Энх тайван, эерэг харилцааг уриалсан олимпийн нээлт

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Энх тайван, эерэг харилцааг уриалсан олимпийн нээлт

Энх тайван, эерэг харилцааг уриалсан олимпийн нээлт

Энх тайвны хот гэгддэг БНСУ-ын Пёнчан хот 2010 оны өвлийн олимп зохион байгуулах өрсөлдөөнд Канадын Ванкувер хотод ердөө гуравхан саналаар ялагдаж, 2014 оны өвлийн олимпийн сонгуульд ОХУ-ын Сочи хотод мөн л дөрвөн саналаар дутаж байлаа.  

Гэсэн ч тэд 2011 онд ОУОХ-ны 123 дахь хурлаар санал асуулгад илт тасархай ялалт байгуулснаар өвлийн 23 дахь олимпийг зохион байгуулах эрх авч байсан нь саяхан билээ.

Бага өртөг зардлаар сайн олимп зохион байгуулна гэж мэдэгдээд байсан Өмнөд Солонгосын удирдлагууд олимптой холбогдуулан эцсийн байдлаар 12.9 тэрбум ам.долларыг зарцуулсан тухай хэлсэн нь дөрвөн жилийн өмнөх Сочид  зарцуулсан хөрөнгөөс даруй дөрөв дахин бага үзүүлэлт юм.

Энэ удаагийн олимпод 92 орны 2952 тамирчин 16 хоногийн турш спортын 15 төрөлд өрсөлдөнө.

Өвлийн олимпийн нээлтийн ёслол болох Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хүрэлцэн ирснээр олимпийн нээлт албан ёсоор эхэлсэн юм .

Нээлтийн ёслолд оролцохоор ирсэн БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин цэнгэлдэхэд орж ирснийхээ дараахан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жонтай гар барин мэндчилсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйлдэл байлаа. Барууны  улстөрчид түүний гаргасан энэ үйлдлийг  хоёр Солонгосын харилцаанд  тодорхой хэмжээний эерэг үр дүн илэрсний нэг хэлбэр хэмээн тайлбарласан байна. Олимпийн нээлтэд  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерез , Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Нидерландийн хаан Вильгелм Александр болон Ерөнхий сайд Марк Рутте, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе зэрэг арав гаруй улсын төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байв.  

Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Сун Сын Хонь, уран сайхны найруулагчаар Ян Жун Вон ажиллажээ. Өмнөх олимпийн нээлтүүдтэй харьцуулахад урлаг соёлын тоглолт, үзүүлбэр багатай, цөөн тооны уран бүтээлчид оролцлоо. Тухайлбал,  нээлтийн ёслолын  урлаг соёлын жүжигчилсэн тоглолтонд  зохион байгуулагчдын мэдээлснээр шилэгдмэл 2000 хүн оролцсон байна.

Зохиол ёсоор таван хүүхэд  цас мөсний орон гэгддэг Гангвон мужийн Пёнчан хотоор аялж солонгосчуудын эрхэмлэн дээдэлдэг цагаан бар, цагаан луу, цагаан тогоруу зэрэг эртний үлгэр домогт гардаг амьтадтай уулздаг. Таван хүүхдийн мөрөөдөлдөө хүрэх урт аялал бүхэлдээ олимпийн нээлтийн агуулгыг тодорхойлов.

Олимпийн наадмын хартийн дүрмийн дагуу  Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд  Грекийн баг анхлан орж ирсэн юм. Тэдний тугчаар уулын цаначин Софиа Ралли сонгогдсон байлаа. Тамирчид солонгос үсгийн цагаан толгойн дарааллаар буюу Гана, Нигери, Нидерланд, Норвеги гэхчлэн жагссан 22 улсын дараа Монголын гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Б.Ачбадрах Монголын баг тамирчдаа тэргүүлэн цэнгэлдэхэд орж ирсэн юм.

Монголын тамирчид 14 дэх удаагаа өвлийн олимпод оролцох болсноо ийнхүү албан ёсоор тунхаглалаа.

2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн наадамд хамгийн олон медаль зүүж байсан ОХУ-ын баг тамирчид энэ удаа тун сэтгэл дундуур байна. Олон Улсын Олимпын Хороо тус улсын үндэсний олимпийн хороог энэ жилийн наадмаас хасаж, олон тамирчныг нь сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгаж, шийтгэсэн юм.

Пёнчанд улсынхаа далбаан дор бус олимпийн далбаан дор жагссан Оросын тамирчид энэ удаагийн олимпод сэтгэл дундуур байгаа нь тэдний цэнгэлдэхэд орж ирэх мөчөөс харагдахаар байв. Жагсаалд өргөж явах ёстой байсан олимпийн далбааг Оросуудаас барих хүн олдоогүй бололтой. Зохион байгуулагчдаас хэн нэг ажилтан тугийг нь барьсан байв. Оросууд жинсэн өмд, саарал хүрэм, цагаан малгай, ороолт өмссөн байлаа. Тэдний өмсгөлд Оросын билэгдэл өнгийг харуулсан юу ч байхгүй. 

АНУ, Герман, Швед, Финлянд зэрэг өвлийн олимпод өндөр амжилт гаргадаг орнууд нээлтийн ёслолд жагсан өнгөрсний дараа өвлийн олимпийн түүхэнд анх удаагаа Өмнөд болон Хойд Солонгосын баг тамирчид нэгэн туган дор жагсан орж ирсэн нь яах аргагүй энэ олимпийн хамгийн чухал дүр зураг байв.

Олон жил зөрчилдөж маргалдсан хоёр солонгос олимпийн туган дор нэгдэн жагссан нь өөрөө дэлхий нийтэд энх тайвныг уриалан дуудсан том агуулга юм. Тэр ч утгаараа Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах олимпийн энэхүү үлгэр жишээ хандлага, уриалгаас улс орнууд суралцаж, үлгэр жишээ аваасай гэж хүсч байгаагаа зориуд онцолсон.

Солонгосын хойгийн багийн тугийг Өмнөд Солонгосын бобслейн тамирчин Вон Юн Жон, Хойд Солонгосын хоккейчин Хван Чун Гум нар барьсан байлаа.

Олимпийн өлгий нутаг Грекийн Олимп уулнаас аялуулсан бамбарын буухиа 101 өдрийн турш Өмнөд Солонгосын 17 хотоор аялж, нийт 7500 хүн өртөөлөн буухиалсаар “Пёнчан 2018” олимпийн цэнгэлдэхэд авчирсан юм.

Пёнчан-2018 олимпийн бамбарыг олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, тус наадмын албан ёсны төлөөлөгч Ким Юна асаалаа. Мөсөн дундаас гал өргөж, бамбар бадамлуулсан энэхүү торгон агшны эзэн нь тэр байхаас ч өөр яах билээ.

 

 

Ю.ЧИНБАЯР

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж