Улаан асрын зүүд (48-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (48-р бүлэг)

Улаан асрын зүүд (48-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Дөчин наймдугаар бүлэг

САРТАГ ЭР ДЭМИЙ ТАЧААН ХАРЬ ГАДНА ЗУГААЦАЖ, СЭРГЭЛЭН ОХИН УНТАХ ЗҮҮДЭНДЭЭ УРАН ШҮЛЭГ УЯНГАЛУУЛАВ

Өгүүлэх нь: Шюэ Пань ижийхээ ийн ярихыг сонсоод уур нь баахан намдав. Хэд хоноод бие өвдөх нь больсон ч шарх сорви нь эдгээгүй тул, арга буюу өвчнөөр шалтаглан ах дүү, садангуудтайгаа уулзаж чадахгүй гэртээ хоргодов.

Нүд ирмэхийн зуур арван сар болж энэ пүүсийн зарц нарын дотор дансаа бодож, гэртээ харих хүн бий тул гэртээ найр бэлтгэж аярлан мордуулах хэрэгтэй болжээ. Тэдний дотор Жан Дөхуй гэгч хараахан багаасаа Шюэ Паний пүүсийг ерөнхийлөн захирсаар, өөрөө мөн хоёр гурван мянган лангийн хадгаламжтай болсон бөгөөд энэ жил гэртээ хариад дараа хавар буцаж ирэх болсон тул тэрбээр: “Энэ жил цаасан эдлэл, үнэрт заслын зүйл ховордсон тул хойтон жил эрхэтгүй үнэд орно. Урьдаар их хөвгүүнийг ирүүлж пүүсийн ажлыг хариуцуулаад таван сарын тавнаас өмнө би замын зуур баахан цаасан эдлэл, үнэрт дэвүүрийн зүйлсийг авчирч худалдана. Татвар, зардлаа гаргаад бас хэдэн давхар хүү үлдэнэ” гэж ярив. Шюэ Пань түүний яриаг эргэцүүлэн бодвол, би зодуулчихаад хүнтэй уулзаж чадахгүй байна. Хэдий тав арван сар, эндээс холдъё гэвч очих газар олдохгүй. Өдөр бүр өвчин яриад байж бас болохгүй. Би том болсон мөртөө ном бичигт дургүй. Цэрэгт явах дургүй. Арилжаа наймааны ажил эрхэлье гэвч данс, сампин барьж үзээгүй, газар нутгийн ёс заншил, гадаах замын хол ойрыг ч мэдэхгүй учраас Жан Дөхуй-г дагаж баахан явъя. Мөнгө зоос олж алдах ч яамай. Нэгд энэ ичгүүрээс зайлж, хоёрт, газар орон, уул усны сайхныг үзсэн дээр гэж шийдээд, найр тарсан хойно, найрсаг сайхан үгээр Зан Дэхүйд хэлээд, түүнийг жаахан хүлээ гэв. Ийн шийдсэнээ эхдээ хэлбэл, наанаа баяртай байвч цаанаа мөнгөө сүйтгэх нь яахав, хүний газар хэрэг төвөгт орохоос айж байгаа янзтай байв. Тэгээд: “Юу болсон ч чи надтай хамт байвал миний санаа нэг талдаа амар байх юм. Энэ наймааг хийхгүй байлаа гэхэд мөнгөөр дутахгүй шүү дээ” гэв. Шюэ Пань нэгэнт шийдсэн тул түүнийг үгийг тоохгүй нь мэдээж.

-Та намайг өдөр болгон, нийт олны ажлыг мэдэхгүй байна. Энийг ч ойлгохгүй, түүнийг ч чадахгүй байна гэж хэлдэг. Одоо би зориг шулуудаж тэр хэрэггүй зүйлийг орхиж, хүн болж хэрэг бүтээн наймаа хийж суръя гэхээр бас болохгүй гэнэ. Намайг тэгээд яаг гэж бодож байгаа юм бэ. Ядаж би охин биш болохоор гэрт хэдий болтол хорих гэсэн юм бэ. Энэ Жан Дөхуй бол хэрсүү томоотой хүн. Манай хоёр айл цөм сайд угсаатан. Би түүнтэй цуг явахад буруудах ямар учир байна вэ. Би хэдий нэг алхам буруу гишгэвч тэр эрхэтгүй надад хэлж хориглоно. Эд юмны ханшийг тэр мэднэ. Юм бүхнийг асууж зөвлөх хүнтэй, өдий амар дөхөм байтал та намайг явуулахгүй гэдэг чинь яаж байгаа юм бэ! Хоёр өдрөөс би эдэнд хэлэхгүй. Аминдаа бэлтгэж байгаад явна. Хойтон жил баяжаад ирэхээр л та нар намайг ямар хүн Жан Дөхуй байсныг мэднэ гээд нилээд ундууцсанаа унтахаар явав.

