынхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ дээ.

-Таны бодлоор Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна. Манай сэтгүүлчид ямар нөхцөлд ажиллаж байна гэж боддог вэ?

-Би гадаад орны сэтгүүлч учраас Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг илүүтэй анхаарч, сонирхдог юм. Заримдаа Төрийн ордонд орж, хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авна. Монголын сэтгүүлчдийг гадаадын сэтгүүлчидтэй харьцуулахад ялгаатай байдаг. Жишээлбэл, Монголын сэтгүүлчид илүү дотоодын нөхцөл байдалд анхаарч, мэдээлдэг бол гадаадын сэтгүүлчид Монголын гадаад бодлого, эдийн засаг, хоёр хөрш болон гурав дахь хөршийн харилцааг анхаардаг.

Мөн гадаад сэтгүүлчдийн хувьд Монголд болж буй улс төр, эдийн засаг, соёлын гэх мэт янз бүрийн сэдвээр мэдээлэл бэлтгэдэг. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүдэг бадаг мэдээллийг олон нийтэд өгдөг. Энэ үед гадаадын сэтгүүлчид аль нь зөв, бурууг сайн ялгаж чаддаггүй. Монгол Улсаас 2016 онд “Монголыг гадаад орнуудад сурталчлах хөтөлбөр”-ийг гаргасан. Гэвч тухайн үед Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын сэтгүүлчдийг сайн ашиглаж чадаагүй. Монголыг гадаад орнуудад сурталчлахдаа уг нь гадаадын сэтгүүлчдийг сайн ашиглах ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр ч зарим хэвлэлийн бага хуралд гадаадын сэтгүүлчдийг суулгахгүй байх тохиолдол байна.

Намайг анх 2000 онд Монголд ирэхэд хэвлэлийн эрх чөлөө харьцангуй нээлттэй байсан. Тухайн үед бараг өдөр болгон хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг байлаа. Гэтэл одоо гадаадын сэтгүүлчид Төрийн ордонд тэр бүр нэвтэрч, мэдээлэл авах боломж байдаггүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ

————————————————————————————————————————————————————————–

Ж.ЭРХЭМБААТАР: АЛБАН ТУШААЛТНЫ БУРУУТАЙ ШИЙДВЭРЭЭС 25,1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРСАН

Хуульч Ж.Эрхэмбаатар

2014-2017 онд төрийн захиргааны албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуй нэгж хохирч төсвөөс 25.1 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан ч уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаас төсөвт эргүүлэн нэг ч төгрөг төлүүлээгүй байна. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрээс өөрийн эрх ашиг, эд хөрөнгөө хэрхэн хамгаалах, учирсан хохирлоо нотлох, шүүхээр нэхэмжлэн төлүүлэх эрх зүйн боловсрол олгох, төсвөөс төлөгдсөн хохирлыг хууль бус шийдвэр гаргасан этгээдээс нөхөн төлүүлэх буюу санхүүгийн хариуцлагын үр өгөөжийг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж буй хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-Төрийн болон захиргааны албан тушаалтны буруутай шийдвэрээс иргэд, аж ахуй нэгж хохирсон тохиолдол цөөнгүй гардаг. Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжид хэдий хэмжээний хохирол учруулсан, ямар тохиолдол эрх ашгийг нь хөндсөн шийдвэр гаргаж байна вэ?

-Захиргааны байгууллагын албан тушаалтан төсвөөс цалинжиж нийтэд үйлчлэх ёстой, тангараг өргөсөн ажилчин. Тэд санаатайгаар иргэд, аж ахуй нэгжийг хохироох шийдвэр гаргадаггүй байх. Гэхдээ алдаа гаргаж, гаргасан алдаа нь иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарлах, эд хөрөнгөд хохирол учруулах, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоох, зарим тохиолдолд нэр төрд нь хүртэл халдах зэргээр үнэт зүйл рүү нь халдсан шийдвэр гарч байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүн таслах ажиллагааны 2017 оны тайланд Захиргааны хэргийн  шүүхээр 2017 онд 1908 нэхэмжлэх хэлэлцэж шийдвэрлэжээ. Үүнээс 49 хувьд нь захиргааны байгууллагын гаргасан шийдвэр хууль бус буюу буруутай болохыг шүүх тогтоосон бол, 10 хувьд нь захиргаа өөрөө буруутай болохоо зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авсан болон эвлэрсэн байна. Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр Захиргааны шүүх дээр хуулийн дэнсэнд орж, “чанар”-аа шалгуулдаг. Гэтэл бидний төлсөн татвараас цалинждаг албан тушаалтнуудын шийдвэрийн 60 хувь нь тэр шүүлтийг давж гарсангүй. Энэ бол маш том тоо юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ

————————————————————————————————————————————————————————–

ТА ЯГ ОДОО ЯМАР ДУУ СОНСОЖ БАЙНА ВЭ?

Ub.Life сайтын ‘Та яг одоо ямар дуу сонсож байна вэ’ булан гарснаас хойш нийт 38 дугаар хийгджээ. Үзэгчдийн дийлэнх нь камерны ард ямар хүн байдаг талаар сонирхдог. Энэ удаа бид уг булангийн хөтлөгч сэтгүүлч О.Анхзаяатай уулзаж хөгжим, болон ажлынх нь талаар ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж