“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын нээлт хэдхэн цагийн дараа олимпийн цэнгэлдэхэд болох гэж байна.
Өнөөдрөөс эхлэн 17 хоногийн турш 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.
Тэртээ 1988 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан БНСУ-ын ард түмэн 30 жилийн дараа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн боллоо.
Улаанбааатарын цагаар 19.00 цагт эхлэх олимпийн наадмын нээлт хоёр цаг орчим үргэлжлэх аж. Наадмыг БНСУ-ын үндэсний гурван телевиз шууд дамжуулахаар болжээ.
Мөн энэ удаагийн наадмын нээлтэнд дэлхийн олон орны төрийн өндөр албан тушаалтнууд уригдан оролцох юм. Мөн Хойд Солонгосын төлөөлөгчид ч наадмын нээлтэнд жагсана.
Пёнчан хот өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсан Азийн гурав дахь хот болж байна. Өмнө нь 1972 онд Японы Саппоро, 1998 онд Нагано хотод “цагаан” олимп болсон түүхтэй.
БНСУ-ын томоохон хотуудын нэг болох Пёнчанд 43 мянган иргэн амьдардаг бөгөөд нийслэл Сөүл хотоос 180 км-т оршиж байна.
Олимпийн нээлт, хаалтын ёслол болох цэнгэлдэх хүрээлэн 35,000 хүний суудалтай бөгөөд олимпийн наадмын дараа музейн зориулалттай ашиглахаар зохион бүтээжээ.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн бамбар 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Грекээс гарсан бөгөөд Инчоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очсоноор аялалаа эхэлсэн.
Олимпийн бамбар БНСУ-ын хотуудаар 101 хоногийн турш аялахдаа 7500 хүн бамбарыг буухиалж, 2018 км замыг туулжээ.
Олимпийн бамбар хэрхэн Пёнчанд хүрсэн фото зураглалыг хүргэе.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн бамбар 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Грекээс БНСУ руу хүргэх ёслолын арга хэмжээ. 2017.10.24
Олимпийн бамбар 2017.11.01 Инчоны олон улсын нисэх буудлаас Чэжүд хүрэв. Эндээс эхлэн БНСУ-ын хотуудаар аялаж, 2018 км замыг 101 хоногт туулан Пёнчанд ирлээ.