Шюэ Има, хүүгийнхээ яриаг сонсоод Бао Чайтай зөвлөлдөв. Цаадах нь инээгээд:

-Ах үнэхээр зөв юм хийе гэж байгаа бол зүйтэй. Гэхдээ энд гэртээ сайхан юм хэлэвч гадагш гараад хуучин гэм нь хөдлөх вэ гэж санаа зовж л байна. Тэгвэл хориглоход хэцүү болно. Хэдий тийм боловч зовох хэрэггүй. Тэр үнэхээр биеэ засаж чадвал нэг насны буянаа эдэлнэ. Эс засарвал, ээж та өөр арга олж чадахгүй. Тэгэхээр чадал нь хагасыг нь, төөрөг нь хагасыг нь мэдэх л хэрэг болж дээ. Ийм том болчихоод байхад нь учир явдлыг ойлгохгүй гээд гэрээс гаргахгүй, ажил явдалд оролцуулахгүй байлгаад байвал энэ жил хориод болихгүй бол хойтон бас л хориход хүрнэ шүү дээ. Одоо энэ зүг чигтэй юм ярьж байгаа дээр нь ээжий та, мянган лан мөнгө дэмий хаяж үрсэнээр бодоод, явах хийх гэсэн дээр нь явуулаад үз. Юу болсон ч, хамжиж дэмжих хүн байгаа юм чинь, түүнийг арай хуурч мэхлэхгүй биз. Харин хожим гадагш явъя гэвэл, дэргэд нь өдөөн хөгжүүлэх хүн байхгүй. Түрж эрдэх хүн байхгүй. Яахав ийхэв болно. Одоо ингээд явуулчихвал, хүний газар хэн нь хэнээсээ айна. Байвал идээд байхгүй бол өлсөөд, санаж сарвайх хүн ч үгүй болохоор гэртээ байдгаас дээр болж байж мэднэ гэв.

Шюэ Има хэсэг зуур бодлогошроод: “Чиний үг ч бас бодууштай, хэдэн зоос сүйтгээд, баахан ухаан оруулж авбал болж л байна” гэж зөвшин тогтсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Маргааш нь Шюэ Има, Жан Дөхуйг залж авчран бичгийн гэрт суулгаад, хүүгээрээ идээ будаа өгүүлж дайлаад, өөрөө мянга түмэн үгээр хүүгээ найдан захив. Зочин нь будаа идэж суухдаа түүнийг үгийг бардам хүлээн авав. Тэгээд явахдаа:

-Арван дөрөвний өдөр бол гадагш гарахад өлзийтэй сайн өдөр юм. Эрхэм ах та даруй түргэн бэлтгэн төхөөрч луус хөлсөлтүгэй. Өглөө эртлэн аяны замыг хөөнө гэсэнд Шюэ Пань ихэд баярлаж, түүний үгийг ээждээ дамжуулав. Тэгээд Шюэ Има, Бао Чай, Шян Лин нар хоёр мөөмөөгийн хамт өдөржин төхөөрч, Шюэ Паний хөхүүл эхийн өвгөн, урьд хэрэг мэдэгч зарц байсан хоёр хүн, бяцхан зарц нар нийт зургаан хүн гурван их тэрэг хөлсөлж, дэр дэвсгэр эдлэл хэрэглэлийг тээж, бас аяны луус дөрвийг хөлсөлжээ. Шюэ Пань өөрийнхөө тарган жороо бор луусыг унаж бас нэг унааны морь хослон хөтөлжээ. Шөнөжин Шюэ Има, Бао Чай хоёр аминчилж, асар их юм зөвлөж, захисныг энд дурьдахын аргагүй. Яг явахынхаа урьд өдөр Шюэ Пань нагацдаа очиж уулзаад дараа нь Жя овогтон олон хүнтэй уулзаж салах ёс хийсэнд, Жя Жэнь нар бас ширээ засаж, үг захиж, үдэж гаргасан билээ.

Арван дөрөвний өглөө эртлэн Шюэ Има, Бао Чай нар Шюэ Панийг ёслолын хаалгаар үдэн гаргаад дөрвөн нүдээр тас ширтсээр хоцров.

Шюэ Има, нийслэлд ирэхдээ, гэрийнхнээсээ дөрөв тавхан хүн, хоёр гурван мөөмөө, бяцхан инж нарыг дагуулан ирсэн ажээ. Одоо нэг бяцхан инж Шюэ Панийг дагаж явсан тул ганц хоёрхон бүстэй хүн үлджээ. Тийн учир Шюэ Има, дагаж ирсэн хоёр хүний эхнэрийг хань бараа болгож гэртээ хонуулжээ. Бас Шян Линг ч “Үдэш хаалгаа оньсолчихоод надтай цуг унт” гэж хэлжээ. Бао Чай: “Ээжид ийм олон хүн хань бараа болж байхад Лин эгчийг надад хань болговол сайн бишүү. Манай хүрээлэн бас хоосны дээр шөнө урт болохоор би шөнө үйл хийхэд нэг хүн цуг байх сайн юм бишүү” гэсэнд Шюэ Има:

-Нээрэн тийм шүү. Би санасангүй. Түүнийг чамд хань болгох нь зүйн хэрэг. Би уржигдар ахад чинь, Вэнь Шин бага тул нэгийг мэдэвч хоёрыг санахгүй. Ин Эр ганцаар мөн завдалцахгүй тул бас нэг шивэгчин чамд авч өгдөг юм билүү гэж хэлж байсан юмаа гэв. Тэгэхэд нь Бао Чай:

-Мөнгө нь яахав гэхэд, шинэ хүн худалдаж авахад ааш занг нь мэдэхгүйгээс гадна алиалаад байвал хэцүү юм билээ. Аажимдаа, сураглаж байгаад ан занг нь мэдсэний дараа нэгийг авбал болох л юм гэв.

