МАХН-ын Их чуулганд МАН болон АН-ын дарга нар илгээлт ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.09-нд нийтлэгдсэн

МАХН-ын Их чуулганд МАН болон АН-ын дарга нар илгээлт ирүүлжээ

МАХН-ын Их чуулганд МАН болон АН-ын дарга нар илгээлт ирүүлжээ

МАХН-ын II Их чуулганд амжилт хүсч  улс төрийн намууд илгээлт ирүүлсээр байна. АН-ын дарга С.Эрдэнийн илгээлтийг тус намын Намын байгуулалтын газрын дарга Уртнасан гардуулав. Илгээлтэд “Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөө зорилго бүхий Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс МАХН-ын II Их чуулганы төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхэн өнөөгийн УИХ, Засгийн газрын хэт олонхийн хяналтгүй засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг нийт иргэдэд хүргэх талаар бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлье.

Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш хариуцлагатай ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая” хэмээжээ.

МАН-аас ирүүлсэн илгээлтийг МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б. Баярбаатар сонордуулж, илгээлтийг гардуулж өглөө.

“МАХН-ын ээлжит II Их чуулганд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн мэндчилгээг толилуулж байна. Саяхан хуралдсан МАН-ын 28-дугаар Их хурлаар МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэсэн чин сэтгэлийн захидал ирүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Монгол орны 21 аймаг 330 сум нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын гишүүдийн төлөөлөл болон тус чуулганд оролцож байгаа төлөөлөгч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт улс төрийн намуудын эрхэм зорилго нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч улс орны эрх ашгийн төлөө зөв шийдэл, оновчтой гарцыг хамтдаа эрэлхийлэн хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж бид үзнэ. МАХН-ын ээлжит II Их чуулганаас гарах шийдвэрүүд нь Монголын ард түмний сайн сайхны төлөө байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Төрийн нуруу түвшин түмэн олон минь амгалан байх болтугай. МАХН-ын Их чуулганд амжилт хүсье. XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж