Пёнчан-2018 олимпийн биатлоны тэмцээн өнөөдөр /2018.02.10/ эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанаар эхлэнэ. Ванкувер-2010, Сочи-2014 олимпийн спринт уралдааны аварга А.Кузмина аваргаа хамгаалж, гурван олимп дараалан алтан медаль хүртэж чадах болов уу? Түүнд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх тамирчид бол Финланд К.Макарайнен, Беларусын Д.Домрачева, Германы Л.Далмайер, Италийн Д.Вирер нар юм.
Мэдээж тэмцээний гол фаворит өмнөх хоёр олимпийн аварга А.Кузмина. Тэр энэ жил өмнөх жилүүдээс онцгой сайн байгаа. Одоогийн байдлаар Дэлхийн цомын 5 удаагийн спринт гараанаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртээд байгаа. Тэр өөрийн карьертаа Дэлхийн цомд ийм өндөр амжилттай оролцож байгаагүй. Иймд энэ жил онцгой форм сайтай байгаа А.Кузмина гурван олимп дараалан алтан медаль хүртэх боломж бүрэн байгаа.
Мэдээж бодитоор медалийн төлөөх өрсөлдөөнд орж ирэх тамирчин бол Финландын К.Макарайнен болон Германы Л.Далмайер нар юм. Гурав дахь олимпдоо оролцож буй Фин бүсгүй Кайсагийн медалийн цуглуулгад олимпийн медаль байхгүй. ДАШТ-нээс 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл, Дэлхийн цомоос нийлбэр дүнгээр 2 удаа алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан К.Макарайнен энэ улирлыг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа. Кайсагийн гол зэвсэг бол тэшилтийн хурд. Хэрвээ цас асуудалгүй, буудлагаа сайн гүйцэтгэж чадвал түүнд олимпийн медаль ойрхон бий. Германы Л.Далмайерыг ч мөн медалийн тавцан дээр гишгэхэд гайхах зүйлгүй болов уу? Л.Далмайер энэ улирлын Дэлхийн цомын эхний гарааг эрүүл мэндийн шалтгаанаар өнжсөн ч Францын Ансид болсон гараанд өөрийгөө эргэн ирсэн гэдгээ харуулсан. Түүнд өөлөх зүйл үнэхээр бага бөгөөд босоо байрлалаас илүүтэй хэвтээгээс буудахдаа маш сайн. Энэ нь түүнд бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу тал болдог. Хэрвээ ямар нэгэн таагүй зүйл болохгүй л бол Л.Далмайер медалийн тавцан дээр гарах боломжтой.
Тэднээс гадна олимпийн гурван удаагийн аварга Д.Домрачева, олимпийн хүрэл медальт Италийн Д.Вирер, Л.Виттоззи, Францын залуу тамирчин Ж.Брайзе, Германы Д.Херрман, Украйны Ю.Жима, Норвегийн Т.Экхофф нарыг мартаж болохгүй. 2016 оны аравдугаар сард ээж болж, өнгөрсөн улирлаас их спортдоо эргэн ирээд буй Д.Домрачева олимпийн наадмын ганцаарчилсан гараанаас зөвхөн ойрын зайн спринт уралдаанаас л медаль хүртэж чадаагүй. Тиймээс түүнд спринт уралдаанаас олимпийн медаль хүртэх хүсэл дүүрэн байгаа нь лавтай.
Б.БЯМБАБАЯР