Шян Лин, Бао Чайтай цуг хүрээлэнд очиж явахдаа: “Би даяаг явчихаар авхайд хань болъё” гэж тайтайд хэлье гэснээ, намайг тэнд очиж тоглож наадах гэж байна гэж бодох вэ гэж айгаад хэлж чадаагүй юм. Тэгтэл чи ашгүй хэлээд хаалга нээчихлээ гэсэнд Бао Чай инээж: 

-Чи энэ хүрээлэнг их бахаддаг. Нэг хоёр ирж очоод юу болох вэ. Харин энэ тохиолыг ашиглаад ядаж нэг жил суувал чи санаанд хүрэх төдийгүй, би ч нэг ханьтай байх юм гэсэнд цаадах нь баярлаад: “Авхай энэ завшаанд надад шүлэг бичихийг зааж өгөөрэй” гэсэнд Бао Чай инээж:

-Улам яарах хэрэггүй. Шүлгийн хувьд нилээн байзна гэж хэлье. Энэ удаад анх ирж байгаа болохоор урьдаар хүрээлэнгийн зүүн үүдээр гарч Лао тайтайгаас эхлэн бусад хүмүүсийн амрыг эрэгтүн. Тэдэнд мөн хүрээлэнд нүүж ирснээ зориуд хэлэх хэрэггүй. Шалтгаан учир асуух хүн гарвал, намайг хань болгож авчирсан юмаа л гэвэл болно. Хүрээлэнд буцаж ирснийхээ дараа охид авхай нарын гэрээр орох хэрэгтэй гэж зөвлөв.

Шян Лин, хэлсэн ёсоор нь явах гэж байтал Пин Эр яаруухан ирж явав. Угтан амрыг нь эрсэнд Пин Эр инээмсэглэн хариу мэндлэв. Бао Чай инээж: “Би өнөөдөр үүнийг хань болгож авчраад найнайд чинь мэдүүлье гэж байсан юм” гэсэнд Пин Эр: “Авхай та юу хэлж байгаа юм. Над хэлэх үг алга” гэв. Бао Чай: 

-Энэ чинь ёс журам. “Сүм эзэнтэй, сүх иштэй” гэдэг шүү. Их хэрэг биш гэлээ ч, хэлж өгвөл даруй хүрээлэнг орой үдэш манаж, цагдагчдад, хүн нэмэгдсэнийг мэдэх нь зүгээр биш үү. Чи харьвал хэлж өг. Би хүн явуулахаа болилоо гэсэнд Пин Эр: “За” гэж шууд хүлээн авав. Пин Эр, Шян Линийг хараад: 

-Чи нэгэнт энд удаан байх юм бол айлуудаар очиж уулзаж, танилц гэсэнд Бао Чай: 

-Бид хоёрын санаа нийллээ. Би дөнгөж сая ийн ярьж байсан юм гэв. Пин Эр: 

-Харин чи одоохондоо манайхаар орох хэрэггүй. Эр Е өвдөөд гэртээ байгаа гэв.

Шян Лин, тэдний хэлсэн ёсоор эхлээд л Жя Мүгийнд очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Пин Эр, Шян Лингийн явсныг хараад сэм Бао Чайг татаж: “Манай эндхийн нэг юмны тухай сонсов уу” гэсэнд цаадах нь: “Юм дуулаагүй. Энэ хоёр хоногт ахыг аянд мордуулах гэсээр эндэх явдлаас нэгийг ч дуулсангүй. Эгч дүүстэйгээ уулзсангүй” гэв. Пин Эр: 

-Лао е Эр Ег хөтөлж чадахгүй болтол нь занчсаныг авхай сонсоогүй гэж үү гэсэнд Бао Чай: 

-Өглөөгүүр нэг юм яригдах шиг болсныг нь би итгээгүй. Харин би найнайтай чинь уулзахаар явах гэж байтал санаандгүй чи хүрээд ирлээ. За тэгээд юу болоод түүний зодчихов гэж асуув. Пин Эр шүд зуун харааж:

-Цөм тэр Жя Юйцүнь гэгчээс болсон юм. Гэнэтхэн тэр өлсөж үхдэггүй золбин сүнс хажуунаас нь гарч иржээ. Танилцаад арван жил ч болоогүй байхад тэр хичнээн их уршиг тарьжээ. Энэ хавар Лао е ямар гэнэ вэ, нэг газарт хэдэн хуучин дэвүүр харсан юм байж. Гэртээ ирээд хадгалж байсан дэвүүрүүдээ санаад үзсэн чинь цөм гологджээ. Тэгээд тэр дүүжин чулуу хочтой нэг үхэл таарсан амьтантай эргэж уулзаад гуйсан чинь идэх будаагүй гуйлгачин байтлаа, гэртээ хадгалсан хорин хуучин дэвүүрээ гуйгаад байхад нь гаргаж өгсөнгүй гэнэ. Эр Е цөхрөөд танил талынхаа хүмүүсийг явуулж, түүнтэй уулзуулаад хичнээн гуйлгасны дараа л, сая нэг юм Эр Ег гэртээ аваачиж дэвүүрээсээ ганц хоёрыг үзүүлж гэнээ. Үнэхээр олдошгүй ховор эд байна гэнэ. Одончир, шар хулс, хүрэн хулс, хандгайн эвэр тэргүүтнээр хийснээр барахгүй цөм эртний хүмүүсийн гарын үсэг, зурагтай юм гэнэ. Гэртээ ирээд Лао ед хэлсэнд, хэдий л мөнгө хэрэгтэй бол төдийгээр худалдаад ав гэсэн байна. Тэгтэл тэр дүүжин чулуу “Би хөлдөж, өлбөрч үхэж байвч, нэг дэвүүрийг мянган лан мөнгөөр авъя гэсэн ч худалдахгүй” гэж байна гэнэ. Түүнээс болоод Лао е, Элеэг чадалгүй гэж өдөр болгон хараадаг боллоо. Нөгөөхөд таван зуун лан мөнгө өгье гэж амлаад, урьдаар мөнгөө өгөөд дараа нь дэвүүрээ авъя гэсэнд нөгөө хүн “Хэрхэвч худалдахгүй. Дэвүүрийг минь авъя гэж байгаа бол урьдаар миний амийг ав” гэж байна гэнэ. Авхай чи, бодоод үз дээ. Одоо ямар арга байна вэ? Тэрнийг ёсгүй амьтан Жя Юйцүнь олж сонсоод, даруй арга үүсгэж, түүнийг албаны мөнгийг дутагдуулав гэж гүжирдэн яаманд барьж аваачаад “Дутсан албаны мөнгийг хөрөнгөө худалдаад төлтүгэй” гээд дэвүүрийг хурааж аваад албанаас үнэ тогтоон хүргэж иржээ. Тэр дүүжин чулуу үхсэн амьд, хаана байгааг мэдэх хүн алга гэнэ. Лао е “Үүнийг хүн яагаад мэдчихэв” гэж Элеэгээс асуусанд, цаадах нь: “Энэ жаахан юмны уяраас хүн хөрөнгөө хураалгахад хүрснийг мөн ямар чадал гэнэ вэ” гэсэн хэдхэн үгийг хэлэхэд л, үг сөрлөө гэж уурладаг л юм болохгүй юү дээ. Энэ нь эхний нэг учир байсан юм. Дараа нь бас хэдэн бага сага юм давхарласан байж. Би тэр бүрийг мэдэхгүй. Тэр бүгдийг нэгтгэж байгаад л зодоонд хүргэжээ. Газар унагаад банз чийдэм хөдөлгөөгүй мөртөө юугаар занчсаныг мэдэхгүй. Харахад л лав хацар нь хоёр газар шалбарсан байна лээ. И тайтайд шарханд түрхдэг нэг эм байна гэж сонслоо. Авхай түүнээс олж өгч чадах уу гэж асуув.

Бао Чай яаран Ин Эрийг гэр рүүгээ явуулж хоёр үрэл авчруулаад Пин Эрд өгөв. Бао Чай: “Чи намайг мэнд мэдлээ гэж хэлээрэй. Би очихгүй” гэв. Шян Лин айлуудаар орж танилцаад, оройн хоолны дараа Шю Шян Гуаньд очив. Энэ хэр Дай Юйн бие овоо болоод, түүнийг хараад инээж, хүрээлэнд ирж суусанд нь талархав. Шян Лин ч: “Одоо би энд ирээд завтай боллоо. Надад шүлэг бичих аргыг зааж өгвөл даруй миний заяа болноо” гэсэнд Дай Юй: “Шүлэг бичиж сурая гэвэл намайг багш болгон шүтэж болно. Би хэдий сүрхий биш ч гэсэн чамд зааж чадна” гэв. Цаадах нь баярлан: 

-Тийм бол би чамайг багшаа гэж шүтлээ. Харин чи алжааж ядарлаа гэж битгий төвшөөгөөрэй гэж гуйв. Дай Юй:

-Сурч ядах юү байна. Эхлэлт, залгалт, эргэлт, наймалжийн дотор залгамж, эргэлт хоёрыг зэрэгцүүлэн холбоно. Аялгуу толгойг нь харилцан холбож, үгийн утгыг нь харилцан зэрэгцүүлнэ. Хэрэв үнэнхүү гайхамшигт үг олдвол толгой холболт болон утгын зэрэгцүүллийг ч мөн тэвчиж болно гэв. Шян Лин инээж: 

-Би нэг дэвтэр хуучин шүлэг олоод, чөлөөндөө хэдэн бадаг үзвэл, чармайн холбосон ч байна. Бас эх холбосон ч байна. Бас сонсоход, нэг, гурав, тавдугаар мөрийг үл хамааран хоёр, дөрөв, зургадугаар мөрт тодорхой холбоно гэсэн байна лээ. Эртний хүмүүсийн шүлгийг үзэхэд, ихэнхдээ баримталсан байна. Хоёр, дөрөв, зургадугаар мөрт мөн буруудсан ч байна. Энэ бүхэнд үргэлж гайхсаар ирсэн юм. Одоо чиний ярихыг сонсвол, тэр ёс нь мөн хамаагүй. Үг бадаг нь гайхамшгийг эрхэмлэх юм байна гэсэнд Дай Юй:

-Яг ийм ёс бий. Үг бадаг нь мөн татална. Юуны өмнө санааг илтгэхийг чухал болгоно. Ер нь санаа тодорхой сайхан бол үг бадгийг засахгүй ч сайхан л болно. Үүнийг “Үгээр санааг үл эвдэнэ” гэдэг юм гэв. Шян Лин: 

-Би ганцхан Лү Фанвэний1 “Давхар орхиулыг эс сөхвөл, анхилам үнэр удаан, хуучин зууруулыг баахан хотойлговоос бэгсийн нягтрал зузаан” гэдэг бадгийг их бахаддаг. Бичсэн нь, үнэхээр сонирхолтой гэв. Дай Юй: 

-Ийм шүлгийг үзэж огт болохгүй. Та нар шүлэг мэдэхгүй тул ийм ойрын гүехэн шүлгийг үзээд бахдаж байна. Ийм зуршилд баригдвал дахин сурч чадахгүй болно. Чи миний хэлэхийг сонсож бай. Чи үнэн санаанаасаа суръя гэвэл, миний энд “Ван Мо жигийн2 бүрэн зохиол” байна. Чи, түүний таван үгийн шүлэг, зуун ангийг хичээн үзэж, нэвтэртэл боловсроод дараа нь Лао Дүгийн зуун хорин анги, долоон үгийн шүлгийг үзэгтүн. Дараа нь, Ли Чин Ляний3 долоон үгийн тасархай бадгаас нэг хоёр зуун анги үзтүгэй. Энэ гурван хүний шүлгээр суурь тавиад дахиж Тао Юаньмин, Ин, Лю, Ше, Руань, Юй, Бао4 нарын шүлгийг нэгэнт үзвээс чиний мэтийн их цэцэн авьяастай хүн нэг жил болохгүйгээр шүлгийн өтгөс болж чадахгүй гэж зовох хэрэггүй гэсэнд Шян Лин инээмсэглэж: 

-Тийм бол буянт авхай минь, тэр номуудаа надад өгнө үү. Би аваачаад шөнийн нам гүмд сайн уншиж үзье гэв. Дай Юй даруй Зы Жюаниар Ван Ёучөнгийн таван үгийн шүлгийг авчруулаад Шян Линд өгөөд: “Чи ганцхан улаан тэмдэг тавьсныг л үзээрэй. Цөм миний сонгосон мөр. Нэг нэгээр нь олж уншаад санааг нь сайн ойлгохгүй бол авхайгаасаа асуусан ч болно. Би чамд тайлж өгсөн ч болно” гэв.
Шян Лин, хүрээлэндээ очоод бусдыг огт хайхрахгүй гагцхүү дэнгийн дор сууж мөнөөх шүлгийн номыг уншина. Бао Чай: “унт” гэж хэдэнтээ шаардавч уншсаар л сууна. Түүнийг ингэж хүчлэн чармайж байхад Бао Чай аяыг нь дагуулаад орхино. Тийн сууж хэдэн орой мөнөөх номыг уншиж дуусаад Дай Юйд аваачиж өгөөд, Дү Лүгийн шүлгийн номыг авъя гэсэнд Дай Юй инээж: 

-Бүгд хичнээн шүлэг цээжлэв? гэсэнд цаадах нь: 

-Улаан тэмдэг тавьж сонгосон бүхнийг уншлаа… гэсэнд: 

-Санааг нь ойлгов уу гэв. Шян Лин: 

-Өөрийн хэрээр л ойлголоо. Зөв бурууг бүү мэд. Чамд хэлж сонсгох уу гэсэнд Дай Юй: 

-Тайлж ярилцвал ойлголт дээшилнэ. Чи надад ярьж өг л дөө гэсэнд Шян Лин: 

-Миний ойлгосноор, шүлгийн сайн нь, хүн хэлээгүй санааг бодвол яг үнэн, бас ёсонд үл нийлэх мэтийг бодвол харин ёс санаа гүнд байна гэв. Дай Юй инээж: 

-Энэ үгэнд баахан учир байна. Гэвч чиний хаанаас олж үзсэнийг мэдэхгүй юм гэв. Цаадах нь: 

-Би түүний “Цайзад” гэдэг шүлгийг үзвэл, доторх нэг холбоонд 

“Өргөн цөлийн өнчин утаа эгц дээшээ,

Өнгөт мөрөнд жаргах наран дүгрэг гэж байгаа. Бодвол утаа яахин эгц дээш болно вэ. Нар бол хэлэлтгүй дүгрэг байна. Тийнхүү “Эгц дээшээ” хэмээх үг, ёсонд үл нийлэх мэт бөгөөд харин дүгрэг гэдэг даанч эгэл болжээ. Номоо хамхиад бодвол харин энэ үзэмж нүдэнд үзэгдэх мэт. Өөр хоёр үгээр сольё гэвэл үг олдохгүй байж мэднэ. Бас наран жаргахад мөрөн далай цагаан, түлхээн ирэхэд, тэнгэр газар хар” гэж бий. Энэ цагаан ба хар гэдэг хоёр үг ёсонд мөн үл нийцэх мэт боловч энэ хоёр үг сая гүйцэд илтгэн чадах бөгөөд аманд уншихад үнэхээр мянган жингийн хүнд араа мэт. Бас цааш нь, 

Нэвтрэх оломд наран алгуур жаргаад

Навтархай балгасанд өнчин утаа босно гэсэн мөрүүд бий. Энэ алгуур болон босно гэх үг харилцан нийлэхийг тэр яаж бодож олсон бол. Тэр жил бид нийслэлд ирж явахдаа, нэг орой онгоцоо аргамжсанд, усны хөвөөнд нэг ч хүн байхгүй, хэдэн мод харагдсан. Тэртээ алсад айлуудын оройн хоолны утаа хөх тэнгэрийн үүлтэй нийлчихсэн байлаа. Урьд шөнө энэ хоёр мөрийг уншаад, тэр газар дахиад очсон юм шиг санагдлаа гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал Бао Юй, Тань Чүнь нар ирж суугаад тэдний шүлэг тайлахыг сонсов. Бао Юй инээж:

-Ийм бөгөөс шүлэг үзсэний хэрэггүй. “Санааг ухахад зам холгүй” гэдэг. Чиний энэ хоёр мөрийг тайлсныг сонсвол нэгэнт “Самадийн” бясалгал төгссөнийг мэдэж болно гэв. Дай Юй инээж:

-Чи түүний “Өнчин утаа босно” гэхийг сайн гэнэ. Энэ бадаг ч мөн эртний шүлгээс улиран ирснийг чи мэдэхгүй байна. Би чамд нэг бадгийг үзүүлье. Үүнээс нэн тод бөгөөд эрт бүтжээ гэсээр, Дао Юаньмингийн

“Сүүтэгнэн сүүмэлзэх хол газрын тусах,

Суналзан уртсах хуучин балгасны утаа” хэмээх бадгийг эргүүлэн Шян Линд өгөв. Тэрбээр үзээд гайхан, толгой сэгсрээд инээн: “Энэ босно” хэмээх үг суналзан уртсах хэмээх хоёр үгнээс улиран иржээ” гэв.

Бао Юй хөхөрч “Чи нэгэнт бясалгал төгсчээ. Дахин тайлах хэрэггүй. Дахин тайлах гэвэл холдоход хүрнэ. Чи даруй эхлэн бичвэл лав сайн болно” гэсэнд Тань Чүнь: “Маргааш би урилга бичиж, чамайг чуулгандаа залж оруулнаа” гэв. Шян Лин: “Авхай намайг битгий тохуурх. Би шүлгийг сонирхож, бахаддаг учраас түүнээс сурах гэж оролддог төдий юм шүү” гэв. Тань Чүнь, Дай Юй хоёр:

-Хэн ч тоглож тохуураагүй. Биднийг ёсоор нь зохиодог гэж хэлэх аргагүй. Жинхэнэ шүлэг бичдэг гэх юм бол хүмүүс шүдээ сугартал хөхрөлдөх биз ээ гэв. Бао Юй: “Энэ бол өөрийгөө голсон л үг. Уржигдар би гадуур гарч Шян Гун нартай зургийн асуудлаар зөвлөлдөхөд, тэд манайд шүлэгчдийн цуглаан байгуулсныг сонсоод, эхний бичлэгийг үзүүлээч гэж надаас гуйж байна лээ. Би даруй хэдэн анги бичиж тэдэнд үзүүлсэнд, бүгдээр үнэнээсээ биширч, сийрүүлэн аваад хэвлэнэ гэж авсан гэсэнд, Тань Чүнь, Дай Юй хоёр “Нээрэн үү” гэж асуув. Бао Юй инээж: “Худал хэлдэг нь тэр торонд байгаа тоть шүү” гэв. Цаад хоёр нь “Чи нээрэн дэмий юм хийжээ. Шүлэг болсон, болоогүй энд яриад яахав. Хэдий шүлэг болсон ч гэсэн, бидний бичсэнийг гадагш гаргаж болохгүй” гэсэнд Бао Юй:

-Юунд нь айсан юм бэ. Эртнээс нааш дотоод ордны бичсэнийг гадагш гаргадаггүй байсан бол одоо мэдэх хүнгүй л байгаа шүү дээ гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Ши Чүнь, Ру Хуаг илгээж, Бао Юйг залуулсанд цаадах нь гарч одов. Шян Лин, түрүүнд хүссэнээрээ Лао Дүгийн шүлгийн түүврийг аваад явахдаа, Дай Юй, Тань Чүнь хоёрт “Нэг сэдэв гаргаж өгөөрэй. Би эрээчиж үзнэ. Дараа нь засаж өгөөрэй” гэж хүсэв. Дай Юй, “Урьд шөнийн саран маш сайхан. Би нэг оролдох гэсэн боловч бичиж амжаагүй. Харин чи тэр тухай бичээрэй. Д толгойгоор эхлэн холбоод, ямар үг сонгохоо өөрөө мэд” гэв. Шян Лин баярлаж хариад, чармайн бодож, хоёр мөр шүлэг зохиогоод, Дү Лүгийн шүлгийг уншиж, хоол ундаа ч идэж, уухгүй гиюүрэн, хэвтэж, суух нь тогтворгүй болов. Бао Чай,

-Юу гэж өөртөө зовлон эрээд байгаа юм бэ. Энэ бол цөм Пин Эрийн өдөөснөөс болж байгаа хэрэг. Би түүнд хэлнээ. Чи угаас ядмаг дорой төрсөн хүн. Ийм юм оролдвол улам л мангуу болно шүү гэсэнд цаадах нь:

-Эй хайрт авхай минь, намайг битгий самууруул гэж хэлээд, өөрийн бичсэнийг Бао Чайд үзүүлбэл:

-Энэ бүтэхгүй ээ. Ингэж зохиодоггүй юм. Чи ичилгүй цаадахдаа авчиж үзүүлээд юү гэхийг нь сонс гэв.

Дараа нь Шян Лин бичсэн шүлгээ Дай Юйд үзүүлэв. Тэрбээр ингэж бичсэн ажээ.

Алман саран, огторгуйд мандахад шөнийн өнгө жихүүн

Ариун гэрэл цайран туналзаж, хэсэг хэсэг сүүдэрлэнэ

Амтархан бичигчдийн урмас хөгжин уянгын санаа нээгдэхэд

Ардаг зочдын уярал нэмэгдэж ажиглан эс төвдөнө

Асар дээр цэлгэр бадмаарагийн хаш толийг дүүжилж

Цэгээн сувдын орхиулын гадна мөсөн таваг өлгөв

Цэлмэг саранд мөнгөн лавыг асаах хэрэг юун?

Цэвэр өнгө нь туяаран гийгэж, зурагт хашлагад тусчээ

Энэ шүлгийг Дай Юй үзээд: “Санаа нь байвч, үг нь уран болсонгүй. Чиний уншсан шүлэг цөөн болохоор түүнд баахан баригджээ. Энэ шүлгийг орхиод, дахиад нэгийг зохио. Санаж, олсон бүхнээ зоригтой бичтүгэй” гэв. Шян Лин дув дуугүй сууж байснаа, тэндээс гараад гэртээ ч оролгүй нуурын хөвөөнд очиж, моддын дор чулуу сандайлан хэсэг зуур бодлогоширсноо босож газар дээр очиж суугаад, гараараа юм эрээчиж байхыг харсан хүн гайхжээ. Ли Шэнь, Бао Чай, Тань Чүнь, Бао Юй нар тэгж байна гэж дуулаад тэд уулын хажуугаас харж инээлдэж байв. Түүнийг ажиглавал үе үе инээж, бас хөмсгөө зангидан бодлогоширч, төдөлгүй ам нь хөдөлж байх ажээ. Бао Чай: “Энэ ер нь солиорч байгаа байх шүү. Урьд шөнө шивэр авир гээд л, амандаа юм дүдэгнээд л. Таван жин болгоод сая унтсанаа, хоол идэхийн хэр бололгүй тэнгэр гэгээрмэгц боссоноо, санд мэнд гэзгээ самнаад гараад явчихлаа. Сүүлд нь мэдвэл Пин Эрийг эрж очсон юмсанж. Буцаж ирээд, өдөржин гөлрөн сууснаа, шүлэг бичээд эхэлсэн ч тэр нь юм болсонгүй. Одоо лав өөр юм зохиож байгаа биз” гэсэнд Бао Юй инээж:

-Энэ бол “Билигт оронд, эрдэмтэн хүн тохионо” гэгч болой. Дээд тэнгэр хүнийг төрүүлэхдээ, ой ухааныг мөн ивгээнэ. Ийм хүн талаар орхигдсонд, бид өдөр бүр санаа алдаж байсан билээ. Энэ мэтээр хичээн шамдана гэж ер санасангүй. Эцэг тэнгэр, эх дэлхий алаггүй ивгээнэ гэгчийг мэдэж болно гэв. Бао Чай түүний ярихыг сонсоод инээж:

-Чи түүнтэй адил хичээн чармайвал мөн л сайн болно доо. Юу эсийг сурч чадах вэ гэсэнд цаадах нь дуугарсангүй.

Тэднийг ийн ярилцаж суутал Шян Лин их л баяртай байгаа янзтай Дай Юйн гэр рүү очив. Тань Чүнь инээн: “Цөмөөрөө очоод бичсэнийг нь үзэх үү” гэсэнд цөм зөвшөөрч, Шяо Шянгуань хүрээлэнд очихоор явав. Тэднийг очиход Дай Юй түүний шүлгийн тухай ярьж байлаа. Тэд: “За ямар болж вэ” гэж Дай Юйгээс асуув.

-Энэ маш чармайж байна. Сайн болж өгөхгүй л байна. Дахиад л бичмээр байна гээд түүний зохиосоныг үзүүлэв.

Усанд адил, мөнгөнд адил цонхноо тусахуйяа жихүүн

Уудам огторгуйн тунгалаг цээлд хаш тавгийг өлгөжээ.

Улбар цэцгийн анхилмал үнэр сая эхлэн ханхалж

Удын бүслүүрийн салбарах навчист шүүдэр анх эгшив

Үнэрт оотар мөр алдан индэрт бутарч

Өнгөт хяруу гялс цэлс, хашийн хашлагад наалджээ

Өрнө асарт зүүднээс сэрэхүйеэ хүний мөр арилж

Үлдсэн дүр нь орхиулын цаана бас ч хэвээр үзэгдэнэ

Шүлгийг хараад Бао Чай инээн: “Сарыг шүлэглээгүй юм шиг л болж дээ. Сар гэх үгийн доор өнгө хэмээх үгийг нэмбэл болох юм. Мөр бүрд харин сарны өнгийг хэлсэн мэт болой. Яахав, шүлэг гэгч бол дураар өгүүлэхээс үүснэ шүү дээ. Оролдоод бай, сайн бололгүй яахав” гэв. Шян Лин: “Би энэ шүлгээ сайхан боллоо гэж бодож байсан. Ийм үг сонсоод баярлахгүй боловч хаях дургүй байна. Гэвч сайн бодъё” гэв. Тэдний ярьж хөхрөлдөхийг сонсож байснаа, индрийн доорх хулсны тэнд очиж, чихээр сонсохгүй, нүдээр харахгүйг хичээн бодолхийлэн суув. Тэгтэл Тань Чүнь цонхны цаанаас: “Лин охин, чи жаахан амсхий” гэсэнд цаадах нь мэлрэн гайхсан хэвээр хараад: “Наад амсхийх гэдэг үг чинь, “а” толгойтой холболт нь таарахгүй” гэв. Энэ үгийг сонсоод цөм хөхрөлдөв. Бао Чай:

-Энүүнд үнэхээр шүлгийн чөтгөр оршжээ. Пин Эрл үүнийг ийм болгож байгаа юм гэсэнд Дай Юй:

-Богд хүн, хүнийг сургахад үл халширна гэсэн үг байдаг. Тэр ирж асуувал, би хэлэхгүй ёс хаа байх вэ гэхэд нь Ли Шэнь:

-Түүнийг дөтгөөр авхайн тэнд аваачиж зураг үзүүлэн урмыг нь сэргээе гэж санал гаргасанд цаадуул нь зөвшөөрч, Шян Линг хөтлөн, Ши Чүний тэнд хүрч очицгоов. Тэрбээр арван том зураг зурахаас гурвыг нь зурсан байв. Нэгэн зураг дээр хэдэн гоо охин байхыг хараад цаадуул нь: “Шүлэг бичдэг улсаа цөмийг эд нар шиг зурна шүү дээ. Чи маань хурдан сур” гэж Шян Линд хэлэв. Шян Лин, тэдний юу ярьж байгааг ч төдий л анзаарсан янзгүй шүлэг л бодож байв. Тэрбээр шөнийн гурван жин болоход дэнгээ гөлрөөд л бичсээр байх агаад таван жин болсон хойно л дугжирна. Тэнгэр гэгээрэхийн үед Бао Чай сэрээд: “Энэ маань шөнөжин л оролдож дээ. Бичиж дууссан юм болов уу даа. Их ядарсан шиг байна, дуудаад ч яахав” гэж бодож байтал цаадах нь унтаагаар хөхөрч: “Бодоод олчихлоо. Үүнийг бас муухай гэх үү та нар” гэж бувтнаж байлаа. Бао Чай инээснээ зовонгуйрч санаа алдсанаа дуудан сэрээв. Тэгээд:

-За юу бодож олов доо. Чиний үнэнч санаа үнэхээр сахиулсныг ч баясгаж байгаа байх аа. Харин чи минь, шүлэг бичиж суралгүй өвчин олчихов доо гэж цаадахдаа анхааруулав. Дараа нь, үс гэзгээ самнаж, угааж арчаад, эгч дүүсийн хамт Жя Мүгийнд очив.

Шян Лин, шүлэг бичиж сурахаар зориг шулуудан үнэн санааны хүчийг шавхаж байв. Өдөр оролдоод байтлаа, гэнэт зүүдээр найман мөр олжээ. Түүнийгээ бичиж тэмдэглэж аваад Чинь Фантинд хүрч очвол, Ли Шэнь болон олон эгч дүүс Ван Фүрэнийд байхтай таарав. Бао Чай, түүнийг зүүдлэн, шүлэг тэрлүүлж байсныг цаадуулдаа ярьж, инээж байхад нь Шян Лин хүрч очсонд тэд бичсэн шүлгийг нь булаалдан авч уншицгаав. Шүлэг нь ямар болсныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй.


Тайлбар:

  1. Лү Фанвэн-Сүн улсын үеийн эх оронч шүлэгч Ло Ү-гийн цол болно.

  2. Ван Мо жи-Тан улсын үеийн алдарт шүлэгч Ван Вэйг хэлжээ.

  3. Ли Чинлянь-Тан улсын үеийн алдарт шүлэгч Ли Байг хэлжээ.

  4. Тао Юаньмин, Ин, Лю, Ше, Руань, Юй, Бао -энэ бол Тао Юань мин, Ин Ши, Лю Жэнь, Ше Лин юнь, Руань Жи, Гэн Шинь, Бао Жөу нарыг хэлжээ.

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж